Сурвалжлага: Хүү нь эндээс гараад таныгаа жаргаана аа

Хуучирсан мэдээ: 2023.06.01-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүү нь эндээс гараад таныгаа жаргаана аа

Сурвалжлага: Хүү нь эндээс гараад таныгаа жаргаана аа

Мэлмэрээ нуурын дэргэд нь хө

Миний л ижий суугаа даа

Ээжийн нутгаа санаад байна аа

Эр хүн байж би чинь уйлах нь уу дээ” хэмээн нүдэндээ нулимстай, сэтгэлдээ харуусалтай дуулах энэ хүүг Дорж /түүний нэрийг өөрчлөв/ гэдэг. Тэрбээр Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байгаа хүмүүжигч. Ээжтэйгээ амьдардаг бяцхан хүү аавтай боллоо гэж баярлаж байв. Гэтэл хойд эцэг нь архи ууж, хүүг ээжтэй нь элдвээр харааж, зоддог болжээ. Ийм байдалтай нэг жил гаруй амьдарсан бөгөөд хүү хичээл сургуулиа орхиж, найзуудтайгаа дэмий сэлгүүцдэг болсон байна. Заримдаа архи, тамхи хэрэглэнэ. Гэр бүлийн хүчирхийлэл улам даамжирч явсаар нэг л өдөр хүү хойд эцгээ санамсаргүйгээр хутгалсан хэргээр хорих ял авчээ.

Яг ийм шалтгаанаар амьдралд “халтирч” ял шийтгэл сонсч буй хүүхэд цөөнгүй. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй. Ирээдүйд гэмт хэрэгтэн болно гэж өсдөггүй. Томчууд тэднийг хайрлан хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд өсгөх үүрэгтэй. Харамсалтай нь энэ үүргээ умартсан аав, ээжийн хариуцлагагүй үйлдлээс болж үр хүүхэд нь хохирч, амьдралд алдаж бас онож явна.

Ээжийгээ хүн амьтанд зодуулахыг харах үнэхээр хэцүү байсан тухай нулимс цийлэгнүүлэх ярих тэрбээр “Би ирээдүйд мэргэжлийн сэтгэлзүйч болох мөрөөдөлтэй. Өөр шигээ сэтгэл зүйн тусламж хэрэгтэй олон хүүхдэд туслахыг хүсдэг" гэв.

-Одоо хэдэн настай вэ?

-Би 18 настай. Энэ жил дөрөвдүгээр сарын 13-нд 18 нас хүрсэн. Би энд орохоос өмнө коллежид сурдаг байсан. Сургалтын төлбөрийн асуудлаас болоод нэг жилийн чөлөө авсан юм. Би тэр үед ажил хийж, сургалтын төлбөрөө цуглуулдаг байсан. Тэгж байгаад л хэрэгт орооцолдож, энд орж ирсэн.

-Хэн хэнтэйгээ амьдардаг байсан бэ?

-Би айлын ганц хүүхэд. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан.

-Ээж нь хүнтэй хамтран амьдрахад чамд ямар байсан бэ. Хойд эцэг нь гар хүрдэг байсан уу?

-Манай ээж нэг хүнтэй танилцаж, хамт амьдрахаар болсон юм. Би эхэндээ “Аавтай болох нь” гэж их баярласан. Гэвч ээжтэй маань нийлж архи уугаад эхэлсэн. Тэр нь надад таалагддаггүй байсан. Гэрт хоёулаа нийлж архи дарс ууна, зодоон нүдээн хийнэ. Ээжийгээ хүн амьтанд зодуулахыг харах үнэхээр хэцүү. Гэртээ байхаар хэцүү, явахаар бүр хэцүү. Ерөнхийдөө би өөрөө л ажил хийж хэрэгцээнийхээ мөнгийг олдог байсан.

Тэр үед үнэхээр хэцүү байсан. Нэг өдөр найзуудтайгаа пиво сонирхон хувааж уусан. Гэртээ хариад унтах гэсэн бас л ээжийг зодож нүдээд эхэлсэн. Би арай гэж тэр хоёрыг салгаад унтах гэсэн намайг элдвээр харааж, зодсон. Тэгээд би шүүгээнээс хутга аваад айлгах гэж байгаад над руу дайрахаар нь санаандгүй хутгалчихсан.

-Энд хүмүүжих хугацаандаа хичээлдээ анхаарч, сайн суралцаж байгаа гэдгийг багш нар нь хэлж байна. Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ?

-Би хичээлийн маш их хоцрогдолтой байсан. Энд ирээд хичээлийн бүх хоцрогдлоо нөхөж чадсан. Бас дугуйлан, мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна. Би өөрийн сонирхлоор англи хэлний дугуйланд явж байгаа. Одоо англи хэлний түвшин хамаагүй сайжирсан. Цаашдаа англи хэлээ үргэлжлүүлэн сурна.

Би ирээдүйд мэргэжлийн сэтгэлзүйч болох мөрөөдөлтэй. Сэтгэл зүйн тусламж хэрэгтэй олон хүүхдэд туслахыг хүсч байна. Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд хэрвээ чамд хэцүү байвал хэн нэгэнтэй ярилцаад үзээрэй. Тэрийгээ дотроо хадгалаад байлгүй сэтгэлзүйчээс зөвлөгөө аваарай гэж хэлье гэсэн юм.

“ЭЭЖДЭЭ САЙН ХҮҮ НЬ БАЙГААГҮЙД УУЧЛААРАЙ”

Харин хүмүүжигч Бат /нэрийг нь өөрчлөв/ Увс аймгаас ирсэн. Тэрбээр ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг байжээ. “Ер нь найз нөхдөө буруу сонгож, ээжийнхээ үгэнд ороогүй, муу зүйл рүү уруу татагдаж, гэмт хэрэг үйлдэх маш их тохиолдол гардаг. Би тийм л шалтгаанаар алдаж, энэ газарт ирсэн” гэх.

-Уучлаарай гэдэг үгийг хэнд хандаж хэлэхийг хүсч байна вэ?

-Би “гадаа” байхдаа хүмүүст уучлаарай, хайртай шүү гэдэг үгийг огт хэлдэггүй байж. Харин ийм газар орж ирээд хэлдэг болсон. Энд анх ирэхдээ кинон дээр гардаг шиг л шоронг төсөөлдөг байсан. Хэдийгээр тодорхой хэмжээгээр эрхээ хязгаарлуулсан ч гэсэн нэг хаалга нээгдэхэд нөгөө хаалга нээгддэг гэдэг. Бас ололттой байгаа. Энд байх хугацаандаа элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр шийдэж, эхний монгол хэл бичгийн шалгалтаа амжилттай өгсөн.

Хөөрхөн эгч, дүү нартаа эх үрсийн баярын мэнд хүргэе. Ээжээсээ уучлалт гуймаар байна. Хүү нь та нарынхаа дэргэд байхдаа түшигтэй хүү нь байж чадаагүй.

Хүү нь эндээс хурдан гарч очоод таныгаа жаргаана аа. Ер нь эрх чөлөөгөө тодорхой хэмжээгээр хасуулж, бүх зүйлийг хүнээр заалгуулж, хянуулах хэцүү. Дуртай цагтаа ээждээ хайртай гэдгээ хэлж, эрхэлж чадахгүй. Хөөрхөн дүү нартайгаа тоглож чадахгүй болохоор маш хэцүү байдаг.

-Чамайг маш сайхан дуулдаг гэж сонслоо?

-Намайг есдүгээр анги төгсөхтэй зэрэгцээд аав маань бурхан болсон. Тиймээс надад мал маллахаас өөр сонголт байгаагүй. Энд ирээд дуулах авьяасаа нээсэн гэж хэлж болно. Одоо дуучин болох хүсэл мөрөөдөлтэй болсон. Тайзан дээр гараад дуулахад эцэг эхчүүдийн алга ташин баяр хүргэж буй мэдрэмж маш сайхан.

ХҮМҮҮЖИГЧ ХҮҮХДҮҮД ЭЕШ-Д БЭЛДЭЖ, ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БАЙНА

ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага дэргэдээ ерөнхий боловсролын сургуультай. Энэ сургууль 2013 онд сургалт явуулах тусгай зөвшөөрлөө авснаар энд хүүхдүүд бүрэн дунд боловсрол эзэмших боломжтой болжээ. Энд хорих ялаар шийтгэгдэж ирсэн хүүхдүүдийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээс гадна сурч боловсрох эрхийг нь хангаж, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухаанд сургадаг байна.

Энд 12 дугаар ангийн монгол хэл бичгийн хичээл орж байна. Багш П.Янжинсүрэн өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авсан хэдий ч ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 2012 оноос хойш 10 гаруй жил тасралтгүй багшилж байгаа гэнэ.

Тэрбээр “Манай хүүхдүүд хос бичгийн хичээлдээ их дуртай. Маш сайн уншиж, хөрвүүлдэг сурагч олон бий. Тэд маань 12 дугаар ангиа төгсөөд улсын уралдаанд оролцож, бас элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байна гээд шавь нарынхаа нэрийг дурдав.

Хүмүүжигч хүү монгол бичгээр бичсэн нэг эхийг түүртэлгүй уншиж өгсөн юм. Тэрбээр “Би анх энд ирэхдээ монгол хэл бичгийн хичээлдээ дургүй байсан. Гэтэл багш зөндөө хичээл зүтгэл гаргаж байгаа юм чинь би бас хичээхгүй бол болохгүй гээд хичээж эхэлсэн. Одоо монгол бичгээр сайн уншдаг болсон” гэлээ.

Сүүлийн таван жилд тус сургуульд нийт 205 хүүхэд сурчээ. Үүнээс 22 хүүхдэд суурь боловсролын гэрчилгээ, 25 хүүхдэд бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон гэдгийг багш нар нь хэлж байлаа.

Мөн өөрсдийнхөө хүсэлтээр элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж, өнөөдрийн байдлаар 2017 оноос хойш 19 хүүхэд орж, 14 сурагч улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад 50-100 хувийн тэтгэлэгтэйгээр амжилттай суралцаж байгаа аж.

“ХҮҮХДҮҮД 3-8 ЖИЛИЙН ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛТОЙ ОРЖ ИРДЭГ”

Алдаж оносон хүүхдүүд анх удаа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ирэхдээ их айдастай, сэтгэл зүйн байдал маш хүнд, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, өөртөө итгэх итгэлгүй “тэг” хувьтай ирдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Бүх ажилчид өөрсдийн ажлын чиглэлээр хүүхдүүдтэй ярилцаж, судална. Тэгсний дараа тусгаарлах 14 хоногийн хугацаанд түвшин тогтоох шалгалт авч, ар гэрээс нь хувийн хэрэг, холбогдох бичиг баримтуудыг нь авч боловсролын цахим системд бүртгүүлж, тухайн хүүхдийг сургуульд сургадаг.

Хүүхдүүд гурван сараас 8 жилийн хичээлийн хоцрогдолтой орж ирдэг. Зарим нь нэгдүгээр ангидаа сурч байгаад сургуулиас завсардаж, гарсан байдаг. Энэ хичээлийн жилд зургаан хүүхэд 12 дугаар ангиа төгсч, тав нь Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэнэ.

Тэд дөрөвдүгээр сард монгол хэл бичгийн анхан шатны шалгалтаа амжилттай өгсөн. Одоо зургадугаар сарын 15-18-нд ЭЕШ-аа өгч, өндөр оноо авбал улсын болон хувийн их дээд сургуульд зуучилж, төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломжтой” гэдгийг Р.Уранчимэг багш хэлсэн юм.

Б.Анхтуяагийн хувьд Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад сэтгэлзүйчээр дөрөв дэх жилдээ ажиллаж буй. Тэрбээр өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйгээр мэргэшиж байгаа аж.

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй насанд хүрэгчдийнхээс онцлог байдаг. Танин мэдэхүйн болон сэтгэл зүйн хөгжлийн хувьд ихээхэн өөрчлөлтүүд гардаг. Үүнийг эцэг эхчүүд ойлгож зөв харилцаж чадаагүйн улмаас хүүхдүүд гэмт хэрэгт холбогддог. Гэмт хэрэгт холбогдож, хорих байгууллагад анх ирэхдээ их айдас, түгшүүртэй, бүх насаараа гэмт хэрэгтэн болж дуусах юм байна гээд болж байгаа процессыг яг өөрийнхөөрөө хүлээн авдаг. Тэр утгаараа сэтгэл зүйн байдал, харилцаа, зан үйлийн хувьд их хүнд ирдэг.

Ерөнхийдөө хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэргийн зүйл ангийн байдлаас хамаарч ялгамжтай байдлаар бүлгийн сургалтыг зохион байгуулдаг.

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүүхэд байвал өөр чиглэлийн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бол түүнд тохирсон зан үйл засах хөтөлбөрт сургалтуудыг зохион байгуулдаг. Ер нь өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн эмгэг гэхээс илүү гэмтэл их авсан хүүхдүүд байдаг учраас ганцаарчилсан байдлаар түлхүү ажилладаг. Ер нь засрахгүй хүүхэд гэж байдаггүй. Хүүхдүүд маань сайхан засарч, өөр хүн болж, өөртөө итгэлтэй, зорилготой, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлөөд л гардаг" гэсэн юм.

Тэрбээр "Гэмт хэрэгтэй холбогдож буй шалтгааны хувьд эцэг эхийн нөлөөлөл, асран хамгаалалагчийн хайхрамжгүй байдал, хараа хяналт сул байгаа байдал тухайн хүүхдүүдийн нийгмийн болон суурь хэрэгцээг хангаж чадахгүй, архидалт, хойд эцэг эхийн зөрчил, мансууруулах бодис, газ цавуу, будаг шингэлэгч үнэртэж, гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхэд олон байна.

Энэ бол ээж аавуудын хараа хяналт муу байгаагийн илрэл. Эцэг эхчүүд ялангуяа өсвөр насны хүүхдүүдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй.

Таны хүүхэд хэнтэй найзалж, дэлгэцэнд хэчнээн цагийг зарцуулж байна вэ. Хичээл сургуульдаа сурч байна уу, хүүхэд сайн унтаж амарч байна уу. Миний хүүхэд надад чухал шүү гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн нэг гол хэрэгцээ бол бусдад өөрийгөөө мэдрүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх. Намайг сонсч, хүлээн зөвшөөрөх мэдрэмжийг авах байдаг. Энэ хэрэгцээг хангаж өгөх хэрэгтэй" гэдгийг зөвлөв.

 “ЗУРААЧ БОЛЖ, АНИМЭ ЦУВРАЛ ГАРГАХ МӨРӨӨДӨЛТЭЙ”

Өнгөрсөн жил Кристина Ноблийн сангийн зургийн багш П.Алтансүхийн удирдлага дор “Маргааш” сэдэвт зургийн үзэсгэлэнг уран зургийн галерейд гаргасан. Тэндээс олон улсын уралдаан тэмцээнд шалгарч, нэг хүмүүжигч Дүрслэх урлагийн дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан байна. Тэр хүмүүжигчтэй ярилцаж, ирээдүйн хүсэл мөрөөдлөөс нь хуваалцсан юм.

-Энд орж ирсэн шалтгааныг нь асууж болох уу?

-Би одоо 16 настай. Би багаасаа буруу хүмүүстэй нийлж, буруу хүрээлэлтэй болж ээжийгээ маш их зовоосон. Асрах газарт байхдаа хүчирхийллийн хэрэгт холбогдож, энд орсон.

-Газ үнэрлэх муу зуршилтай байсан гэсэн үү?

-Би тэр муу зуршлыг найзуудаасаа сурсан. Бүр гурав, дөрөвдүгээр ангиасаа тийм зуршилд гүн орсон гэх үү. Миний үеийн хүүхдүүд одоо ч ийм хортой зуршилтай байдаг. Тэр их хортой шүү. Хэрэглэж болохгүй шүү гэдгийг хэлье.

Тэр үед их стресстэй байсан учраас тэгж тайвшралыг мэдэрдэг байсан. Юм бодож чадахаа больж, нүдэнд хий юм харагддаг. Тэр мэдрэмжээ дахин авахын тулд дахин дахин хэрэглэнэ. Нэг удаа хэрэглээд өнгөрдөг зүйл юм биш.

-Өөрийн зураг зурах авьяасаа нээж, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон гэж дуулсан?

-Миний хувьд Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад орж ирээд, өөрийн зургийн авьяасаа нээсэн. Өмнө нь зурдаг байсан ч нэг их зурдаг хөгжүүлдэггүй байсан. Энд өөрийгөө хөгжүүлэх цаг олдсон. Би энд алдаж орж ирсэн ч нөгөө талаасаа боломж нээгдсэн гэж бодож байгаа. Чөлөөт цагаараа өөрийн дуртай зүйлээ хөгжүүлдэг.

Би их сургуульд амжилттай суралцах зорилгыг тавьсан. Олон ч хүн итгэл хүлээлгэсэн учраас заавал зорилгодоо хүрнэ. Цаашдаа анимэ цуврал гаргах мөрөөдөлтэй.

Би өнгөрсөн 2022 онд Монголын хүүхдийн ордноос зохион байгуулсан “Миний мэдэх монгол” сэдэвтэй гар зургийн уралдаанд орж, 300 хүүхдээс гуравт шалгарч “Эрдмийн хүрэл” медалиар шагнуулж, Дүрслэх урлагийн их сургуульд суралцах эрхийн бичиг авсан. Надад урам өгсөн бүх хүмүүстээ баярлалаа гэсэн юм.

"БИ НЭГ АЛДСАН, ОДОО АЛДААГАА ДАХИН ДАВТАХГҮЙ"

Харин Баяр /нэрийг өөрчлөв/ одоо 19 настай. Тэрбээр хорих ялаа эдэлж дууссан. Одоо ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангид суралцаж, энэ жил төгсөнө. “Би бусдын нөлөөнд автаж, хэрэгт орооцолдсон. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад биеэрээ хоёр жил шахуу хугацаанд хүмүүжсэн. “Гадаа” байхад гадуур их тэнэдэг байсан бол хүмүүжиж байх хугацаандаа цагийн хуваарийн дагуу юмаа хичээл номоо хийж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан. Тэнд хичээл номоо хийж, алдаагаа нөхөж, мэрийж эхэлсэн. Сургуулийн ойлгохгүй хичээлүүдээ барьж аваад ойлгодог болтлоо нухаж, ойлгосон” тухайгаа ярилаа.

Тэрбээр ирээдүйд эрхзүйч мэргэжлээр суралцаж, өмгөөлөгч болох зорилгыг өмнөө тавьжээ. "Эндээс гараад яах бол гэсэн айдас байсан. Одоо ямар нэгэн хүндрэл алга. Нийгэмтэйгээ дасан зохицоод явж байна.

Би нэг алдсан. Одоо алдаагаа дахин давтахгүй. Нэг алдаагаа дахин давтах юм бол тэр нь сонголт болдог гэж нэг хүн хэлж байсан. Тэрийг байнга санаж явдаг" гэв.

Багш Р.Уранчимэг “Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ хичээл сургууль, хүмүүжилд нь төдийлөн сайн анхаардаггүй. Хүүхдээ том болчихлоо гэж боддог юм уу, үл тоож, хайхрахгүй хаясан тэр үед хүүхэд нь хэн нэгэнтэй ярилцаж, хүсэл зорилгоо илэрхийлмээр байдаг. Гэтэл эцэг эхчүүд ердөө авч хэлэлцдэггүй. Тэр хүүхдүүдэд жаахан итгэл өгч, дэмжихэд л амжилт гаргадаг.

Анх ирэхдээ хичээл сургуульд сурах маш дургүй ирдэг. Энд тодорхой хэмжээний хязгаарлагдмал орчинд байгаа учраас хүссэн хүсээгүй тухайн хүүхэд маань сурах шаардлагатай болж, сурах идэвхтэй болж эхэлдэг. Уг нь энэ бүхнийг хүүхэд эцэг эхтэйгээ хамт байхдаа ухамсарлах ёстой байсан боловч өөрийг нь сонсч, хүсэл мөрөөдлийг нь чиглүүлж өгөөгүйгээс энд халтирч орох тохиолдол их байна” гэсэн юм.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж