Тэрүнофүжи: Түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэхийг хичээнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи: Түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэхийг хичээнэ

Тэрүнофүжи: Түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэхийг хичээнэ

Мэргэжлийн сүмогийн Нацү башё монгол бөхчүүдтэй тун ээлтэй болж өнгөрлөө. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найм дахь түрүүгээ хүртсэн бол Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки цолны болзлоо хангаж, ёкозүнад нэг алхам ойртов. Мөн сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн 11 даваа авч, озэки цол хүртэх дараагийн бөхөөр нэрлэгдэж байна. Озэки цолны төлөө гурван башё дараалан нийт 33 даваа авах ёстой бөгөөд Хошорюү одоогийн байдлаар хоёр башёд 21 даваа аваад буй. Тэрбээр ирэх зуны башёд 12 даваа авахад л Кирибаямагийн ард очно.

Дээд зиндаанд цахиур хагалах дараагийн монгол бөх болох өдгөө 21 настай Хокүсэйхо Э.Даваанинж качикоши хийн бага багаар туршлага хуримтлуулсаар байна. Хакүхогийн шавь түүнээс япончууд төдийгүй монголчууд их зүйл хүлээж байгаа нь лавтай.

Өнгөрсөн аравдугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн 31 настай Тэрүнофүжиг энэ башёд хэрхэн барилдах бол гэж хэн хүнгүй санаа зовж байсан биз. Дөрвөн башё дараалан бүтэн барилдаж чадаагүй тэрбээр энэ удаад бэлтгэлжилт сайн байгаагаа харуулан 14 давж, найм дахь түрүүгээ хүртсэн.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Исэгахама дэвжээн дээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Ямар ч асуудалгүй башёгоо дуусгалаа. 15 өдрийн турш дэвжээн дээр шийдэмгий гарч, барилдлаа” гэжээ.

Түүний хувьд гурван башё бүтэн өнжсөнийхөө дараа эргэн ирж түрүүлсэн гурав дахь ёкозүна болжээ. Түүнээс өмнө Тайхо болон Хокүтоүми нар эл амжилтыг үзүүлж байсан аж.

Цаашдын зорилгынхоо талаар Тэрүнофүжи “Түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэхийг хичээнэ” гэв.

Энэ хооронд Кирибаяма хурдацтай дээшилж байна. Өдгөө 27 настай Дорнодоос гаралтай тэрбээр энэ оныг комүсүби цолтой эхлүүлсэн ч сэкивэкэ, озэки гэсэн хоёр том цолонд төвөггүйхэн хүрэв. Хэвлэлийн хурал дээр Кирибаяма “Башё эхлэхийн өмнө сандарч байлаа. Аль болох хурдан эхлүүлж, хурдан дуусгахыг л хүсэж байсан. Одоо дууслаа. Тайвширлаа” гэжээ.

Удахгүй сүмогийн холбоо түүнийг албан ёсоор озэки цол хүртсэнийг зарлах гэнэ. Ийнхүү Монголоос озэки цол хүртсэн зургаа дахь бөх Кирибаяма болж байна. Бүр цаашилбал, озэки цол хүртсэн монгол бөхчүүд бүгдээрээ ёкозүна болж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж