Сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр/2023.05.31/ мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Г.БААСАН:
“Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн танхимд Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр авч хэлэлцсэн. Хуралд дөрвөн өмгөөлөгч, прокурор оролцсон. Энэ хурлын дараа Дээд шүүхийн 04 тоот тогтоол хоёрдмол утгатай гарсан. Тогтоолд дурдахдаа гадаадын иргэн, байгууллагыг Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан, гадаадын тагнуулын алба гэж гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтны үүрэг гүйцэтгэгчийг тагнуулын ажилтан мэтээр бодит үндэслэлгүйгээр, зориуд буруутгах нь НҮБ-ын конвенциудыг, Дипломат харилцааны конвенц, Венын конвенцүүдийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болохоос гадна Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахаар үйл ажиллагаа юм гэж бичсэн байна.
Үүнээс харахад Консулыг гадаадын тагнуул мөн үү, биш үү гэдгийг эцэслэн тогтоож чадаагүй. Консулыг тагнуул гэсэн дүгнэлтийн үнэн зөвийг ТЕГ биечлэн хариуцна гэж тогтоолд дурдсан байна. Дээд шүүх аливаа гэмт хэргийн үнэн зөвийг эцэслэн шийдвэрлэж, дэнсэлдэг. Төрийн тохируулагч агентлагийг хариуцна гэж шийдвэр гаргаж байгаа нь хууль ёсны дагуу Ч.Мөнхбаярыг буруутгаж чадалгүй, 10 жилийн хорих ялыг хэвээр нь баталлаа.
Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Хариуцлага хүлээлгэхийг эрүүгийн хуульд зохицуулахдаа Шүүхийн ерөнхий хуульд заасныг үндэслээд тусгай ангид заасан гэмт хэрэгт хариуцлага хүлээнэ хэмээн тусгасан. Гэтэл прокурор Ц.Батбямбын ялласан, БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэдгийг зохицуулсан зохицуулалт тусгай ангид байхгүй. Байхгүй яллах дүгнэлтийг Монгол Улсын гурван шатны шүүх хурал авч хэлэлцэж, тагнуул өөрөө хариуцна гэж шийдвэр гаргаж байгаа нь БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн эсэхийг дээд шүүх үгүйсгэхгүй хүлээн зөвшөөрсөн юм шиг хэлэлцсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэгт үндэсний аюулгүй байдлын гэмт хэргүүд зохицуулагддаг.
19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах:
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэсэн хоёр агуулгыг өөртөө багтаасны дараа 8-15 жилийн хүнд ялыг авдаг.
Харин Ч.Мөнхбаярт зөвхөн уулзсан, тохиролцсон гэх нэрийн дор 10 жилийн хорих ял оноосон. Юу уулзаж, тохиролцсон тал дээр огт анхаарал хандуулаагүй. Энэ нь хуулийг буруу хэрэглэж байгааг харуулж байна.
Иймд, ТЕГ биечлэн хариуцна гэж байгаад ялыг хэвээр нь үлдээлээ.
Үндсэн хуульд УДШ хараат бусаар шийдвэр гаргана гэж заасан байдаг. Тиймээс УДШ-ийн шийдвэр хараат байдлаар гарсан. Зөвхөн тагнуулын байгууллагын бичгийн дагуу Ч.Мөнхбаярын ялыг хэвээр үлдээсэн гэж үзэж байна" гэлээ.
Э.ХУЛАН
Холбоотой мэдээ