Ж.Ганбаатар: Ураны салбарт хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.31-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар: Ураны салбарт хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ

Ж.Ганбаатар: Ураны салбарт хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ

Уул уурхайн сайд Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Эдийн засаг эхний улиралд 7.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ өсөлтөд уул уурхайн салбарын нөлөө их байсан. Цаашид энэ өсөлт хэр удаан хугацаанд үргэлжилнэ гэж тооцож байна вэ?

-Уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ унаж байгаа. Гэхдээ үнэ унаж байгаа нь Монгол Улсаас шалтгаалаад байгаа зүйл байхгүй. Дэлхий нийтэд нүүрсний үнэ унаж байна. Нэг эерэг мэдээ байгаа нь алтны үнэ тогтвортой байна. Бүр цаашлаад бидний тооцоолсноос өсч байна. Зэсийн үнийн тухайд саяхан хоёр өдөр 7000 ам.доллар руу орсон. Буцаад 8100 ам.долларт хүрээд байна. Зэсийн прогноз дэлхий дахинд 10 мянган ам.доллар гарна гэсэн прогнозтой байна. Энэ чиглэлээр судалгаа хийдэг бүхий л байгууллагын дүн мэдээ эерэг байгаа нь бас нэг сайн мэдээ. Тиймээс зэсийн баяжмалын экспорт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Энэ нь Оюутолгойн далд уурхайн ашиглалтад орсонтой шууд холбоотой. Энэ бүхнээс харахад нүүрсний үнэ, экспортод бага зэрэг сөрөг үр дүн ажиглагдаж байна.

Гол нь өмнө нь нүүрсийг 70-80 ам. доллараар зардаг байсан бол одоо 150-180 ам.доллараар зардаг болчихлоо. Энэ бол биржийн ач холбогдол.

Биржийн тогтолцоотой болохын ач холбогдолыг үгүйсгэхийг хүсэхгүй байна. Олон улсын жишгээ дагаад Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсээ нээлттэй ил тод зарчимаар худалдах боломжийг эрэлхийлж байна. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар нийт гаргасан нүүрсний 1\10 -ийг нь биржээр худалдаалсан гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэгэхээр биржээр нүүрсээ худалдаж байгаа нь эдийн засгийн шууд өсөлтийг бий болгосон гэдэг нь үнэнд хэр ойр юм бол? 

-Биржээр нүүрсээ зарах нь хамгийн сайн гэх ойлголт бол биш л дээ. Бирж байгуулагдсанаар нүүрсний үнийг 150-180 ам.долларын үнэлгээтэй болгож байгаа нь хамгийн чухал. Өмнө нь биржийн тогтолцоогүй байхад ширээн доогуур 70-80 ам.доллараар нүүрс зарагддаг байсан. Гэтэл одоо үнэ нь гурав дахин өсчихлөө. Энэ нь хамгийн чухал үр дүн. Харин биржээр нүүрсээ их, бага хэмжээтэй зарлаа гэдэг нь бидний хийх ёстой ажлын үзүүлэлт мөн. Гэхдээ нүүрсээ үнэ хүргэнэ гэдэг бол тэр хэмжээний АМНАТ авч тэр хэрээрээ ач холбогдол, үр нөлөө нь өснө гэсэн үг.

Дахиж хэн нэгэн даргын үгээр, заавраар хямд үнэтэй, урт хугацаатай гэрээ хэзээ ч байгуулахгүй гэсэн үг.

Энэ нь хамгийн том ач холбогдол, үр дүн. Ийм үр дүнг хүсэхгүй байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Тэр хүмүүс биржийн арилжаагаар гаргасан нүүрсний хэмжээ бага байна, ач холбогдол багатай байна гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсээд байх шиг байна. Гэсэн хэдий ч худал үнэнд гүйцэгддэг. Биржийн тогтолцоогоор нүүрсээ худалддаг болсноор тодорхой хэмжээний чиг баримжаа, зарчим үнэ тогтоочихож байна. Тиймээс үүнээсээ ухарч бага үнээр зарах боломжгүй учраас биржээр нүүрсээ худалдсанаар тэндээс олох орлого тэр хэрээрээ өснө.

-Энэ жилийн тухайд 36 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Оны хагаст төлөвлөсөн хэмжээнээсээ 50 хувиар давуулан биелүүлсэн үр дүнтэй байна. Оны эцэст төлөвлөсөн хэмжээнээсээ илүү нүүрс экспортлох боломжтой гэж үзэж байна уу. Эсвэл…? 

-Хангалттай, хангалттай. Энэ жилийн тухайд өнөөдрийн байдлаар 22 сая тонн нүүрс экспортлосон байна. Монгол Улс 2023 онд 36.4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Эхний таван сарын байдлаар нийт төлөвлөсөн хэмжээнийхээ талаас илүү хувийг экспортлочихсон байна. Цаана нь дахиад долоон сарын хугацаа байна. Энэ хугацаанд бид төлөвлсөн нүүрсээ хангалттай экспортлоно. Цаашлаад төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх ч дүр зураг харагдаж байна.

-БНХАУ, ОХУ болон Австрали улсаас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж байна гэх мэдээлэл бий. Өрсөлдөгчийн тоо нэмэгдэж байхад хэт өөдрөг төсөөлөлтэй байгаа юм биш үү? 

Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлдэг нүүрсний 97 хувь нь коксжсон нүүрс. Австрали, Индонезийн БНХАУ руу нийлүүлж байгаа нүүрсний 97 хувь нь эрчим хүчний нүүрс. Тийм учраас Монгол Улсын гол өрсөлдөгчид биш. Түүнээс гадна Австрали, Индонезоос авч байгаа нүүрсээ БНХАУ-ын урд хэсэгт ашигладаг. Тэндээ буулгасан нүүрсээ хойд талдаа байрлаж байгаа гангын үйлдвэрүүддээ нийлүүлдэггүй. Тэгэхээр Монгол Улсаас авч байгаа нүүрсний гол хэрэглэгчид Өвөрмонголын Харбин мужийн гангын үйлдвэрүүд гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тиймээс Австрали болон Индонезийн нүүрс Монгол Улсын нүүрсний зах зээлтэй өрсөлдөнө гэж ойлгож болохгүй. Харин сүүлийн үед Монгол Улсын гол өрсөлдөгч ОХУ болж байгаа.

-МАН-ын бүлгээс цалин тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан бүх хүүхдүүдэд олгох гэх мэт урсгал зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Улсын төсөвт уул уурхайн салбар жин дардаг. Дараа жил нэмэгдсэн зардлаа нөхөх хэмжээнд уул уурхайн салбар өсөлт гарах болов уу? 

-Төсвийн тодотголыг Сангийн яамнаас хариуцаж байгаа шүү дээ.

Уул уурхайн салбарын хувьд энэ жил 36 сая тонн нүүрс экспортлох зорилтоо 43 сая тонн болгож нэмэгдүүлэх төсөөллөө Сангийн яаманд хүргүүлсэн. Дундаж үнийг 117 ам.доллар байх тооцоолол хүргүүлсэн. Зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонныг экспортлох зорилт дээрээ байгаа. Дундаж үнийг 8000 ам.доллар байх болов уу гэсэн төсөөллөө хүргүүлсэн.

Зэсийн хувьд харьцангуй сайн мэдээтэй байгаа. Харин алтны тухайд жил бүр 20 тонн алт Монгол банкинд тушаадаг. Энэ үзүүлэлт тодорхой хэмжээнд буух магадлалтай байна. Учир нь  Уул уурхайн яамнаас 200 кг-аас доош нөөцтэй ордуудыг явуулахгүй байгаа. Үүнийг иргэд ч шахаж, шаардаж байгаль орчноо хамгаалахыг уриалж байна. Ийм бага хэмжээний нөөцтэй газруудад олборлолт явуулах нь эдийн засгийн үр өгөөж муу, байгаль орчинд хо хөнөөл ихтэй. Тийм учраас алтны тухайд буурсан үзүүлэлттэй байна. Төмрийн тухайд сайн ч биш, муу ч биш мэдээтэй. Дундаж үзүүлэлттэй байна.

Газрын тосны  тухайд Петро Чайна болон Доншин компаниудын тухайд сөрөг мэдээлэлтэй байна.

Ер нь уул уурхайн салбарын хүчин чадлын тухайд жилдээ 70-80 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Хамгийн гол нь хил гааль, тээвэр ложистикийн асуудлууд бий.

-Уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж, боловсруулж гаргах талаар олон жил ярьж байна. Үр дүн, ахиц юу байна вэ? 

-Энэ бол өнөө маргаашийн асуудал биш л дээ. Урт хугацааны зорилт.  Ойрын хугацаанд хамгийн хурдан, бодитой хэрэгжих төсөл Дархан гангын үйлдвэрийг ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэж Уул уурхайн яам харж байна. Дараагийнх нь зэс хайлуулах үйлдвэр байна. Гэхдээ зэс хайлуулах үйлдвэр дээр хүхрийн хүчил, хүхрийн ислээ яах вэ, хэн худалдаж авах вэ гэдэг нь хамгийн том асуудал болоод байна. Үүнийг шийдчихвэл бүх зүйл шийдэгдчихсэн. Хөрөнгө мөнгө, үйлдвэрлэлийн технологи дээр ямар ч асуудалгүй.

-Гадаадын хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарыг түлхүү сонирхож, судалж байна. Гэтэл АМНАТ, НӨАТ-ын дарамт өндөр, давхар татвар авдаг нь хөрөнгө оруулагчдад ээлтэй бус орчин бүрдүүлж байна гэдгийг хэлдэг. Салбарын сайдын хувьд үүн дээр ямар бодолтой байна вэ? 

-Ямар ямар төрлийн давхар татвар авч байгаа талаар уул уурхайн яам хариулж чадахгүй. Харин татвар авдаг байгууллага нь хариулах байх. Давхар давхар татварын дарамт үүсгэж байгаа асуудалтай санал нийлнэ. Энэ асуудал дээр бизнес эрхлэгчдийнхээ талд, салбараа хамгаалж дуугарсаар ирсэн. Энэ бол салбарын сайдын бас нэг үүрэг. Бид хөрөнгө оруулагчдыг татахын тулд хайгуулын өмнөх тандан судалгаа хийж хаана юу байгаагаа геохими болон геофизикийн аргаар тодорхойлдог.

Геофизикийн аргаар буюу тоноглосон онгоц, тоноглосон дронноор тандан судалгаа хийдэг дэлхий номер нэг компани Xcalibur  Монгол Улсын урилгаар ирсэн. Тэгэхээр Монгол Улс дэлхийн жишгийг хангасан тандан судалгааны  дататай болно.

Энэ нь хөрөнгө оруулагчдад хамгийн сайн мэдээ. Тухайлбал, эдийн засгийн үзүүлэлтээр жишвэл дэлхийн банк Монгол Улсын үнэлгээг өсгөж байгаатай ижил Геофизикийн судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Xcalibur компани Монгол Улсын Засгийн газартай хамтарч байна гэх мессэжийг дэлхий нийтэд хүргэж байгаа нь маш сайн мэдээ. Xcalibur  компани нь ашигт малтмалын суурь судалгааны ажлыг агаарын геофизикийн аргаар маш богино хугацаанд, сүүлийн үеийн тоноглол бүхий нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж ашиглан гүйцэтгэж, иж бүрэн дата мэдээллийг боловсруулдаг компани юм. Дэлхийн 13 улсад салбартай бөгөөд АНУ, Австрали, Япон, Саудын Араб, Гана, Нигери, Колумби, Уганда зэрэг улсуудад урт, богино хугацааны судалгааны ажлуудыг Дэлхийн банк болон бусад хөрөнгө оруулагчидтай хамтран гүйцэтгэж байсан туршлагатай. Энэ мэдээ хөрөнгө оруулагчдыг ихээр татна.

-Франц улсын Ерөнхийлөгч Макрон Монгол Улсад айлчилсан. Айлчлалын дараа олон жил гацсан ураны салбарт ахиц гарах болов уу гэсэн хүлээлт байна? 

-Ураны салбарт хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэнэ. Энэ асуудал Францын ерөнхийлөгч Макрон Монгол Улсад айлчлахаас ч өмнө шийдэгдчихсэн байсан асуудал.

Эцэст нь УИХ-ын гишүүний тоог 126 болгох дээр ямар саналтай байна?

-Намын бодлогоо л дагна. Намын бүлэг ямар шийдвэр гарна түүнийг л дагна. Иргэдийн тал нь нааштай биш байсан. Гэхдээ тайлбарлаад хэлээд ярихаар ойлгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж