МАН тэтгэврийг шударга тогтоож чадахгүй бол ялагдана!

Хуучирсан мэдээ: 2023.06.02-нд нийтлэгдсэн

МАН тэтгэврийг шударга тогтоож чадахгүй бол ялагдана!

МАН тэтгэврийг шударга тогтоож чадахгүй бол ялагдана!

МАН сонгууль дөхөхөөр цалин, тэтгэвэр нэмж, цонхны цаанаас чихэр долоолгодог жишгээрээ шоудахаар болов.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнгөрсөн Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдааны дараа “Ирэх долдугаар сарын 1-ээс ахмадуудын олон жилийн гомдол тэтгэврийн зөрүүг арилгаж, 10 хувиар нэмэгдүүлнэ. Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд итгэлцүүр ашиглана. Итгэлцүүрийг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөөгүй. Олон жил ажиллаж, НДШ төлсөн бол өндөр тэтгэвэр авах нь шударга ёсонд нийцнэ” гэж мэдэгдсэн бол Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдааны дараа “Тэтгэврийн зөрүүг ойртуулна” гэсэн нь анхаарал татаад байна. Учир нь, энэхүү зөрүүтэй байр сууриар тэтгэврийн зөрүү арилах нь юу л болж хувирч буй.

Засгийн газар ирэх долдугаар сарын 1-ээс тэтгэврийн зөрүүг ойртуулж, 10 хувиар нэмэхэд 394.6 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Үүнд 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана.

МАН Засгийн эрхийг авснаас хойш  найм дахь жил рүүгээ орж байгаа бөгөөд энэ хугацаанд тэтгэврийн зөрүүг ойртуулах алхам нэг ч удаа хийгээгүй нь ахмадууд хэдэн зуун мянгаараа ядуу өрхийн эгнээ рүү шилжиж,  тартагт нь тулгасны эцэст дээрх арга хэмжээг авахаар болсон нь олон нийтийн шүүмжлэлтэй ч тулж байна. Учир нь, МАН Засгийн эрх барьсан энэ хугацаанд ажилласан жил, НДШ төлсөн хэмжээнээс нь хамаарч тэтгэврээ тогтоолгодог шударга тогтолцоог бий болгохоос илүүтэй сонгуулиа бодсон шийдвэр гаргаж ирсэн нь Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээгээд зогсохгүй, хөдөлмөрлөсөн нь хохирдог буруу жишиг тогтоосон юм.

Жишээ татвал, тасралтгүй 40 жил ажиллаж, НДШ төлсөн иргэн, 10 гаруй жил ажиллаад НДШ нөхөн төлсөн малчин хоёр  өнөөдөр яг адилхан 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй.

Энэ нь эрх баригчид Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж байсантай холбоотой. Уг хуулийн үйлчлэлээр малчид бусдаасаа давуу эрх эдэлсэн гэж хэлж болно.

Учир нь, 55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болсон. Ингэхдээ малчдын сард нөхөн төлөх НДШ-ийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийн 10 хувь буюу 42.000 төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, бусдаасаа түрүүлж таван жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох эрхтэй болсны зэрэгцээ хамгийн багааар тооцуулж НДШ төлчихөөд 40 жил тасралтгүй ажиллаж, хамгийн багадаа сард 100 орчим мянган төгрөгийн НДШ төлж байсан иргэнтэй нэгэн адил 500 мянган төгрөгөөр тэтгэвэр авч буй.

Мөн Олон хүүхэдтэй эхчүүдийн ажилласан жилийг нэмэн тооцох тухай хуулийг баталснаар төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор тэтгэвэр тогтоолгох жил нь нэмэгддэг авах мөнгө нь нэмэгдсэн буруу тогтолцоог ч бий болгосон.

Тодруулбал, төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.6 жил нэмэх хуулийн заалт үйлчилдэг болсон. Жишээ татвал, 4 хүүхэдтэй эх 20 жил шимтгэл төлсөн бол 26 жил төлснөөр тооцон тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөн, боддог ялгавартай тогтолцоог эрх баригчид бий болгосон юм.

Харин өнөөдөр энэхүү алдаагаа засах алхам хийхээр оролдох болж байна. Хамгийн гол нь ахмадуудын хүсэн хүлээсэн шиг хамгийн олон жил ажиллаж, тасралтгүй НДШ -ээ төлсөн нь тэтгэврийнхээ зөрүүг арилгуулж чадах уу гэдэг эргэлзээтэй хэвээр буй.

Нөгөөтэйгүүр, хуулийн цоорхой ашиглаж, тэтгэврээ өндөр тогтоолгодог хэсэг ч бий болсон. Тодруулбал, сарын 500 мянган төгрөгийн цалинтай гэж сайн дураар НДШ төлж байсан иргэн, тэтгэвэрт гарах хугацаагаа ойртонгуут сүүлийн таван жилийн сарын цалингийн орлогоо таван сая төгрөг гэж мэдүүлж, НДШ төлөн, тэтгэврээ өндөр тогтоолгодог аргатай. Энэ талаар Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монголд өнөөдөр хамгийн өндөр тэтгэвэртэй хүн ойролцоогоор сард дөрвөн сая гаруй төгрөг авч байна. Харин хамгийн бага нь 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 3-4 саяын тэтгэвэр авч байгаа хүмүүсийг харахад дийлэнх нь хуулийн цоорхой ашигладаг. Жил болгон тэтгэврээ маш бага хэмжээгээр төлж байгаад сүүлийн таван жилдээ маш өндөр дүнгээр төлдөг үзэгдэл байна. Өөрөөр хэлбэл, өөрийгөө 500 мянган төгрөгийн цалинтай гэж сайн дураар шимтгэл төлж байснаа тэтгэвэрт гарахынхаа өмнөх жилүүдэд “Би таван сая төгрөгийн цалинтай” гэж мэдүүлдэг. Улмаар тэтгэврээ өндөр тогтоолгодог.

Тодруулбал, жилд 3,000 орчим хүн тэтгэврийнхээ сүүлийн таван жилд огцом өсгөж төлдөг юм байна. Хамгийн гол нь хуулийн энэ цоорхойг арилгах ёстой. Энэ бол маш бага зүйлийг оруулчхаад буцаагаад том шанагаар хутгаж авч байгаагаас ялгаагүй үзэгдэл. Нэг хүний цалин гэнэт 10 дахин өснө гэж байхгүй, ийм шударга бус сэтгэлгээ байж болохгүй” гэж мэдэгдэж байв.

Мөн Нийгмийн даатгалын байцаагчид авлига өгч, тэтгэврээ өндрөөр тогтоолгосон асуудлууд ч бий. Дээр нь цэргийн албан хаагчдын тэтгэврийг тогтоохдоо авч байсан цалингийнх нь 85 хувиар боддог бол бусад иргэдийг цалингийнх нь 45 хувиар тооцдог нь ялгаварлал бий болгосны зэрэгцээ тэтгэврийн зөрүүг ч алсруулж буй. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг өсгөх бүрийд тэтгэвэрийн хувь хэмжээ өөрчлөгддөг болсон. Тодруулбал, адил ажил мэргэжлээр ажилласан,  ажилласан жил НДШ төлсөн жил нь ойролцоо хэр нь таван жилийн өмнө, хойно тэтгэвэрт гарснаасаа хамаарч  их, багаар тэтгэвэр нь тогтоогддог эрүүл бус тогтолцоо ч үйлчилсээр байна.

Иймээс тэтгэврийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх шатанд ялгаа заагийг нь гаргаж, шударга тогтолцоо бүрдүүлэхгүй бол МАН 2024 оны сонгуулиар ахмадуудаас санал авна гэж горьдолтгүй. Учир нь улсын хэмжээнд тэтгэвэр авдаг 496.3 мянган иргэний 80 шахам хувь нь 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй. Үүн дотор ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр тэтгэврээ тогтоолгохыг хүссэн, шударга ёсны хүсэмжлэлтэй хэдэн зуун мянган ахмадууд бий. Хэрвээ энэ удаагийн хүлээлтэд нь салаавч өгвөл хариуг нь тэд барьсан шиг барина аа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж