Хэл ам дагуулж, эцэг эхчүүдийг бухимдуулсан хүүхдийн мөнгөний асуудал ирэх сараас цэгцэрнэ. Ээж аавууд ч хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгохыг шаардаж, ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн чихийг нь "халуу дүүгтэл" нь шүүмжилсэн. Тэгвэл, өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар бүх хүүхдэд 100 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ, нэгдүгээр сараас хойших хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгохоор болов. Тиймээс энэ удаагийн VS буландаа Сангийн сайдын тайлбарыг онцолж байна. Тэрбээр өнгөрөгч намар төсөв өргөн барихдаа нийт хүүхдэд мөнгө олгох бус 91 хувьд нь мөнгө олгоно гэж мэдээлж байв. Гэтэл жил ч хүрээгүй хугацаанд хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгох шийдвэрийг гаргаж байгаа нь сонгууль угтсан улс төр гэж зарим нь шүүмжилж байгаа. Өөрөөр хэлбэл, төсөвт тодотгол хийх нь Төсвийн хуулиа зөрчих болж буй юм.
Б.Жавхлан
Сангийн сайд
Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд өнөөдөр эцсийн байдлаар намын бүлэгт танилцууллаа. Маргаашдаа багтаан УИХ-д Засгийн газраас 2023 оны төсөвт тодотгол хийх саналаа өргөн барина.
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сараас хойш тэтгэмжээс хасагдсан хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгох чиглэл гарлаа. Мөн суурь цалин, тэтгэвэр, тэтгэмжид өөрчлөлт оруулна. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай. 2022 оны төсвийн баланс 1.5 их наяд төгрөгөөр сайжирсан. Төсвийн алдагдал буурч, валютын нөөц нэмэгдсэн.
Бүх зүйл сайхан болчихсон, дунд, урт хугацааны тогтвортой суурь бүрэн тавигдсан гэж хэлэхэд эрт байна. Өсөлт бий болж байгаа бол өрхийн орлогын төвшинд жигд хуваарилах, экспорт талдаа худалдааны тэнцвэрийг нэмэдгүүлэх тал дээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, сүүлийн хагас жилд онцгой анхаарч ажиллах шаардлага гарна гэсэн үг.
Таван сард нүүрсний экспорт багасч, үнэ ч унаж байгаа. Гэхдээ тооцож байсанчлан өндөр байгаа. 10 гаруй жилийн түүхийг харвал жил бүрийн тав, зургаа, долдугаар сард нүүрсний үнэ унадаг. Наймдугаар сараас сэргэж, оны эцэс рүү оргилдоо хүртэл өсдөг. Нүүрсний зах зээл бол урд хөршид хангалттай байгаа, бидний нийлүүлж чадахаас илүү эрэлт байгаа. Геополитикийн хувд өрсөлдөөн нэмэгдэж байгаа. ОХУ Европ руу нүүрсээ нийлүүлэх боломжгүй болсноор Хятад руу экспортлох болсон. Дээр нь Австрали, Индонези хүчтэй өрсөлдөгч болж байна. Гэхдээ Монгол Улс хамгийн давуу талтай нь хамгийн сайн чанартай нүүрс экспортлох чадвартай. Энэ боломжоо маш сайн ашиглах хэрэгтэй.
Б.Жавхлан
Сангийн сайд
Ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор өргөн барих гэж байна.
Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна.
Төсвийн хэмнэлт дээр томоохон тохиргоонууд хийснээр хүүхдийн мөнгийг 90 гаруй хувьд нь өгөх боломжтой болсон.
Холбоотой мэдээ