Байр суурь: Иргэдээ бодсон шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2023.05.31-нд нийтлэгдсэн

Байр суурь: Иргэдээ бодсон шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлнө

УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэхийг дэмжсэн асуудлаар өчигдөр /2023.05.30/мэдээлэл хийв. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ "Засгийн газар төсөвт тодотгол хийх саналаа бэлтгээд бүлэгт эцсийн байдлаар танилцууллаа. Танилцуулгыг бүлэг бүрэн дэмжсэн. Бүлэг дээр дараах зарчмын хүсэлт гаргалаа. Үүнд, Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, нэмээд өнгөрсөн хугацааны мөнгийг нөхөж олгох чиглэл гарлаа. Мөн цалин, тэтгэврийг нэмэхээр тогтлоо. Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай" гэсэн юм. Энэ асуудалд эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. 


Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан:

-Цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргалтын хувьд эерэг, сөрөг үр дагаврыг харьцуулан харах нь харьцангуй зөв байр суурь болох болов уу. Өнөөдрийн нөхцөл байдалд иргэдийн цалин бага, бодит орлого буурч байгаа нь шийдвэрлэх тулгамдсан асуудлын нэг мөн. Үүнийг шийдвэрлэхийн тулд цалин тэтгэврийг нэмж болох ч тодорхой үндэслэл, бодитой нөхцөлд суурилсан байх нь чухал. Наад зах нь Сангийн яамны зүгээс төсвийн бодлогын хүрээнд цалин хөлсний шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилттой уялдаатай хэрэгжих нь зүй болов уу. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний гүйцэтгэл, чанарт нийцсэн зарчмыг баримтлахаар тусгасан.

Энэ удаагийн цалингийн өсөлт нь энэ зарчимтэй нийцтэй байдлаар нэмэгдэж байгаа эсэх нь ихээхэн чухал зүйл.

Тодруулбал бид ямар нэгэн байдлаар цалин тэтгэврийн хэмжээг нэмж байгаа тохиолдолд эдийн засгийн өсөлт, бүтээмжтэй уялдуулах шаардлагатай. Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамны байр суурийг харвал энэ талыг харгалзан үзсэн гэж ойлгож болохоор байна. Гэсэн хэдий ч цалин тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх нь нэрлэсэн орлогыг өсгөж бодит орлогод эерэг нөлөө үзүүлэхгүй, хэрэглээний үнийн өсөлтийг өдөөх сул талтай байж болохыг харгалзан үзэх нь чухал. Эдийн засгийн шийдвэрүүд өөрөө эерэг, сөргийг харьцуулах шаардлагыг байнга тулгадаг. Тиймээс аливаа шийдвэрийг шууд зөвтгөх, буруутгахад хүндрэлтэй байдаг.  Өнөөгийн нөхцөлд иргэдээ бодсон шийдвэр нь эдийн засагтаа сөрөг нөлөөлж болзошгүй нь хамгийн том эрсдэл мөн.

"ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГО БУРУУ ЯВЖ БАЙГАА НЬ ҮНИЙН ӨСӨЛТӨӨР ИЛЭРЧ БАЙНА"

АН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.ДАВААДОРЖ:
-Монгол Улс түүхэндээ хамгийн их буюу 36 сая тонн нүүрсийг 2019 онд гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар бид яаж 50 сая тонн нүүрс гаргах нь тодорхойгүй байна. Төмөр замууд нь урагшаа Хятадтай нийлж чадахгүй тасарчихсан. Тэгэхээр нүүрсээ машинаар зөөж таарна. Тиймээс яагаад  ч 50 сая тонн хүрэх боломжгүй. Хоёрт, Хятад бол 70-80 сая тонн коксжих нүүрс гадаадаас авдаг. Тэр нүүрсээ ОХУ, Австрали, Индонезиос авч байна. Гэтэл зөвхөн 70-80 сая тонн нүүрсний 50 сая тонныг нь Монголоос худалдан авна гэдэг үлгэр.
Австрали, Хятад улс сүүлийн хоёр жил харилцаа тааруу байж байгаад эргээд сайжирч байгаа. Тэндээс нүүрсээ худалдаж авах нь тодорхой.
Эхний улирлаар Монгол 19 сая тонн нүүрсээ зарсан юм билээ. Эрх баригчид үүгээрээ тооцож, ямар  ч тооцоо судалгаагүй бичиг оруулж ирж байна. Сүүлийн саруудад нүүрс зогсч, 400-500 нүүрсний машин л гарч байна. Энэ жил ч гэсэн эдийн засгийн дэврүүн хүсэл мөрөөдөл нь биелэх боломжгүй. Сүүлийн жилүүдэд ямар ч тооцоо судалгаагүй, худлаа тоо оруулж ирдэг байдал хавтгайрлаа шүү дээ. Монгол Улсын эдийн засаг зэс, нүүрс хоёроос хараат байдаг. Гадаад зах зээлээс 10 ам.доллар олдог гэвэл наймыг нь энэ хоёр бүтээгдэхүүнээс олдог. Эхний улиралд нүүрсээ гайгүй гаргаж, нэг хүнд ногдох ДНБ-ээ тооцоход 5000-д хүрч буй. Дараагийн улирлаас 4500-гаас доошоо буучихна. Эрх баригчид ингэж сэтгэл хөөрлөөр хандаж, шийдвэр гаргаж болохгүй. Үнийн өсөлт галзуурч, сүүлийн хоёр, гурван жилийн дотор 2-3 дахин нэмэгдлээ. Төсвийн бодлого, мөнгөний бодлого буруу явж байгаа нь үнийн өсөлтөөр илэрч байна. Нийт иргэдийн 2/3 нэн ядуу амьдралтай болчихлоо. Иргэдийн цалин мөнгө огт нэмэгдсэнгүй. Ийм байхад иргэдийнхээ тархийг угааж байгаа нь буруу.
"ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХЭЭС ӨМНӨ 30 КГ МАХ АВДАГ БАЙСАН БОЛ ДАРАА НЬ 25 КГ МАХ АВНА"
Эдийн засагч Д.ОТГОЧУЛУУ:
-Цалин, тэтгэврийг нэмэх нь зөв. Гэхдээ нэг талаас том эрсдэл бий. Цалин нэмэх, үнийн өсөлт гэсэн "чөтгөрийн тойрог"-т орчихдог. Өргөн хэрэглээний барааны үнэ өсвөл Төв банк бодлогын хүүгээ өсгөнө. Тэгэхээр зээл хумигдаж, хөрөнгө оруулалт саарна гэсэн үг. Цалин, тэтгэвэр нэмэхээр төгрөгийн нийлүүлэлт ихэсч, ханш нь унана. Тэгэхээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн зөрүүгээр өсч, нийтээрээ ядуурах эрсдэл бий болно. Цалин, тэтгэврийг бүтээмж өссөн байхад нэмэх нь зүйтэй. Харамсалтай нь Монголд иргэдийн бүтээмж муу байгаа шүү дээ. Жишээлбэл, нэг талхчин 10 талх хийдэг байсан бол 15 талх, нэг барилгачин 100 тоосго өрдөг байсан бол 150 тоосго өрдөг болно. Ингэж бодитой орлого олж, баялаг бүтээвэл цалин нэмж болно.
Хоёрт, нийлүүлэлт саад тотгоргүй байх ёстой. Нэг талд цалин тэтгэвэр нэмэгдсэн бол нөгөө талд барааны нийлүүлэлт элбэг хангалуун байх ёстой.
Энэ хоёр нөхцөл хангагдаагүй үед цалин, тэтгэврийн нэмэгдэл улс орны эдийн засагт хор болно. Цалингаа нэмүүлсэн хүнд ч хор болно. Яагаад гэвэл цалингаа нэмүүлэхээс өмнө 30 кг мах худалдаж авдаг байсан бол цалингаа нэмүүлсний дараа махны үнэ өсвөл 25 кг мах худалдаж авна. Ийм аюул байдаг юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж