БНСУ, Японы иргэд пуужингийн сэрэмжлүүлгээр өглөөг угтав

Хуучирсан мэдээ: 2023.05.31-нд нийтлэгдсэн

БНСУ, Японы иргэд пуужингийн сэрэмжлүүлгээр өглөөг угтав

БНСУ, Японы иргэд пуужингийн сэрэмжлүүлгээр өглөөг угтав

Хойд Солонгос улс өнөө өглөө Шар тэнгис рүү сансрын пуужин хөөргөжээ. Олон улсын шүүмжлэл, сэрэмжлүүлгийг үл харгалзан Пёньян өнөө өглөө 06:29 цагийн орчимд баруун эргийн Дунчан-ригаас пуужинг хөөргөсөн болохыг Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээлэв. Тус пуужин нь Өмнөд Солонгосын хилийн Баеннёнг арлаас баруун зүгт ниссэн байна. Гэхдээ уг хөөргөлт Өмнөдийн томоохон бүс нутагт нөлөөлөөгүй гэв. 

Энэ үйл явдалтай холбоотойгоор Юн Сук Ёлын ажлын алба аюулгүй байдлын шуурхай хурал зарлалаа. Аюулгүй байдлын нөхцөл байдлыг шалгасны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах эсэхээ шийдэх аж. "Бид пуужингийн хөөргөлтийг шалгаж байна. Манай арми сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ АНУ-тай нягт хамтран ажиллаж, бүрэн бэлэн байдалд байна" гэж Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээллээ.

Пуужин хөөргөсний дараа Өмнөд Солонгос улс иргэдээ нүүлгэн шилжүүлэлтэд бэлтгэхийг анхааруулж, сэрэмжлүүлэг илгээжээ. Сэрэмжлүүлгийг өглөөний 06:41 цагт Сөүл хотын бүх иргэдийн гар утсанд илгээсэн. Гэвч энэ нь алдаатай мэдээлэл байсан гэж Дотоод хэргийн яам 07:03 цагт мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Ри Пён Чол Мягмар гаригт пуужин хөөргөх төлөвлөгөөг албан ёсоор танилцуулсан. Мөн хиймэл дагуул болон бусад тагнуулын хэрэгсэл нь аюулыг даван туулахад зайлшгүй шаардлагатай зүйл гэж мэдэгджээ. Тус улс тагнуулын хиймэл дагуулаа тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 11-ний хооронд хөөргөнө гэж энэ долоо хоногийн эхээр мэдэгдээд байсан. Заасан хугацаанд ямар нэгэн объект унаж болзошгүй гурван бүсийг Хойд Солонгосын зүгээс Японы эргийн хамгаалалтын албанд мэдэгдсэн байна. Эдгээр бүсийн хоёр нь Солонгосын хойгийн баруун талд, гурав дахь Филиппиний зүүн талд байрлана. Мөн аль аль нь Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур байрладаг.

Энэ төлөвлөгөө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчинө гэж Япон болон Олон улсын тэнгисийн байгууллагууд шүүмжилсэн. Япон улсын хувьд зарласан хугацаанд сонор сэрэмжтэй байхыг Өөрийгөө хамгаалах хүчиндээ даалгасан. Мөн Японы нутаг дэвсгэрт Умардын пуужин нэвтэрсэн тохиолдолд устгах тушаалыг өгчээ. 

Японы засгийн газар Окинава мужийн оршин суугчдад зориулж өнөө өглөө "J-Alert" системийг идэвхжүүлсэн. Пуужин хөөргөлтийн талаар Японы "Kyodo news" агентлагт мэдээлэхдээ "Хойд Солонгос өнөөдөр тагнуулын хиймэл тээсэн пуужин харвалаа. Гэвч хөдөлгүүрийн асуудлаас болж хөөргөлт бүтэлгүйтсэн. Умардын баруун хойд хэсгийн Дунчан-ри орчмоос хөөргөсөн пуужин Пёньяны төлөвлөсөн зайд хүрээгүй бөгөөд Шар тэнгис дэх Эочон арлаас 200 км зайд унасан. Тагнуулын хиймэл дагуулыг тээвэрлэж явсан пуужингийн хоёр дахь шатны хөдөлгүүр хэвийн бус ажиллаж, жолоодлогоо алдсан байна" гэжээ. 

Эх сурвалж: KYODO NEWS, YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж