Байгаль орчин, аялал жуулчлалын яам/БОАЖЯ//-наас өнөөдөр /2023.05.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас энэ оны хувьд улсын хэмжээнд 46411 га талбайд цэвэрлэгээ хийж, 10.970 тонн хог цэвэрлэсэн болохыг онцоллоо. Мөн улсын хэмжээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал амьтны 66300 сэг зэмийг халдваргүйжүүлж булшилжээ. Аялал жуулчлалын бүсэд болон тусгай хамгаалалттай газарт байгаа стандартын бус 1100 нүхэн жорлонг буулгаж, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 3050 нүхэн жорлонг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хороонд 200 ширхэг, Чингэлтэй дүүргийн 7, 17, 18, 19 хороонд 400 ширхэг, Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 20 хороонд 400 ширхэг, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1000 ширхэг ариун цэврийн байгууламжийг шинэчилж буй аж. Одоогоор ажил 70 хувьтай явж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авто машин засварын 296, дугуй засварын 121, тос тосолгооны 15, машин угаалгын 152, сэлбэг худалдааны 59, бусад чиглэлийн хөрс бохирдуулах эх үүсвэрийн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, хөрсний шинжилгээг хагас жил тутамд хийн ирүүлж байх зөвлөмж өгсөн аж.
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг 00-ын өрөөг үнэ төлбөргүй болгох чиглэл ч өгчээ.
Түүнчлэн тус яам энэ онд 2000 га талбайг нөхөн сэргээх ажлыг хийхээр эхлүүлсэн байна.
Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нөхөн сэргээлт хийхээр болж, ажлыг эхлүүлжээ. Одоогоор 429 га талбайд нөхөн сэргээлт хийсэн. 2023 онд “Эрдэнэт” үйлдвэр 1230 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, хүлээлгэн өгөх юм байна.
Оюутолгой компани 334.7 га талбайд Сэлэнгэ аймгийн Ялбаг гэдэг газар нөхөн сэргээлт хийх юм байна.
Мөн тус яамны холбогдох албан тушаалтны мэдээллээр “Петро чайна Дачин тамсаг” компанитай холбоотой гомдол иргэний нийгмийн байгууллагаас ирж, шалгалт хийхэд дараах зөрчил илэрчээ. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй, зөвшөөрөлгүй хоёр цэгт худаг гаргасан, барилга байгууламж нь нурсан зэрэг зөрчил илэрсэн байна.
"Петро чайна Дачин тамсаг" ХК нь ус ашигласан гэрээ төлбөрөө цаг тухайд нь хийдэггүй, дүгнэлт гаргуулаагүй байхдаа үйлдвэрийн зориулалтаар ус хэрэглэсэн, хог хягдлыг ангилж ялгадаггүй, тусгайлсан газар хаядаггүй болох нь хяналт, шалгалт хийх шатанд тогтоогджээ.
Түүнчлэн химийн бодистой харилцах мэргэжлийн ажилтангүй, химийн бодисыг зориулалтын байр талбайд хадгалаагүй зөрчил илэрсэн гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ