Хүүхдүүдэд төв талбайгаас өөр юу үлдэв…

Хуучирсан мэдээ: 2023.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд төв талбайгаас өөр юу үлдэв…

Хүүхдүүдэд төв талбайгаас өөр юу үлдэв…

Бяцхан үрсээ ганц өдөр ч болтугай баярлуулах гэсэн томчууд дэлгүүр, хоршоо, түгжрэлд өчигдрийг барав. Хотын төвд дөрвөн цагаа барсан талаар тэд бухимдацгаав. Чоно борооноор гэгчээр урьдаас тооцоолсон ёсоор эрх баригчид өөрсдийн санасандаа хүрч зургаан жилийн дотор гурав дахь удаагаа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, өөрсдийгөө түүхэн реформ хийлээ гэж өргөмжилж байна. Иргэдийн анхаарал суларсан үед элдэв "но"-той хуулиа хонож хуралдаад ч хамаагүй баталдаг тэд энэ удаад ч бороо, түгжрэл, багачуудын баярын өдрийг далимдуулав. Авлигатай тэмцэж байгаагаа амаа олохгүй магтаж суугаа Ерөнхий сайдын хэлээд байсан нүүрсний хэрэг гээч 100-д байсан машины оочерыг 20-д оруулсан хэрэг болоод үлдэв. Юун 44 их наядын хохирол, юун нүүрсчдийн мафи… Ердөө л өөрсдийн эрх мэдлийг зузаатгаж, үгэнд ороогүй өөрийн болоод өрсөлдөгчдөө харлуулах гэсэн хөгийн явдал байж. Тэд авлигатай тэмцэж чадахгүй байгаагаа өдөр өнгөрөх тусам батлаад байна.

Иргэдийн анхаарлыг сарниулахын тулд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно, тэтгэвэр, цалинг нэмнэ гэж тэд бат мэдээлэл хийсэн. Гэхдээ үүнийг хийх эх үүсвэр нь тодорхойгүй. Эдийн засгийн боломж байхгүйг эрээвэр хураавар үзүүлэлтүүд нотлоод байхад шүү дээ. Төгрөг хэвлэхгүй л бол тийм тооцоололд байхгүйг хэн хүнгүй л мэдэж байна. Хэрэв тэгвэл эдийн засагт илүү гай тарьж, бидний хүрэлцэхгүй байгаа цалин тоо нь өссөн ч чанар нь унаж, бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвар навс унана. Ингэж тэд хорлодог. Түүнийг нь хэлбэл, төрийн, үндэсний дайсан, урвагч гэж троллуудаараа дайруулдаг. Өөрсдөө зарладаг.

Тохуурхалтай нь тэд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Нэгдүгээрт хүүхэд" гэх уриатай тэмдэглэж байна. "Бамбарууш" кафе байгуулж хүүхэд насныхаа мөрөөдлийг "хөгширсөн" хойноо гүйцээх гэдэг тэдний "хүүхэд" гэх үг, түүний төлөө гэсэн яриа бүхэн хий хоосон, худал хуурмаг байдаг нь гачлантай. Өнөөдөр тоглоомын талбайгүйгээс төв талбайд скүүтерээр гулгахаар долоон буудлаас, нэгдүгээр хорооллоос авто замаар аюулд орон, амиараа дэнчин хүүхдүүд ирж байна. Нүүдлийн шувууд шиг нийслэлийн удирдлагад байхдаа 3,2 тэрбумаар барьсан алдаг оног ажилладаг усан оргилуурын ачаар тэд эксрем спортоор хичээллэдэг болжээ.

Монголд хүүхдийн тоглоомын талбайгаас илүү машины зогсоол үнэ цэнэтэй. Тэдний аюулгүй орчин, сурч боловсрох сургууль, цэцэрлэгээс илүү цагдаа, хүчний, тамгын газрын барилга, байгууламж барих нь чухал. Даргын өрөөг татвар төлөгчдийн мөнгөөр тансаг зэрэглэлийн тавилгаар тохижуулах нь төрийн зүй ёсны ажил бол хувийн хэвшлийнхэн хүүхдийн яаралтай тусламжийн өрөөг тохижуулах нь байдаг л энгийн үзэгдэл. Сайд нарт зориулсан тусгай эмнэлэгт дарга итгэхгүй гадаадыг зорьдог бол улныхан шалаар нэг зулж, эмнэлгийн тусламж авч чадалгүй энгэртээ хүүхдээ тэвэрсээр эцсийн замд нь үдэх нь эвлэрсэн үнэн.

Хүүхдийн төлөө сан байдгийн ачаар хэдэн хүүхэд хорвоог орхиж, хэдэн хүүхэд хорвоод ирж, хэдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, хэд нь аврагдаж, хэд нь осолдож, хэд нь сэхсэнийг хэлээд өгөх судалгаа алга. Монголд аль хэзээний улстөрч анги бий болсон бөгөөд тэдний л хүүхэд төрд түшмэл болдог тогтолцоо үйлчилдэг болсон бол хичнээн чадвартай, боловсролтой байгаад ч гадагшаа явах ганцхан сонголттой тийм л нийгмийг тэд бүрдүүлж, бид түүнийг нь дэмжиж иржээ.

Үр хүүхдийнхээ төлөө цалин багатай багш, эмчийн ажлын үнэлгээг нэмэгдүүлэхийг шаардаж, шахахын оронд өөрсдөөсөө илүүчилж, ажлын байраа хадгалахын тулд албан тушаалтны амыг харж, арчаагүйгээр аялдан дагасныхаа төлөөст аюултай, хүчирхийллийн, агаар, хөрс нь хүртэл амьдрахуйд нь заналхийлсэн гамшгийн хөндийг бид бүтээжээ.

Боломж, бололцоо тааруу гэх тоолонг нь ойлгодог хэр нь боломжийг нь хулгайлсан адгийн амьтдыг албан ёсоор бид хүлээн зөвшөөрсөөр өдийг хүрчээ. Бидний арчаагүй байдал тэднийг дураараа дургихад ирэв. Өнөөдөр таны хүүхдүүд юу байна вэ?

Эрүүл саруул, эсэн мэнд өсөн торних эрх нь хангагдаж байна уу? Инээж, хөөрч, баясан тоглох аюулгүй тоглоомын талбай бий юу? Цэвэр агаарт гаргахын тулд гэрээсээ хэдэн километр түгжрэх вэ? Эрүүл аюулгүй, хүүхдэд ээлтэй орчин бий болгохыг шаардахын оронд эх үрсийн баяраар хэдэн мянгаар нь тараадаг одонд хууртаад, одоогийн байгаадаа сэтгэл ханаад суусаар байх уу? Жил бүрийн зургадугаар сарын 1-нд хүүхдээ баярлуулсан болоод жилийн туршид амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь заналхийсэн хотод хорогдсоор байна уу?

Эцэст нь, төв талбайн цементийг хүүхдүүд яагаад зорин зорин ирээд байна вэ? Тэдэнд өөр юу ч үлдээгүй учраас биш гэж үү? Долдугаар сарын 1-нд тоглолт үзэж, тоглож наадахаар төв талбайг зорьсон хэдэн хүүхэд хохирсон тоог бид гаргаж чадсан бил үү?

Бид хүлцэхүйгээрээ хүүхдүүдийнхээ өмнө буруутан болжээ. Эрх баригчид энэ өдрийг өмнө өөрсдийгөө рекламдах завшаан болгодог байсан бол энэ удаад хулгайлав.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж