Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг арилгаж, халамжийн тэтгэврийг 325 мянга болгоно

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг арилгаж, халамжийн тэтгэврийг 325 мянга болгоно

Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг арилгаж, халамжийн тэтгэврийг 325 мянга болгоно

УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэхийг дэмжсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Засгийн газар төсөвт тодотгол хийх саналаа бэлтгээд бүлэгт эцсийн байдлаар танилцууллаа. Танилцуулгыг бүлэг бүрэн дэмжсэн. Засгийн газрын маргаашийн хуралдаанд энэ асуудлыг оруулж, тоонуудаа эцэслэнэ. Дараа нь УИХ-д өргөн мэдүүлнэ. Бүлэг дээр дараах зарчмын хүсэлт гаргалаа. Үүнд, Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, нэмээд өнгөрсөн хугацааны мөнгийг нөхөж олгох чиглэл гарлаа.

Цалин, тэтгэврийг нэмэхээр тогтлоо. Энэ удаад хавтгайруулан нэмэгдүүлэх бус цалин, тэтгэврийн зөрүү үүссэн тогтолцооны гажгийг засахад чиглэнэ. Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болно. Энэ өөрчлөлтийг хийх боломж байгаа юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Засгийн газар өнгөрсөн онд эдийн засгийг тогтворжуулах хатуу бөгөөд шийдвэртэй арга хэмжээ авсан, тухайлбал  нүүрсний худалдааг ил тод болгосноор 2022 оны төсөв оны төгсгөл рүү 1.5 их наядаар сайжирсан. Төсвийн алдагдал буурсан, валютын нөөц нэмэгдсэн.  Гадаад өрийн эрсдлээс болж, дефольт болохоос бүрэн гарсан. Эхний улирлын байдлаар 36 сая тонн нүүрс экспортолно гэж байсан бол 60 хувийг буюу 19.6 сая тонн нүүрс гаргасан. Энийгээ цаашид хадгалах нь чухал гэж үзсэн.  Эдгээр ажиллагааны үр дүнд бий болсон орлогоор цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаж байна.

Халамжийн тэтгэврийг 288 мянгаас 325 мянга,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг, эхчүүдэд олгодог асаргааны 183 мянган төгрөгийг 250 мянга болно. Үүнд 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийнэ.

Төрийн албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-н, аравдугаар сарын 1-ээс хоёр үе шаттай нэмнэ. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа хамгийн бага цалин авдаг төрийн албан хаагчдынхныг нэмнэ, аравдугаар сарын 1-ээс  бусад шаардлагатай төрийн албан хаагчдынхны цалинг нэмнэ.

Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага байгаа талаар олон жил ярьсан. Энэ зөрүүг итгэлцүүрийн зарчмаар бүрэн шийднэ. 1990 онд тэтгэврээ тогтоолгосон багш, өнөөдөр тэтгэврээ тогтоолгож байгаа багштай ижил тэтгэвэр авна. Гол нь ажилласан жил, НДШ төлсөн жил нь адил байх шаардлага тавигдана. Үнийн өсөлттэй уялдуулж нийт тэтгэвэр авагчдын санг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг шийдвэрлэх асуудлыг орхиогүй. 420 тэрбум төгрөгөөр санхүүжилт хийгээд явж байгаа. Замын холбоосыг хийхэд 187 тэрбум төгрөг дутаж байгааг төвлөрүүлэлт дээр төсөв хооронд зохицуулалт хийж, шийдвэрлэхээр боллоо.

Сэлбэ сэргэлтийг тойрсон бүтээн байгуулалт хийгдэнэ. ТЭЗҮ хийгдэж байгаа. Өрийн удирдлагын тухай хууль холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар нийслэл бонд гаргах эрхтэй болсон. УИХ-аар 2023 оны төсөвт тодотгол хийсний дараа нийслэл дагаад төсөвтөө тодотгол хийж, бонд гарган түгжрэлийг сааруулах ажлаа хийгээд явах боломжийг олгоно гэлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:

-Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 560 мянга байгааг 750 мянга болгоно. Төрийн бусад үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэнд,  шинжлэх ухаан, соёл зэрэг салбарынхныг мэргэжлийн үйлчилгээ гэж нэрлээд нэг шатлал ахиулна.

Аравдугаар сарын 1-ээс төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмнэ. Яамд арай өндөр цалинтай, агентлагууд бага цалинтай байгааг тэгшитгээд суурь цалинг 1 сая төгрөг болгохоор нэмж оруулж байгаа.

Цагдаа, дотоодын цэргийн цалин нэг ондоо. Жишээ нь цагдаагийн хамгийн бага цалин 999800 төгрөгөөс эхэлж байсныг 1 сая төгрөг, төрийн тусгай албаныхны цалинг мөн адилхан 1 сая төгрөгт хүрнэ. Ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга хоёрын дунд маш бага зөрүү байсныг үүрэг хариуцлага хүлээдэг гэдэг утгаар нь хэлтсийн даргыг нэмсэн.

Тэтгэврийн зөрүүг ахмадууд хамгийн их ярьдаг. Итгэлцүүрийг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөөгүй. Тэтгэврийн зөрүүг арилгах үүднээс 30-аад жилийн хугацаанд 6 удаа итгэлцүүрийг нэмж байсан. Дээрх арга хэмжээг авснаар тэтгэврийн зөрүү үүсэхгүй байх суурь тооцооллыг хийгээд төсвийн тодотголоор шинэчилж байна. Дээр нь тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ.

Суурь тэтгэвэр 700 мянган төгрөг болно гэж буруу мэдээлэл явсан. Нийт тэтгэвэр авагчдын 50 хувь нь доод тэтгэвэр авдаг байсан бол 2022 оны нэмэгдлээр 70 хувь болж нэмэгдсэн. Гэхдээ тэтгэвэр авагчдын 20 хувь нь 2022 оны нэмэгдлээр автоматаар маш бага тэтгэвэр авдаг болсон байсныг нэмлээ.

УИХ-аас Нийгмийн даатгалын тухай багц хуулийг баталснаар тэтгэврийн зөрүү шийдэгдэнэ.

-Төсөвт тодотгол хийх нь Төсвийн хуулиа зөрчих болж буйг яаж зохицуулах вэ. Эдийн засгийн өсөлт энэ оны тавдугаар сарын байдлаар 7.3 хувьтай гарсан гэлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд нүүрсний экспорт буурсан гэдгийг өнөөдөр хэллээ. Эдийн засгийн өсөлт хэр удаан хугацаанд хадгалагдана гэж тооцож байна вэ. Эдийн засагчдын хувьд эдийн засагт гарсан энэхүү багахан өсөлтөө дараагийн орлого олох бүтээн байгуулалтад зарцуулаач гэдэг санал илэрхийлэх болсон?

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: -Бүх зүйл сайхан болчихсон, дунд, урт хугацааны тогтвортой суурь бүрэн тавигдсан гэж хэлэхэд эрт байна. Өсөлт бий болж байгаа бол өрхийн орлогын төвшинд жигд хуваарилах, экспорт талдаа худалдааны тэнцвэрийг нэмэдгүүлэх тал дээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, сүүлийн хагас жилд онцгой анхаарч ажиллах шаардлага гарна гэсэн үг.

Таван сард нүүрсний экспорт багасч, үнэ ч унаж байгаа. Гэхдээ тооцож байсанчлан өндөр байгаа. 10 гаруй жилийн түүхийг харвал жил бүрийн тав, зургаа, долдугаар сард нүүрсний үнэ унадаг. Наймдугаар сараас сэргэж, оны эцэс рүү оргилдоо хүртэл өсдөг. Нүүрсний зах зээл бол урд хөршид хангалттай байгаа, бидний нийлүүлж чадахаас илүү эрэлт байгаа. Геополитикийн хувд өрсөлдөөн нэмэгдэж байгаа. ОХУ Европ руу нүүрсээ нийлүүлэх боломжгүй болсноор Хятад руу экспортлох болсон. Дээр нь Австрали, Индонези хүчтэй өрсөлдөгч болж байна. Гэхдээ Монгол Улс хамгийн давуу талтай нь хамгийн сайн чанартай нүүрс экспортлох чадвартай. Энэ боломжоо маш сайн ашиглах хэрэгтэй.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх үү. Тэтгэврийг нэмэхээр сан нь даах уу. Маш их алдагдалтай сантай шүү дээ?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА: -Инфляцтай уялдуулж тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. Дээр нь тэтгэврийн зөрүүг арилгахад нэлээн их санхүүжилт шаардаж, ачаалал ирнэ. 1.2 сая иргэн шимтгэл төлөөд байгаа хэр нь 480 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг тавьж чадахгүй,  зарим нэг алдагдлыг улсын төсвөөс санхүүжүлээд явж байгаа. Гэхдээ НДС-ын орлого нэмэгдэхээр тэтгэвэр нэмнэ гэвэл бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байхад ахмадуудын амьдрал гүйцэхгүй болчихоод байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээн дээр төсвийн хууль батлахаас жилийн өмнө шийдвэр гаргадаг. Төсвийн жилийн дундуур хөдөлгөх боломжгүй. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхэд төсөв дээр ачаа нэмэхээс гадна хувийн хэвшил дээр ачаалал үүсдэг тул тооцоо судалгаа сайтай байж хийнэ.

-Та бүхэн УИХ-ыг 126 гишүүнтэй болгох нь. Засгийн газрын тусгай сангуудтай нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэх юм уу. Дээр нь ард иргэд 126-г дэмжихгүй байна. 126 гэдэг тоог ямар үндэслэлд тулгуурлаж гаргаж ирсэн юм бэ?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН: 126 –г тоо ярьж байгаад гаргаад ирсэн юм биш. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад нэг гишүүнд 27 мянган иргэн оногдож байсан. Одоо нэг гишүүнд 125.9 мянган иргэн ногдож байгаа. Хүн амын тооны өсөлттэй холбогдож гарч байгаа тоо гэж ойлгох хэрэгтэй. Бүлгээр өнөөдөр энэ асуудлыг ярилцахад гишүүдийн зарим нь дэмжсэн, зарим нь дэмжээгүй, олонхийн саналаараа л 126 -г дэмжсэн.

Би нэр дэвшүүлэх субьект биш. Нэр дэвшүүлэх хүмүүс нь намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга.  Журмаа гаргана. Ард иргэд бол жагсаалтад орж ирэх хүн нь аль болох нэр цэвэр хүмүүс байх ёстой гэж хэлж байгаа.

-Танай нам нэр цэвэр 126 хүн УИХ-д нэр дэвшүүлж чадах юм уу, тийм хүмүүс байгаа юм уу?

-Байгаа, 126 байтугай олон нэр цэвэр хүмүүс бий.

-Малчид ихэвчлэн 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Тэгэхээр 1.3 сая төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол нэмэгдэхгүй гэж ойлгож болох уу?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА: Хүн болгоных өөр, өөр. Адилхан ажилласан жилтэй хэрнээ авч байсан цалин, төлж байсан шимтгэл нь өөр байж болно. Удаан хугацаанд ажиллаад илүү их НДШ төлсөн бол тэтгэвэрт гарахаараа илүү өндөр тэтгэвэр авах нь шударга ёс. Тэтгэвэртэй холбоотой олон гомдлыг шийдвэрлэх зорилгоор итгэлцүүрээр зөрүүг нь арилгах ажлыг хийх ёстой гээд явуулж байна.

Нийгмийн даатгалын том багц хууль батлахад тэтгэвэртэй  холбоотой асуудал цэгцэрнэ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: Хэрэв бид тэтгэврээ хавтгайд нь 10 хувиар нэмбэл өнөөдрийг хүртэл тасардаггүй гомдол болох зөрүү арилахгүй. Тийм учраас эхлээд зөрүүгээ арилгана. Дараа нь үнийн өсөлттэй холбоотойгоор 10 хувийн нэмэгдэл хийнэ. Бүгдийг хавтгайруулаад байвал тэтгэврийн зөрүүний асуудал шийдэгдэхгүй.

Нэмэлт: 15.00 цаг 

Сангийн сайд Б.Жавхлан бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр “ирэх долдугаар сарын 1-нээс соёл, спорт нийтлэг үйлчилгээний төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт орно. Аравдугаар сарын 1-нээс бусад төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт орно. Нийт хүүхдэд 100 мянган төгрөг олгоно. Энэ оны нэгдүгээр сараас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бүх хүүхдийн мөнгийг нөхөж олгоно” гэлээ.

Нэмэлт: 11.30 цаг 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Намын бүлгүүд ҮХӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнөх хурлаа хийж байна. Гишүүдийн тоог нэмэх асуудал ард иргэдэд шууд утгаараа таалагдахгүй байгаа зүйл бий. Энийг ойлгож, өөрчлөлт хэрэгтэйг хүсч буй нэг хэсэг байна. Өнөөдрийн тогтолцооны гажуудлыг эм уугаад аргацаагаад явах уу эсвэл анагаах уу гэдэг сонголтод бид ирээд байна. УИХ-ын гишүүд энэ агуулгаа бодож асуудалд хандана гэдэгт итгэлтэй байна. Маргааш УИХ-ын чуулган хуралдаж, ҮХӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Тоо нэмж байгааг өнөөдрийн байгаа түвшнээр харж боломгүй. Үүссэн нөхцөлийг би сая хэллээ. Төсвийн тодотголын талаар бүлгийн хуралд ярилцаж байна. Дууссаны дараа мэдээлэл өгнө” гэлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын бүлэг цалин тэтгэврийг ирэх долдугаар сарын 1-нээс нэмэхийг дэмжжээ.


МАН: ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ХҮҮХДИЙН МӨНГӨ НЭМЭХИЙГ ХУРЛААР ЯРИЛЦАЖ БАЙНА 

МАН-ын бүлгийн хурал эхэлж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга бүлгийн хуралд оролцож тоо, тогтолцооны асуудлыг нэг талдаа гаргахаар хуралдаж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн тоог 126 –аас бууруулахгүй байх дээр хатуу байр суурь илэрхийлж байгаа бол иргэдээс зэмлэл хүртсэн гишүүд, гишүүдийн тоог 99 байх нь зүйтэй гэсэн саналыг ч хэлжээ.

Үүнээс гадна цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгийг нэмэх чиглэлээр сайд нар танилцуулга хийж байна.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр “Сая гишүүд тойрогтоо ажилласан. Нэг хэсэг нь сумдаар нэлээд ажилласан бол зарим нь төлөвлөсөн уулзалт хийсэн байна. Гишүүдийн тооны талаар маргааш бүлгийн хурлаар хэлэлцэж албан ёсны шийдвэр гаргана. Ерөнхийдөө 126 их байгааг иргэд хэлж байна. Дээр нь Боловсролын зээлийн сантай холбоотой бухимдал нэмэгдсэн байна. Тиймээс маргааш бүлэг дээр нэлээд сайн ярилцана. Бүлгээр ярьсны дараа УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөнө. Хэрвээ 126 гэдэг тоон дээр санал нэгдэхгүй бол ахиад тоо гаргаад чуулганаар хэлэлцэж болно. Бид энэ долоо хоногтоо энэ асуудлыг багтаачих юмсан гэдэг бодолтой байна. Гишүүдийн ярьж буй ерөнхий зүйлийг харахад 126-г дэмжихгүй байгаа гэж ярьж байна” гэх мэдээллийг бидэнд өгсөн.

Тиймээс МАН-ын бүлэг уг асуудлыг нухацтай ярьж  намуудтай зөвшилцсөний үндсэн дээр үдээс хойш Байнгын хорооны хурлаар оруулахаар бэлтгэж байна. Энэ дагуу өнөөдөр намууд тоон дээрээ тогтож, маргааш ҮХӨ-ийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг шууруулах төлөвтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж