Молдавын нийслэл Кишинев хотын ойролцоох Мими шилтгээнд Европын 47 удирдагчийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Аюулгүй байдлын стратегийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэх цаг хомс байж магадгүй ч Пүрэв гаригт болох энэхүү уулзалтаар дамжуулан Москвад хүчтэй мессеж илгээх учиртай аж. Европын улс төрийн нийгэмлэгээс зохион байгуулах энэ уулзалтыг Европын холбоонд багтах хүсэлтэй, эдийн засгийн хувьд сул дорой Молдав зэрэг орныг Брюссельд хүргэх гүүр ч гэж үздэг.
"Молдавын түүхэнд ийм мега үйл явдал хэзээ ч болж байгаагүй. Хэрвээ бүх зүйл сайхан болбол уг уулзалт Молдавыг сурталчилж, жижигхэн улс юунд хүрч чадахыг нотлох болно" гэж Фридрих Эбертийн сангийн Украин, Молдавын асуудал хариуцсан мэргэжилтэн Феликс Хетт хэллээ.
Дээд хэмжээний уулзалтыг аюулгүй, эмх цэгцтэй зохион байгуулахын тулд Молдавын жижиг нисэх онгоцны буудалд удирдагчдын онгоцыг байрлуулах агаарын тээврийн тусгай ажиллагааг зохион байгуулжээ. Уулзалтад 2000 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Үүнд Европын холбооны 27 гишүүнээс гадна Их Британи, Турк, Швейцарь, Исланд, Серби, Армен, Азербайжан гэх мэт улсын 20 удирдагч багтах юм. Мөн Украины ерөнхийлөгч Зеленский хүрэлцэн ирж магадгүй.
Европын улс төрийн нийгэмлэгийн анхны уулзалт өнгөрсөн оны аравдугаар сард Прагад болсон. Энэхүү уулзалтад 44 удирдагч оролцжээ.
"Энэ уулзалт бол Европчууд АНУ-ын оролцоогүйгээр өөрсдийн стратегийн ашиг сонирхлын асуудлаа хоорондоо ярилцаж чадна гэдгийг харуулах боломж юм. Уулзалтад хэн ирж, хэн ирээгүйг харах хэрэгтэй" гэж Жак Делорын нэрэмжит судалгааны хүрээлэнгийн захирал Себастьян Майлард хэллээ. Харин Молдавын хувьд энэ уулзалт нь Оросын эсрэг найз нөхдөөрөө хүрээлүүлэх боломж болно. Тус улс Европын холбоонд аль болох хурдан нэгдэх хүсэлтэй байна.
"Мэдээж Украинд болж буй үйл явдалтай харьцуулахгүй. Гэхдээ бид эрсдэлийг харж байна. Европын холбооны нэг хэсэг болж байж л бид ардчиллаа аварч чадна. ОХУ нь ирэх жилүүдэд ч тогтворгүй байдлын томоохон эх үүсвэр хэвээр байна. Тиймээс бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй" гэж ерөнхийлөгч Майя Санду хэлжээ.
Дээд хэмжээний уулзалтад зориулж Европын удирдагчид "Молдав ганцаараа биш" гэсэн хаштагаар давалгаалж байна. Энэ хүрээнд Европын удирдагчид богино хэмжээний бичлэгүүдээ цахим сүлжээнд нийтлэх болжээ.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ