УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Өнгөрөгч чуулганаар тоо, тогтолцоотой холбоотой түүхэн шийдвэрийг баталлаа. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд Монгол Улс 126 гишүүнтэй байснаар иргэдийг төлөөллийг бүрэн хангаж чадах уу. Ямар үндэслэлээр 126 дээр тогтов оо?
-Аливаа том шийдвэр олон байр суурь, хүсэл эрмэлзлийн огтлолцолд гардаг. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт амар байгаагүй. Хоёрдугаарт, энэ бол цоо шинэ бодоод гаргаад ирсэн зүйл биш. Сүүлийн 16, 17 жил яригдаж, удаа дараа ажлын хэсгүүд УИХ-д гарч энэ сэдвийг хөндөж, хэлэлцэж санал боловсруулж, хамгийн сүүлийн мөчид санал хүрэхгүй явсаар байгаад өнөөдрийг хүртэл хойшилсон. 2019 оны ҮХНӨ-өөс үлдсэн гол заалтуудын нэг нь гишүүдийн тоо, тогтолцоотой холбоотой асуудал байсан. Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан. Урьд нь өмнө гарч байсан хоёр шийдвэрээ хоёуланг нь зэрэг цуцлаад Их суудлын хурлаараа тогтолцооны асуудлыг Үндсэн хуультай, хуульгүй шийдэх боломжийг гаргаж өгсөн байсан. Өнөөдөр улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдрал амаргүй үед энэ хуулийг гаргаж байгаа нь миний түрүүний хэлснээр зөвхөн нэг хэсэг улстөрчдийн хүсэлтээр юм уу эсвэл олон нийтийн санал бодол байр суурийг баримтлах биш, тал талын сонирхлууд байр суурийн огтлолцолд гарсан хууль гэж юуны өмнө хэлэх байна. Тооны хувьд 152 гэх тоо нь зүгээр санамсаргүй гарч ирсэн тоо биш. Миний харж байгаагаар Засгийн газраас оруулж ирсэн 152 бол зүгээр 76-г хоёрт үржүүлээд тавьчихсан тоо биш. Шинжлэх ухаанчаар сонирхож, үндэслэл байна уу гэж асууж байгаа бол “тийм байсан” гэж хэлэхээр байгаа юм. Олон улсад мөрдөгдөж ирсэн газар нутаг, хүн ам, улс төрийн нөхцөл байдал, геополитикийн байршил зэрэг бүх юмаар нь тооцоолж гаргадаг куб язгуурын аргыг баримталж олон судлаачдын судалгаагаар гаргаж ирсэн үндэслэлтэй тоо гэж хувьдаа боддог. Ер нь улс төрийн намуудтай зөвшилцөж зөвхөн өөрсдийн төлөө биш дараа, дараагийн он жилүүдийн улс төр нийгмийн амьдралын зөв суурийг тавих улс төрийн манлайллаа үзүүлэх хүрээнд ярилцаж санал солилцож, зөрөлдөж олон юмыг ярьсаар байгаад 126 гэдэг тоо гарч ирсэн.
126 бол улс төрийн зөвшилцлийн үндсэн дээр тал талын байр суурийг агуулсан байдлаар тогтсон тоо гэж ойлгож болно.
-Гишүүдийн эрх мэдэл буурах тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу. Тоог нэмснээр парламент илүү чадавхжиж хуулийн чанар сайжирна гэдгийг судлаачид хэлдэг?
-Олон дахиж ярьсан даа. Өнөөдөр УИХ-ын байнгын хороод 10-19 гишүүнтэй байна. Нэг гишүүн хоёроос гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Гэтэл 21 дүгээр зуун гарчхаад байхад аливаа юмыг зүгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр эсвэл хувийнхаа байр сууринаас хандаж боддог, ярьдаг үе өнгөрчихсөн, хиймэл оюун ухааны үе рүү явж байна шүү дээ. Зөвхөн энэ талаас нь харж үзэхэд УИХ-ын гишүүд гурван байнгын хороо бүх байнгын хорооны асуудлыг нэвт шувт мэдээд, бүгдэд нь оролцох боломж хомс. Би 20 гаруй жил парламентад ажиллаж байна. Эхнээсээ хоёр байнгын хороонд ажиллаж ирсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо. Хоёулаа ажил үүрэг нь уялдаа холбоотой. Анхнаасаа сонгохдоо ингэж бодож хоёр байнгын хороог сонгож ажилласан. Эрх биш олон жил ажиллахаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүхий л шийдвэрийг заримыг нь санаачилж, ажлын хэсэг ахалж, ажлын хэсэгт орж явлаа. Ингээд үзэхэд өнөөдөр гурван байнгын хороонд харьяалагддаг ч илүү их үзсэн харсан ажлын туршлага талаасаа бодоод үзвэл хоёр байнгын хороонд илүү анхаарал тавьж, илүү харж судалж ордог. Жишээ нь арван хүнтэй байнгын хороо байна. Ирц бүрдлээ зургаан хүн ирж, дөрвөн хүн асуудал шийдэж байна. Байнгын хорооны түвшинд шийдэгдсэн асуудал бол ерөнхийдөө мэргэжлийн байнгын хорооноос гарсан санал гэдэг утгаараа дийлэнх тохиолдолд байнгын хорооны саналаар шийдэгддэг. Анх суурийг нь тавьж байгаа байнгын хороод нь ийм байдалтай байвал мэргэшил, хуулийн хэлэлцэж буй чанар талаасаа учир дутагдалтай. Энэ талаас нь авч үзвэл гишүүдийн тоо олон байх нь хуулийн чанарт нөлөөлнө. Би олон улсын парламентын холбоонд гурав, дөрвөн жил гүйцэтгэх зөвлөлд нь гишүүнээр, дараа нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсныг мэдэх байх. Энэ дээр олон орны парламентад хийсэн дүгнэлт судалгаа байдаг. Тэр дотор жишээ нь нэг гишүүний эрх мэдлийн хувь хэмжээний тухайд шийдвэр гаргахад яаж нөлөөлдөг талаар судалгаа байдаг. Энэ дээр гишүүнд ногдож буй эрх мэдэл нэг хувиас дээш гарчихаар тэр нь өөрөө төлөөлөгч гэхээсээ илүү дарга гэдэгт ойртдог. Тэр нөлөөлөө буруу ашиглахаар нийгэмд бухимдал үүсгээд байгаа буруу алхам хийдэг хууль зөрчдөг асуудал гараад байна шүү дээ. Нэг хувиас доошоо байвал эрс багасдаг судалгаа байдаг.
Хүн амын тоогоо ярихаа больё. Ерөөсөө бусад улс орны туршлагыг харахад нэг гишүүнд ногдож байгаа эрх мэдлийн хэмжээ багасна гэдэг бол сайн эерэг үр дүнтэй нь харагдсан байдаг гэхчлэн маш олон юмыг ярьж болно.
-Энэ удаагийн өөрчлөлтөөр 78/48-ийг оруулж ирлээ. Ингэснээр сонсогчдын санал гээгдэхгүй байж чадах уу?
-Нийгэмд байдаг том бухимдал бол санал гээгдэг тухай асуудал байдаг. Үүнийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Гурван мандаттай тойрог дээр гурван хүн гарлаа гэхэд сүүлийн сонгуулиудаар 50-иас дээш хувийн санал аваад сонгогдсон хүн ховор байгаа. Та нар судалгааг нь үзээрэй. Өөрөөр хэлбэл, цаана үлдэж байгаа санал УИХ-д тусгалаа олохгүй байна гэсэн үг. Энэ нь төлөөлөх чадварт нь нөлөөлнө. Хамгийн бодууштай нь сонгогчдын дийлэнх нь “миний санал УИХ-д тусгалаа олсонгүй” гэж бодоод байвал энэ өөрөө бухимдал тогтворгүй байдал, төр иргэдийн хооронд итгэл байхгүй болох, эргээд улс орон оршин тогтнох суурь байхгүй болох гэх мэт байдалд хүргэдэг. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт олон зүйлийг тал талаас нь бодолцож гаргасан. УИХ-ын гишүүд ч аль нэг нам гэхгүйгээр бүгдээрээ ирээдүйгээ харж, 30 жилийн хугацаанд болохгүй зүйл юу байна вэ?. Үүнийгээ яаж засах уу гэдэг дээр дийлэнх нь санал нэгдэж гаргасан шийдвэр боллоо. Ер нь иргэдийн дунд уулзалт хийж байхад тооны асуудалд байр суурь янз бүр байсан. 76 юу нь болохгүй байна вэ, гол асуудал нь хүндээ байгаа шүү дээ гэхчлэн санал хэлж байлаа. Үүнийг бид тооцсон. Гэхдээ нэг талаас улс төрийн манлайллын асуудал. Ирсэн саналуудыг нэгтгээд ийм болж байгаа юм байна гээд шийдвэр гаргавал учир дутагдалтай.
Олон талын судалгааг харж эрх нэг талаас сонгогчдын байр суурь, нөгөө талаас улс төрийн хүчний манлайлал, ирээдүй рүү гээ харсан хандлага нийлж байж 126 гишүүнтэй байхаар баталлаа.
-Гишүүдийн тоог нэмчихлээ. Гэхдээ олон намын төлөөлөл, нийгмийн бүлгийн төлөөлөл бодитоор орж ирж чадах уу?
-2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулсан. Тэгтэл Монголын парламентад хамгийн олон намын төлөөлөл орж ирж байсан түүхтэй. Босгын асуудал байгаа. Босгыг хэдэн хувиар тогтоохыг Сонгуулийн тухай хуулиар ярьж байгаад шийднэ.
Ямар ч байсан одоогийнхоос олон нам орж ирнэ гэдэг нь баталгаатай. Дээд тал нь хэд орж ирэхийг мэдэхгүй.
Босго тавиад үзэхээр тодорхой хэмжээгээр шүүгдэнэ. Гэхдээ улс төрийн намууд өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Намууд хэдэн хүнийг төлөөлж байгаа билээ, бүтэц зохион байгуулалттай байдаг билээ, хэдэн гишүүнтэй байдаг билээ гэдгийг миний хувийн байр сууринаас харвал учиргүй олон нам орж ирээд төрийн эрх барих дээд байгууллагад шийдвэр гаргаж чадахгүй болтол хэмжээнд олон санал зөрөлдсөн намууд орж ирэхгүй болов уу гэж бодож байна. Өнөөдөр Монголд дороо хамгийн том суурьтай нь АН, МАН байна. Ямар ч тохиолдолд 1990-д оноос хойш гучаад жилийн хугацаанд бүрэлдсэн улс төрийн намуудын суурийн тухай авч үзэхээр дээрх хоёр намын хэмжээний том суурь бий болгочихсон улс төрийн хүчин харагдахгүй байна. Энэ талаас нь бодоод үзэхэд, манай ард түмэн ч гэсэн сонгуулиа өгөөд сурч байна. Мэдээлэл их авдаг болж байна. Мэдээлэлтэйгээр сонголт хийх боломж нь энэ нөхцөлд бүрдэж байгаа учраас тийм олон нам орж ирээд УИХ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хүртэл хэмжээнд бүрэлдэхүүнтэй болчихгүй байх гэж бодож байна. Цаг хугацаа л бүгдийг харуулна даа.
Холбоотой мэдээ