“Энэ бол шинэ 30 жилийг эхлүүлэх тоглоомын дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль бүрийн өмнө өөрсдөдөө зориулж дүрэм зохиодог байдалд та бид цэг тавьж чадлаа. Мөн нэг гишүүнд ногдох эрх мэдлийн хэт төвлөрөл өнөөдрийн санал хураалтаар эцэслэгдлээ. Өөрөөр хэлбэл, нэг гишүүн 2-3 байнгын хороонд харъяалагдаж, хууль хяналтгүй гардаг байдал түүх болж, байнгын хороо илүү мэргэшсэн, агуулгын том реформ хийгдэж байна. Үүнээс гадна эрх мэдлийн төвлөрөл задарч байгаа учир УИХ-ын гишүүн байснаар өөртөө давуу байдал олгодог явдал эцэслэгдэж байна. ҮХНӨ нь түүхэн реформ болж чадлаа”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ийнхүү дүгнэлээ.
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгоно” гэж өөрчилснөөр өнгөрсөн 30 жилийн тогтолцооны гажуудлыг засч, залруулах эхлэл тавигдав. ҮХНӨ-ийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх тул УИХ-ын сонгууль ирэх намар болно гэсэн хардлагад эцэслэгдэж, ээлжит хугацаандаа буюу 2024 оны парламентын сонгууль холимог тогтолцоогоор явах нь тодорхой болж байна.
Гишүүдийн тоог нэмснээр нэг гишүүнд оногдох эрх мэдлийн төвлөрөл саарч, парламентад нийгмийн олон талын төлөөлөл орж ажиллах боломж нээгдэж байгаа юм. Өнөөгийн тогтолцоо нь мөнгөтэй, олонд танигдсан, хуучин улстөрчдөд давуу боломж олгодог. Үүнээс болоод улс төр-бизнес нь цус холилдсон, төрийн сангуудын дата мэдээллээс харахад улстөрчид нь, бизнес эрхлэгчид нь Монголын өнгөтэй, өөдтэй болгоныг хувааж идсэн нь олон нийтэд ил болж байна.
Мажоритори тогтолцоо нь шинэ, мөнгө муутай хүмүүст халтай. Монголд өнгөрсөн 30 жилд бодлогын гэхээсээ мөнгөний сонгууль болж ирсэн нь худлаа биш. 2008 онд Ардчилсан нам нэг сая төгрөгийн “Эрдэнийн хувь”, Ардын нам нь 1.5 сая төгрөгийн “Эх орны хишиг олгоно” гэж уралдаж амалсны сөрөг үр дагавар өнөөдөр ч эдийн засагт ажиглагддаг.
Халамж, мөнгөөр иргэдийн саналыг худалдаж авсан улстөрчид эргээд төрөөсөө, улсаасаа, иргэдээсээ хулгайлдаг нь Монголд гэмт хэрэг биш шахуу болсон. Захын төрийн сангийн датаг ухах төдий л өнгөрсөн 30 жилийн улс төрийн тодорхойлж явсан хүмүүсээс улсаа тоноогүй нь тун цөөхөн.
Хууль тогтоох байгууллагыг нь хууль тогтоогч нартай нь худалдаад авчихдаг, улсаа тоносон улстөрчид нь улсынхаа хаан болдгийг өөрчлөх эхлэл нь Үндсэн хуульд хийж буй өчигдрийн өөрчлөлт. Үүний араас 18 жил “гар дүрээгүй” Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчлэх аваас Төрийн ордон “босго” өндөртэй болно. Босго өндөр гэдэг нь ёс зүйтэй, ёс суртахуунтай парламент бүрдүүлэх явдал юм.
УИХ-ын нийт гишүүдийн 20 хувь нь авлига хулгай, хүчин, хүчирхийлэлтэй нэр холбогдсон атал ёс зүйн хариуцлагыг ердөө гуравхан гишүүнд хүлээлгэсэн нь иргэдийн төрд итгэх итгэлийг нь хүртэл хулгайлчихаж байна гэсэн үг.
УИХ-ын гишүүдийн тоог нэмж, тогтолцоог холимог болгосноор жалга довны эдийн засаг биш макро төвшний бодлогын эдийн засаг ярьдаг парламенттай болох юм.
76 дарга биш 126 төлөөлөгчтэй болсноор парламентын чадамж сайжирч, хууль тогтоомжуудын чанар сайжирна. Өнөөдөр нэг байнгын хороо 12-19 гишүүнтэй. Байнгын хорооны гишүүдийн 50-иас дээш хувийн ирц бүрдэхэд хуулийн төсөл батлагдах боломжтой байдаг гэвэл ердөө 7 гишүүний “үзэмжээр” 3.4 сая хүний амьдралыг шийдсээр иржээ. Харин гишүүдийн тоог нэмснээр хуулийн чадамж сайжрах нь гарцаагүй.
Эцэст нь, ҮХНӨ-ийн үр дүнд эдийн засаг сайжирч, иргэдийн амьдрал дээшлэх ёстой юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ