Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын төсөвт 2013 оны төсөвт тодотгол хийх асуудал яригдаж, УИХ-д өргөн барихаар боллоо. Тодотгол хийх шалтгааныг товч танилцуулъя.
Нэгдүгээрт, 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувь хүрч уналтад орсон. Энэ үзэгдэл 1992 оноос хойш анх удаа Монгол Улсын эдийн засагт бий болсон үзэгдэл байлаа. Энэ цаг үеэс хойш Засгийн газраам эдийн засгийн талаар зарим арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж ирсний үндсэн дээр 2022 онд +4.8 хувь болж өссөн. Эдийн засгийн өсөлтийг хэмжээгээр нь тооцоод үзвэл өмнөх оноос 10 орчим хувийн өсөлт үзүүлсэн байна. Монгол Улс 2022 оны намар хүндхэн байдалтай, гадаад дотоод өрийн дарамтын асуудал үүссэн байсан. Энэ цаг үед Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч шийдвэрүүд гаргаж, валютын орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод гаргах биет хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж ажилласан. Үүний үр дүнгээр өнгөрсөн оны IV улиралд огцом өөрчлөлт гарч гадаадын томоохон өрийн дарамтаас гарах нөхцөл боломжоо бий болгож чадсан нь энэ Засгийн газрын хэрэгжүүлсэн том ажил байсан.
Хоёрдугаарт, 2022 оны Засгийн газрын 362 дугаар тогтоол гарч уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бодитой бий болгох, үнийг нэмэгдүүлэх, орлогыг сайжруулах тэр хэрээрээ татвар төлөлтийг нэмэгдүүлэх бодлогыг давхар баримталж ажилласан. Үүний үр дүнгээр 2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын төсвийн орлого давж, эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 7.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ өсөлт Азидаа тэргүүлэх эдийн засгийн өсөлт болсон. Үүнтэй холбоотой гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол бодитой бий болсон. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд төсвийн орлого давж биелж байгаа учраас сүүлийн хоёр жил орчим хугацаанд төрийн албан хаагчийн цалин,ахмадуудынхаа тэтгэвэрийн хэмжээ,төрөөс халамж хүртдэг иргэддээ хүртээдэг дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх боломжийг хараахан гаргаж чадаагүй байлаа. Тэгвэл энэ удаа бодит боломж дээр үндэслэн тэтгэвэр нэмэх, цалин нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг тодорхой хувиар нэмэгдүүлэхэд шийдвэр өнөөдрийн Засгийн газрын худалдаанаас гаргалаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний биет хэмжээ зургаа дахин өссөн нь цалин, тэтгэвэр нэмэх гол үзүүлэл болсон.
Цаашлаад төрийн албан хаагчдын мэдлэг, бүтээмжийг сайжруулах чиглэлийг Засгийн газар бодлогоо болгож яваа. Үүний хүрээнд Засгийн газрын хуралдаанаар сар орчимын өмнө шийдвэрлээд Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж зөвлөмж гарсан. Монгол Улсад байгаа нийт ажиллах хүчний 15 хувиас дээшгүй нь төрийн албан хаагч байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, амьдралд нийцдэг байх шийдвэр өнөөдөр мөн яригдсан. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр шүүр ажиллагааны хүрээнд анхан болон дунд шатанд зөрчигдөөд байгаа амьдралд нийцэхгүй байгаа зохицуулалтуудад өөрчлөлт оруулна. Нөгөө талаараа төрийн албан хаагчдын дээд хязгаарыг тогтоох асуудал бий. Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрд ажиллах боломжийг илүү хялбаршуулах зохицуулалт орж байна. Нэг ёсондоо энэ хуулиар төрд ажиллах шалгуур дөрвөн жилийн хугацаатай байлаа гэж бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг дахин хөнгөлттэй буюу хоёр жилийн шаардлага тавигдах зохицуулалтыг тусгасан.
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ковидын хүнд үеийг эхний хоёр жил, геополитикийн хүндрэлтэй нэг жил гээднийт гурван жилийн хүнд соритыг даван тууллаа. Эхний хоёр жил төсөвт тодотгол хийж байсан. Гэхдээ тэр үед төсвийн хүндрэлээс үүдэн орлого дутуу байсан тул төсвийн алдагдлаа нэмэгдүүлж, тухайн үеийн зардлыг санхүүжүүлж ирсэн. Гэсэн хэдий ч Засгийн газраас гол гол экспортуудаа нэмэгдүүлэх гадаад валютын нөөцөө нэсэгдүүлэх, төсвийн алдагдлаа бууруулах, гадаадын өрийн тогтвортой байдаа хангах зорилгоор шат дараатай арга хэмжээ авсаны үр дүнд өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтворжиж, улмаар энэ оны нэгдүгээр улиралд энэ байдал хадгалагдаж гадаад валютын нөөц 3.8 тэрбум долларт хүрлээ. Өнгөрсөн жил төсвийн алдагдлаа 1.5 их наяд төгрөгөөр бууруулж зардлаа өсгөхгүйгээр мөнгөний бодлоготойгоо яв цав нийцүүлж төсвийн зардлаа хумих бодлого барьж ирсний үр дүнд өнөөдрийн эдийн засгийн өсөлт гарах, тогтворжих нөхцөл бүрдсэн. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээрээ цалин тэтгэвэр нэмбэл инфляцийг хэрхэн тогтвортой байлгах вэ гэсэн том сорилтын өмнө тулж ирсэн. Гэсэн хэдий ч бид эдийн засгийн боломж гарсан хамгийн эхний цаг хугацаан дээр хувь хүний орлогын дэмжлэг болгож төсвийн зарцуулалт хийх зайлшгүй шаардлага тулж байна. Зарим хүмүүс сонгууль тулчихсан шоу хийж байна гэсэн хардлагатай байна. Бидэнд боломж гарсан хамгийн эхний цаг хугацаа. Бид энэ боломжийг ашиглаж цалин, тэтгвэр тэтгэмж зорилтот бүлгийн халамж, нийслэлийн түгжрэл гэх мэт тулчихсан асуудлуудаа шийдэхээр төсвийн тодотгол хийж байна. Хойшлох, сонгууль руу дөхөх тусмаа хардлага дагуулж, янз бүрээр хэлэгдэх байх. Энэ цаг хугацаанд хийж байгаа нь цаг үеэ олсон зайлшгүй тулсан боломжоо зориулж байна гэж ойлгоорой. Төсвийн тодотголыг дараах таван эдийн засгийн ангилалд зориулж байна.
Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн суурь цалинг нэмэгдүүлнэ. Үүн дээр 986.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдана.
Хоёрдугаарт, тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж үнийн өсөлттэй уялдуулж 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд зориулж 394.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана
Гуравдугаарт, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн зургаан сарын хугацааг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг олгох бөгөөд 142.4 мянган хүүхэд хамрагдана.
Дөрөвдүгээрт, Зорилтот халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 90 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд 144.4 мянган хүн хамрагдана.
Тавдугаарт, Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөг тавьсан хэдий ч гүйцэтгэл тэр бүр хангалттай яваагүйн улмаас 187 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсаныг нэмж оруулж өгнө. Тийм учраас томоохон төслүүд гацахгүй явна гэсэн үг. Гол ажил нь хотын дундах замуудын хоорондын холбоос замыг гүйцээх төсвүүд байна. Ийм таван зүйлд гол анхаарал хандуулж төсвийн тодотгол хийнэ. Нийтдээ 1.8 их наяд төгрөгт сая иргэн шууд хамрагдана.
Төсвийн хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тусгай шаардлага буюу төсвийн тодотгол хийх шалтгаануудыг хуульчилсан байдаг. Уг хуулийн 34.1.4 буюу төсвийн ерөнхий захирагч нарын хооронд зохицуулалт хийх тохиолдолд тухайн жилийн төсөвт тодотгол хийж болно гэж заасныг үндэслэн хуулийн хүрээнд хийж байна. Хоёрдугаарт, 2023 оны төсвийн тухай хуульд ДНБ-ний 2.6 хувьд алдагдлаа барихаар заасан. Энэ хувь хэмжээнд огт өөрчлөлт орохгүй. Тусгай шаардлагаа хангаж ажиллана гэсэн үг. Энэ төсвийн орлогоо нэмэгдүүлэх бүх боломжоо дайчилж ажиллана. Энэ жил 50 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж ажиллана.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: Төсвийн тодотгол хийж байгаа 1.8 их наяд төгрөгийн тал нь төрийн албан хаагчийн цалин хөлсний нэмэгдэл. Ний 225 мянган төрийн албан хаагчийн 217.7 мянга төрийн албан хаагчийн цалин нэмэгдэнэ. Өндөр албан тушаалтай, өндөр цалин авдаг хүмүүсийн цалинг нэмэхгүй. Иргэдэд тулж ажилладаг хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдыг “Төрийн мэргэжлийн үйлчилгээ”-ний нэгдсэн ангилал, зэрэглэлээр цалинжуулна.Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын цалингийн доод хэмжээг 590 мянган төгрөг байгааг 1.0 сая төгрөг болгож нэмэгдүүлнэ. Энэ бол суурь цалин. Үүн дээр үр дүнгийн, гүйцэтгэлийн, зэрэг дэвийн, ажилласан жилийн, хөдөө орон нутгийн гэх мэт нэмэгдэл цалин тооцоогддог. Тухайлбал, боловсролын салбарын дундаж цалин 1.050.000 төгрөг байна. Үүн дээр нэмэгдлүүд нэмэгдэнэ гэсэн үг. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байгааг 750 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ. Түүнчлэн нийслэл, орон нутаг, яам, агентлагийн төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг нэгдсэн сүлжээгээр зохицуулж, ижил зэрэглэлд хамаарах төрийн тусгай албан хаагчдын үндсэн цалинг адил болгоно.
Төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, соёл урлаг, биеийн тамир, спортын 2.6 мянга, төрийн захиргааны 23.0 мянга, төрийн тусгай 35.0 мянга, төрийн мэргэжлийн үйлчилгээний 93.2 мянга, төрийн нийтлэг үйлчилгээний 58.9 мянга, төрийн улс төрийн 3.8 мянга, нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ.
Өнгөрсөн 2022 оны 12 сарын нийгмийн халамжийн сангийн мэдээгээр төрөөс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр (288 мянган төгрөг)-ийг сар бүр олгож байна. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12.8 орчим хүүхдэд 288 мянган төгрөгийг сар бүр олгодог. Ирэх долоодугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд хүргэж 275 мянган төгрөг болгохоор тооцооллоо.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэхэд 89.3 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн хүнсний эрхийн бичиг, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улирлын тэтгэмж, цалинтай ээж буюу 0-3 насны хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмж зэрэг мөнгөн дүнг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай халамжийн хөтөлбөрүүд байна. Засгийн газраас төрийн халамж шаардлагатай зорилтот бүлэгт олгох дээрх халамжийн тэтгэмж бусад тусламжийн хэмжээг төсвийн нөхцөл, боломжид тулгуурлан үе шаттайгаар нэмэгдүүлэхийг зорьж байна. Дараагийн асуудал бол ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг ойртуулна. Үүнд 200.2 тэрбум төгрөг зарцуулна. Хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй нэмэгдэнэ.
Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлнэ. Энэхүү арга хэмжээнд 496.2 мянган тэтгэвэр авагч хамрагдан 194.4 төгрөг зарцуулна. Манай улсын нийт хүн амын 36.2 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Хүүхдийн төлөө санд 2021 онд 5.1 тэрбум, 2022 онд 4.3 тэрбум, 2023 онд 1.1 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн.
Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдэд 2021 онд 25.0 сая, 2022 онд 81.7 сая төгрөгийг шагнал, урамшуулал олгоод байна. Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, хүүхдийн хөгжил, зөв хүмүүжил, төлөвшил олгоход төрөөс онцгой анхаарч бодлого, шийдвэр гаргах” зэрэг олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд хүүхдийн төлөө санд төвлөрсөн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр боллоо. Уг шийдвэрийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр жилдээ 1 удаа хэлэлцэж, шийдвэрлэх бөгөөд хүүхдийн төлөө санг арвижуулах, хүүхдийн төлөө бүтээн байгуулалтад зориулна гэж хүсвэл иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ хүүхдийн төлөө санд хандивлах боломжийг бүрдүүлнэ.Түүнчлэн уг сангаас хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулсан томоохон бүтээн байгуулалтад зарцуулна. Мөн иргэн өөрөө хүсвэл иргэдийн өгсөн хандив, тусламж, хандивлагчийн хувийн мэдээллийг тавих боломжтой болгоно. Уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүтцийг шинэчилж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн доор төрийн байгууллагаас бүрдсэн дэд зөвлөл, скаут, сурагчдын холбоо зэрэг хүүхдийн оролцооны байгууллагуудаас бүрдсэн дэд зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн. Энэхүү дэд зөвлөлүүд хуралдаж Үндэсний зөвлөлд бүтээн байгуулалтын саналаа уламжилна.
Холбоотой мэдээ