Н.Учрал сайдын ажлыг одоо л шалгая!

Хуучирсан мэдээ: 2023.05.31-нд нийтлэгдсэн

Н.Учрал сайдын ажлыг одоо л шалгая!

Н.Учрал сайдын ажлыг одоо л шалгая!

Эцэг, эхийнхээ орлогоос шалтгаалж, 100 мянган төгрөгөө хасуулсан хүүхэд, багачуудад ирэх долдугаар сараас эхлэн Хүүхдийн мөнгийг нь олгох болсноо Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2023.05.30/ олон нийтэд зарлалаа.

Гэхдээ хүсэлт гаргасан нөхцөлд хүүхдийн мөнгийг нөхөн олгоно гэв. Болж байна аа, хамгийн гол нь хүсэлтийг нь хүлээн авах нэрээр эцэг, эхчүүдийг харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвд очиж, хүсэлтээ гарга гэх юм уу. Эсвэл тус газар очиход бүртгэл будилаантай байна гээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авч ир гэхчлэн баримт шаардаж, нааш цааш холхиулбал хүүхдээ харж буй ээж нараас эхлээд ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хувьд дахин ажил нэмэгдэнэ л гэсэн үг. Өмнө нь хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан, хүүхэд бүрт бус тодорхой хэсэгт нь олгохоор болж, бүртгэл, хүсэлтээс эхлээд бөөн асуудал үүсч байсныг Монгол даяараа санаж буй. Бүртгэл мэдээлэл нь зөрсөн, зарим нь илүү хүүхэдтэй болж, зарим нь "нуусан" хүүхэдтэй болж, асуудал үүсгэж байв. Бүр Цахим хөгжлийн сайд Н.Учрал нь хүртэл өөрөө ч мэдэлгүй 7 хүүхэдтэй болчихсон байсан гээд олон асуудал үүсэв. Хүсэлтээ гаргахдаа эцэг эхчүүд хэнд хандах, хэдэн даргын үүд сахих, зөрүүтэй мэдээллээ хаана, хэнд хандаж засуулахаа ч мэдэхгүй будилж, төөрсөн. Харин энэ удаад нийт хүүхдийн 9 хувь буюу цөөн тооны хүүхэд нэмэлтээр хүүхдийн мөнгө авахаар болж байна. Гэхдээ энэ хүүхдүүд өмнө нь огт мөнгө авдаггүй биш авдаг, хүүхдийн мөнгө ордог нэрийн данс нь тодорхой бий. Тиймээс энэ удаад иргэддээ чирэгдэл учруулахгүй, хүндрэл гаргахгүй, цахимаар хүсэлтийг нь хүлээж авах гээд шуурхай ажиллах нь нэн чухал байна. Нэгэнт хүүхдүүдээ алагчилснаа ухаарсан учраас одоо харин чирэгдэлгүй хүүхдийн мөнгийг нь олгохыг "алагчлагдсан" эцэг эхчүүд хүсч буй.

Ер нь тэгээд төр цахимжсан юм уу, үгүй юм уу гэдгийг энэ удаагийн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах эцэг, эхчүүдэд хандах хандлагаас л харцгаая.

Учир нь, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын хийх ёстой ажил бол төр өөрт байгаа мэдээллээ иргэнээсээ нэхэх ёсгүй.  Хүүхэд мэндлэнгүүт эцэг, эх бүр Улсын бүртгэлийн газартаа очиж, бүртгүүлэн, төрсний гэрчилгээг нь авдаг. Тиймээс төрд бүртгэлтэй, мэдээлэл нь байгаа гэсэн үг.

Цахим хөгжил харилцаа холбооны яам байгуулагдаад хоёр ч жилийн нүүр үзлээ. Дээр нь өнгөрсөн өвөл сенсаци дэгдээсэн замбараагүй бүртгэлээ засч, залруулж, цэгцэлж авсан байлгүй. Иймээс эцэг, эхчүүдийн хүсэлтийг цахимаар хүлээн авах боломжтой байхаар зохицуулалт хийж,  төрийн гаргасан шийдвэрээс болж, иргэдээ чирэгдүүлэхгүй байх боломжийг холбогдох бэлтгэлийг хангах нь энэ удаад хамгийн чухал байна.

Нэг үеэ бодвол төрийн байгууллагын үйлчилгээ цахим болж буй нь сайшаалтай ч олон хүн зэрэг хандахаар ачааллаа даахгүйгээс серверт нь асуудал үүсч, бухимдал үүсгэдэг.  Зарим тохиолдолд цахим үйлчилгээ нь ажилладаг эсэх нь ч эргэлзээтэй газрууд бий. Тэр бүрт “Монгол Улс цахим үндэстэн болсон” гэх сайд нарын үг хоосон лоозон болж хувирдагийг санахад илүүдэхгүй биз.

Тиймээс төр ажилладаггүй цахим үйлчилгээнүүдээ засч, иргэн хүссэн үйлчилгээгээ авах боломжоор ханган, мөн өөрт байгаа мэдээллүүдээ солилцоод нааш цааш явуулалгүй, элдэв бичиг баримт шаардалгүй, хүүхдийн мөнгийг нь шийдээд өгвөл цахим үндэстэн болсны, Цахим хөгжлийн яамтай болсны хэрэг жинхэнэ утгаараа гарах гээд байна шүү,  Н.Учрал сайд аа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж