Орхон аймгийн Рашаантын гудамжид хийгдсэн автозамын бүтээн байгуулалтыг иргэд цахим хуудаст шүүмжилж буй. Үүнтэй холбоотойгоор тус аймгаас болон бүтээн байгуулалтын тендерт шалгарсан компаниас тодрууллаа.
Орхон аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.ДАВААДОРЖ:
-Цахим хуудаст нийтлэгдсэн зургийг харсан. Орхон аймгийн гудамж хоорондын хөрс их намгархаг, нутгийн хэмжээнд уулархаг учраас иргэдийн зүгээс шороон зам тавьж өгөх хүсэлт, санал ихээр гаргадаг. Аймгийн хэмжээнд батлагдсан төсвийн дийлэнх хэсгийг шороон зам эзэлдэг бөгөөд жил бүр шороон замыг засч сайжруулдаг ч байгалийн үзэгдэл бусад шалтгаанаар амархан элэгддэг. Энэ нь үргүй зардал ихээр гаргаж, олигтой үр дүнтэй ажил болж чаддаггүй. Тиймээс бид энэ жил 7-8 гудамжид цахим хуудас дээр тавигдсан зураг дээрх замыг хийж, ашиглалтад оруулахаар болсон.
Зам засвар гэхээр бид асфальтан хучилттай хэт өндөр зардалтай замыг стандартын түвшинд хийх хэрэгтэй гэж боддог. Гэвч энэ нь маш их зардалтай учир орон нутгийн төсвөөр хийх боломжгүй.
Нэг гудамжид нэг километр асфальтан зам тавихад дунджаар нэг тэрбум гаруй төгрөг болдог. Тиймээс шороон замыг аймгийн хэмжээнд гудамжуудад засч сайжруулдаг байгаа. Харин энэ удаа бид шороон замыг бодвол үр дүнтэй байхаар зохицуулалт хийж бетон зуурмагтай шороон замын ажлыг хийж нүйцэтгэж байна. Монгол Улсад шороон замын стандарт гэж байдаггүй. Зураг дээрх замыг тендерт шалгарсан гүйцэтгэгч компани зориулалт, стандартын дагуу барьж гүйцэтгэж байгаа. Одоогоор хүлээн аваагүй.
Бетон зуурмагтай шороон замыг гудамжид хийсэн нь машин зөрөхөп л хүндрэлтэй болохоос бусдаар давуу тал их.
Шороон замын тухайд стандартгүй учраас чанарын хугацаа гаргах боломжгүй байдаг. Үүнээс болж борооны усанд зассан шороон зам амархан урсдаг. Бетон зам бол харьцангуй чанартай гэж хэлж болно.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД ШАЛГАРСАН “ӨЛЗИЙХУТАГИЙН НАРАН” ХХК 400 САЯАР РАШААНТЫН ЗАМЫГ ХИЙЖЭЭ
Уг замыг хийж гүйцэтгэсэн "Өлзийхутагийн наран" ХХК-тай холбогдож асуухад "Автомашины дугуйн мөрөөр хийдэг энэ замыг Орхон аймаг сүүлийн жилүүдэд хэд, хэдэн газар тавьсан. Манай компани Рашаант баг дээр зургаан гудамжид энэ замыг хийгээд явж байна. Гурвыг хийсэн, одоо гурван гудамж дутуу. Явж, хэрэглэж үзээгүй хүмүүс л шүүмжлээд байгаа” гэх хариултыг өглөө.
Холбоотой мэдээ