АНУ-ын сенатч Линдси Грэмийн орос цэргүүдийн үхэлд баярлаж буйг харуулсан бичлэг цахим сүлжээнд таржээ. Энэ нь хоёр тусдаа бичлэгийг эвлүүлсэн байсан. Линдси Грэм бичлэгтээ "Украинд үзүүлсэн тусламжийн мөнгө бол бидний зарцуулж байсан хамгийн зөв мөнгө. Украинд өгсөн амлалт Путины уурыг хүргэсэн гэдгийг мэдэх нь надад асар их баяр баясгалан авчирдаг. Оросын цэргүүдийг бүгдийг нь Украины нутаг дэвсгэрээс хөөх хүртэл би Украины эрх чөлөөний төлөө зогссоор байх болно. Намайг баривчлахыг хүссэн орос найзууддаа хандаж хэлэхэд хэрэв ийм зүйл болвол би Олон улсын эрүүгийн шүүхэд хандана" гэжээ.
Энэ бичлэгийн дараа ОХУ түүнийг баривчлах тушаал гаргасан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Ийм сенаторуудтай байхаас илүү ичгүүртэй зүйл байдаг гэж төсөөлөхөд ч бэрх юм" гэжээ.
Сүүлд нь Украины ерөнхийлөгчийн ажлын алба засвар ороогүй бүтэн бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан. Эхний бичлэгт тэр Украинд үзүүлж буй АНУ-ын цэргийн тусламжийн талаар ярьжээ. Харин хоёр дахь бичлэгт "ОХУ-ын довтолгооны дараа украинчууд гурав хоног л тэснэ гэж олон хүн бодож байсан. Гэтэл оронд нь оросууд үхэж байна" гэж ярьсан байв.
Сенатч Линдси Грэм нь Бүгд найрамдах намын гишүүн бөгөөд гадаад бодлогын тал дээр хамгийн эерэг хандлагатай байдаг. Тэрбээр Украинд тусламж үзүүлэхийг тууштай дэмжсээр ирсэн. Мөн ОХУ-ыг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байсан.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ