Хүүхдийн баяр талбайд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баяр талбайд үргэлжилж байна

Хүүхдийн баяр талбайд үргэлжилж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Монгол хүүхдүүд” арга хэмжээ 500 орчим хүүхдийн парадаар эхэллээ. Хүүхдүүд ханхүү, гүнж, торгон цэрэг, дамбо заан, алиалагч, анимэ, үлгэр, хүүхэлдэйн баатруудын дүрд хувирч, үндэсний хувцас, тугтай бүжиг, бөмбөр хөгжмөөр ялгаран Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбай хүртэл алхсан юм.

“Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүүхэд багачуудад хүргэв. Тэрбээр мөн “Монголын хүүхдүүд эрүүл энх, саруул сайхан, айх айдасгүй өсөн хүмүүжих ёстой. НЗДТГ болон Засгийн газрын зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллаж байна. Улаанбаатар бол залуучуудын хот. Тиймээс залуу үе, үр хүүхдээ хамгаалах, тэдний ирээдүйг бэлтгэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээн ажиллаж байгаа. Улаанбаатар иргэдэд ээлтэй, хүүхдэд аюулгүй, сурч боловсрох орчныг бүрдүүлсэн хот болох ёстой. Энэ хүрээнд эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, олон ажлыг төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ. Мөн Улаанбаатар хотын иргэн нэг бүрийг эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдийн төлөө, хүний төлөө зорилгын нүд, чих болж, зөрчил дутагдлыг арилгахад хамтран ажиллахыг уриаллаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан зөвхөн өнөөдрөөр хязгаалагдахгүй өдөр бүхнийг хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө, хүүхэд бүрд аз жаргалтай, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө хүүхдийг нэгдүгээрт тавьж ажиллах хэрэгтэйг онцоллоо.

Энэ жилийн тухайд Хүүхдийн баярт зориулсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулж байгаа юм. Сүхбаатарын талбайд спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулж, нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгөхөөс гадна 20:00 цаг хүртэл соёл, урлагийн арга хэмжээ болно. Мөн Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн, Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төвд “Бүтээлч хүүхэд” өдөрлөг, түүнчлэн дүүрэг бүр нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж