Балканы төв хэсэгт байрлах Косово улсад Даваа гаригт жагсаалыг хүчээр тараах үеэр мөргөлдөөн гарснаас НАТО-гийн энхийг сахиулах ажиллагааны 30 алба хаагч гэмтэж бэртжээ. Саяхан болсон сонгуулиар сонгогдсон албани захирагч нарыг огцруулахыг шаардсан сербүүдийн жагсаалыг хүчээр тараах шийдвэр гаргасан аж. Жагсагчид Звекан хотын засгийн газрын байр руу хүчээр дайрч орохыг завдаж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Улмаар НАТО-гийн энхийг сахиулагчдыг дайчилсан байна.
Серби улсын ерөнхийлөгч Александр Вучичийн мэдээлснээр мөргөлдөөний улмаас 52 серб хүн гэмтэж бэртсэний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг нь хоёр сумны шархтай гэв.
Нөгөө талд Унгарын Батлан хамгаалах яамнаас мэдээлэхдээ, мөргөлдөөний улмаас 20 гаруй унгар цэрэг гэмтэж бэртсэн ба долоо нь биеийн байдал нь хүнд байна гэжээ. Италийн Гадаад хэргийн яамнаас гурван итали цэрэг хүнд гэмтсэн гэв.
Косовогийн сербүүд амьдардаг хойд хэсгийн хотуудад өнгөрсөн сард сонгууль болж, ирц 3.5 хувь ч хүрэхгүй муу байсан ч албани үндэстнүүд орон нутгийн удирдлагад сонгогдсон аж. Косовогийн Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт шинээр сонгогдсон хотын дарга нарыг батламжилсан юм. Гэвч тус бүс нутгийн серб үндэстнүүд албаничууд өөрсдийг нь төлөөлж чадахгүй гэж эсэргүүцэн, тэднийг эргүүлэн татахыг шаардаж байна.
Косово нь 2008 онд Серби улсаас тусгаар тогтнолоо зарласан бөгөөд АНУ, Европын холбооны дэмжлэгтэй.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA
Холбоотой мэдээ