Польшийг Оросын нөлөөллөөс салгах хууль

Хуучирсан мэдээ: 2023.05.31-нд нийтлэгдсэн

Польшийг Оросын нөлөөллөөс салгах хууль

Польшийг Оросын нөлөөллөөс салгах хууль

Польшийн улс төр дэх Оросын нөлөөллийг мөрдөн шалгах комиссыг байгуулах маргаан дагуулсан хуульд ерөнхийлөгч Анджей Дуда гарын үсэг зурна гэдгээ Даваа гаригт мэдэгдсэн. Уг хууль нь Кремлийн гар хөл болсон хүмүүсийг Польшийн нийтийн албанд ажиллах эрхийг нь 10 жил хязгаарлах заалттай юм.

Дуда болон Хууль ба шударга ёс намын тэргүүлсэн Засгийн газраас энэ хуулийг баталснаар Польш дахь Оросын "агентуудыг" үндсээр нь устгаж, Москвагийн хөндлөнгийн нөлөөллөөс салж чадна гэж лоббидож байгаа бол сөрөг хүчний зүгээс шинээр байгуулах комиссыг улс төрийн өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл болохоос сэрэмжлүүлж байна. Ялангуяа, Европын зөвлөлийн ерөнхийлөгч асан Дональд Туск ирэх намын парламентын сонгуулийн өмнө энэ хуулийг батлахыг эсэргүүцэж байна. Тэрбээр Иргэний индэр намыг тэргүүлдэг.

Мөрдөн шалгах комиссын есөн гишүүнийг парламентаас сонгох юм. Гэвч парламентад эрх барин нам олонх бөгөөд хууль батлах үйл явцыг сөрөг хүчний хэд хэдэн нам бойкотложээ.

Тус комисс нь Тускийн тэргүүлсэн Иргэний индер намын 2007-2015 оны Засгийн газар болон одоогийн засаг захиргааг хамруулан 2007-2022 онд "Оросын нөлөөн дор" хийгдсэн улс төрийн үйл ажиллагаануудыг судлах гэнэ.

Харин эсэргүүцэгчид тус комиссын үйл ажиллагаа нь нарийн тодорхойлогдоогүй, шийдвэр нь эцсийнх бөгөөд комиссын гишүүд эрүүгийн хариуцлага хүлээхээс хамгаалагдсан тул Үндсэн хууль зөрчиж байна гэж шүүмжилж байна. Тус улсын бүх тагнуул, цагдаа, прокурор болон бусад албан тушаалтнууд түүнтэй хамтран ажиллах үүрэгтэй бөгөөд хэнийг шалгахыг шийдэх тодорхой журам байхгүй гэнэ.

Түүгээр ч зогсохгүй тус комисс  нь хүмүүсийг 10 жилийн хугацаанд төсвийн хөрөнгө зарцуулсан ажилд орохыг хориглох шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэ нь тэднийг сонгуульд нэр дэвшихэд саад болно.

Варшавын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэд профессор Бен Стэнли хэлэхдээ,  "Шүүх, прокурор, тусгай албаны чиг үүргийг хууль бусаар авах комисс байгуулахыг парламентад зөвшөөрсөн хуульд Дуда гарын үсэг зурлаа" гэж твиттер хуудсандаа зарласан. Мөрдөн шалгах комисс байгуулах хуулийн төслийг өнгөрсөн Баасан гаригт Польшийн парламентад ширүүн маргааны эцэст баталсан. Улмаар Дуда хуулийн төсөлд яаравчлан гарын үсэг зурахаар шийдсэн аж. Мөн сөрөг хүчний эсэргүүцлийг дарахын тулд уг хуулийг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн. Гэвч уг цэцэд эрх барих нам давуу суудалтай байдаг.

"Ард түмэн мэдэх эрхтэй" гэж Дуда телевизийн нэвтрүүлгээр мэдэгдээд хуульд гарын үсэг зурахаа зарласан. Түүнчлэн тэрбээр "Бүх нийтийн сонгуулиар сонгогдсон хүмүүс Бүгд Найрамдах Польш Улсын ашиг сонирхлыг хэрхэн ойлгосон, тэдгээр ашиг сонирхол бодитой хэрэгжсэн эсэх талаар олон нийт өөрийн гэсэн санал бодлыг бий болгох ёстой" гэж мэдэгджээ. 

Харин сөрөг хүчнийхний зүгээс мэдэгдэхдээ, эрх барих нам ялагдаж болзошгүй сонгуулийн өмнө өрсөлдөгчдөө намнах зорилгоор уг комиссыг  улс төрийн зэвсэг болгон ашиглана гэж буруутгаж байна. Тодруулбал, “Ерөнхийлөгч Дуда өнөөдөр манай улсыг дотоод болон гадаад байдлаар ноцтой сулруулсан. Тэрбээр Польшид иргэний дайныг эхлүүлэхээр шийдлээ” гэж Польш 2050 сөрөг хүчний намын тэргүүн Шимон Холуниа мэдэгджээ. Мөн Иргэний индэр намын тэргүүлэгчдийн нэг Борис Будка тус комисст элссэн хүн бүр эрүүгийн хариуцлага хүлээх ёстойг анхааруулав. Тэрбээр "Энэ комисс юуг ч тайлбарлах, юуг ч шийдэх, юуг ч шүүх ёсгүй. Зөвхөн сөрөг хүчний эсрэг шүүхийн алх болно" гэж мэдэгджээ. Түүнчлэн Зүүний сөрөг хүчний нам Дудаг улстөрчдийг шүүх ёстой Улсын шүүхэд өгөхийг уриалсан байна. Тус намын тэргүүн Влодимеж Чажастый "Та манай улсын ардчиллын төлөө үнэхээр гутамшигтай зүйл хийсэн" гэж хэлжээ. 

Үүний зэрэгцээ Дудагийн шийдвэр Польш болон Европын холбооны унасан харилцааг улам дордуулах магадлалтай байна. Польшийн засгийн газар Европын холбооны ардчилсан зарчмуудаас ухарч байна гэж үзсэнээс Европын зөвлөлөөс Варшавт олгохоор шийдвэрлэсэн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн олон тэрбум ам.долларын тусламжийг царцаагаад байгаа юм.  Тус комиссын талаар НАТО дахь Польшийн гол холбоотон АНУ-ын зүгээс ч анхааруулсан байна. Польш улсад суугаа АНУ-ын Элчин сайд Марк Бжезински тус улсын телевизэд хэлэхдээ, "Сонгогчдын сонгосон нэр дэвшигчдэд санал өгөх эрхийг хараат бус шүүхээр тодорхой тогтоосон үйл явцаас гадуур таслан сэргийлэх хууль тогтоомжийн талаар Вашингтоны засгийн газар санаа зовж байгаагаа илэрхийлж байна" гэсэн байна. 

Харин Засгийн газраас уг комисст ямар ч далд санаа байхгүй гээд "Оросын нөлөөллийг батлах комиссоос сөрөг хүчин тэр дундаа Туск яагаад айгаад байгаа нь сонирхол татаж байна гэж" Ерөнхий сайд Матеуш Моравецки мэдэгджээ. Тэгвэл Туск ард түмэнд хандан Польшийн коммунист дэглэмийг төсгөж, хэсэгчилсэн чөлөөт сонгууль явуулсан өдөр буюу 1989 оны зургадугаар сарын 4-ны ойгоор Варшав нийтээрээ эсэргүүцлийн жагсаалд оролцохыг уриалжээ. 

Иргэний индэр болон Хууль ба шударга ёс намууд нь хоёул 1980-аад онд коммунист дэглэмийг унагаасан Үйлдвэрчний эв санааны нэгдлийн эвлэлээс гаралтай. Гэвч Хууль ба шударга ёс нам нь коммунист намд ажиллаж байсан ахмад гишүүдийнхээ тоог цөөлөхийн зэрэгцээ өрсөлдөгчөө коммунизмыг дэмжигчид гэж харагдуулахыг хичээдэг байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж