5-р сарын 19-нд Аугаа их эх орны дайнд амь үрэгдсэн Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хондон тосгоны Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөөг албан ёсоор нээх үйл ажиллагаа боллоо.
2022 оны 9-р сард ОХУ-ын Элчин сайдын яамнаас 1948 оны сүйдсэн хуучин хөшөөний оронд Улаан армийн арван дайчны нэр бүхий боржин чулуун хөшөөг босгосон ба уг ажлыг Улаанбаатар хотын "Ууган чулуу" компани Сэлэнгэ аймгийн болон Алтанбулаг сумын удирдлагуудын идэвхтэй дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн.
Нээлтийн үйл ажиллагаанд Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консул Р.А.Зайнутдинов, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт, тус аймгийн Тамгын газрын хэлтсийн дарга Д.Хишигбат болон бусад албаны хүмүүс, мөн Зэвсэгт хүчний болон Алтанбулаг сумын Хил хамгаалах албаны ахмад дайчид, Хондон тосгоны оршин суугчид оролцлоо. Оросын Үнэн алдартны шашны Гэгээн Троицкий сүмийн хамба лам Антоний амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэсэн мөргөл хийв. Сэлэнгэ аймгийн жүжигчин Н.Өрнөхбаяр фашист түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэх байлдааны талбайд амь насаа өгсөн Зөвлөлтийн болон Монголын нийт дайчдын баатарлаг үйлсийг дурсан, “Ялалтын баярын өдөр” дуугаар хүндэтгэв.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт, тус аймгийн Тамгын газрын хэлтсийн дарга Д.Хишигбат болон уг дурсгалын хөшөөг бүтээх болон нээх үйл ажиллагааг зохион байгуулах ажилд оролцсон монгол анд найзууддаа Элчин сайдын яамнаас талархал илэрхийлж байна. Хөшөөг бүтээх, суурилуулах ажлыг гүйцэтгэсэн "Ууган чулуу" компани болон түүний захирал Б.Ууганбаярт, мөн ОХУ-ын Элчин сайдын яаманд гүйцэтгэгч компанийг олоход туслалцаа үзүүлж, хөшөөг үйлдвэрлэх, суурилуулах бүх үйл явцыг зохицуулж, зохион байгуулалтын болон харилцаа холбооны гарч ирж байсан асуудлуудыг шийдвэрлэхэд бүх талаар тусалсан генерал Д.Ганбаатарт онцгой талархал илэрхийлж байна. Мөн "Бүгд Найрамдах Буриад улсын цэргүүдийн эцэг эхийн холбоо" олон нийтийн байгууллага хөшөө босгох санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна.
Зөвлөлт-Монголын дайчин нөхөрлөлийн түүхэн хуудаснууд нь манай хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны найдвартай багана болон үүрд үлдэх болно. Аугаа их эх орны дайны баатруудын дурсгалыг хадгалах, тэдний нэрсийг мөнхжүүлэх нь бидний хамтын үүрэг мөн. Тэд бидний хайр хүндэтгэлийг хүртэх эрхэм хүмүүс билээ!
Оросын Холбооны Улсын
Элчин сайдын яам