Монгол Улсын хувь заяанд хувьсгал хийх эсэхийг шийдэх 126

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Монгол Улсын хувь заяанд хувьсгал хийх эсэхийг шийдэх 126

Монгол Улсын хувь заяанд хувьсгал хийх эсэхийг шийдэх 126

Монгол Улсын парламентын түүхэнд шинэ хуудас, шинэ түүх бичигдэх эсэх нь удахгүй тодорхой болох гэж байна. Цаашлаад, Монгол Улсын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-ын гишүүд, иргэдийнхээ санал дээр тулгуурлан шийдэх юм.

Гишүүдийн тоог 126 болгож, 60:40 байх дээр УИХ-д суудалтай намууд санал нэгдсэн. Энэ долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар гурав дахь удаагийн хэлэлцүүлэг УИХ-ын чуулганы танхимд өрнөх юм.

Тиймээс яагаад УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох нь зүйтэй хэмээн үзэж байгаа талаар эргэн сануулъя.

Нэг. Парламент, Засгийн газарт хяналт тавих боломж бүрдэнэ

Үндсэн хуульд 2019 онд  оруулсан УИХ-ын дөрвөөс доошгүй гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болох хуулийн заалт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр үгүй болж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг хавсарч гүйцэтгэх боломжтой болсон. Тиймээс одоогийн УИХ-ын 76 гишүүний 19 нь Засгийн газрын сайдаар томилогдож давхар дээлтэй болоод байгаа юм. Үүнээс үүдэн парламентын гишүүд Засгийн газартаа хяналт тавих боломж хомс болоод байгаа юм. Иймээс УИХ-ын гишүүний тоог 126 болгосноор парламентын гишүүд Засгийн газартаа барьцаалагдах биш хяналт тавих бүрэн боломжтой болно хэмээн үзэж байгаа юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ  "Манай улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний ажил албан тушаалыг эрхлэхэд УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол үүсч байсан. Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Сонгуулийн холимог тогтолцооны эхлэлийг тавьж байна" гэдгийг хэлж байлаа. 

Хоёр: Судалгаатай, чанартай хууль батлагдана

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэр утгаараа УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг бол чанартай, судалгаа нотолгоонд суурилсан хууль батлах. Баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих юм. Гэтэл УИХ-ын 76 гишүүн олон байнгын хороонд харъяалагдаж байгаагаас үүдэн судалгаа, нотолгоогүй хуулиуд ар араасаа үйлдвэрлэгдэж байна гэдгийг гишүүд хэлж байгаа юм. Одоогийн нөхцөлд нэг байнгын хороо 19 гишүүнтэй, нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагддаг, мэргэжлийн байнгын хороонд мэргэжлийн бус гишүүн харьяалагддаг, цөөн гишүүний кнопоор хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийддэг зэрэг сул тал олон байна. Дээрх хувилбараар, гишүүдийн тоог нэмснээр нэг байнгын хороонд нэг гишүүн харьяалагдаж  чанартай хууль батлах боломж бүрдэх юм.

Гурав: Тойргийн эрх ашгаас улсын эрх ашиг руу

Манай улс өргөн уудам газар нутагтай учир газар нутгийн төлөөлөл УИХ-д байх ёстой. Өнгөрсөн 30 жилд манай эдийн засаг 17 дахин тэлсэн ч ядуурлын түвшин зургаан хувиар л буурсан. УИХ-ын гишүүд мажоритар тогтолцоогоор тойргоос сонгогддог учраас зөвхөн тойргоо услах, улсын төсвийг эдийн засгийн үр өгөөж муутай бүтээн байгуулалтад зарцуулсан ирсэн нь Монгол Улсын эдийн засаг тэлэхгүй байгаагийн бас нэгэн шалтгаан гэдгийг тодотгож байгаа юм. Тиймээс УИХ-ын 126 гишүүнтэй болж, 60:40 гэх холимог тогтолцоог нэвтрүүлснээр тойргийн эрх ашгаас улсын эрх ашиг илүүд тооцогдох цаг ирнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл,тойргоос сонгогдох 76 гишүүн газар нутгийн төлөөлөл, жагсаалтаар сонгогдох 50 гишүүн нь бүлэг бүлгийн төлөөлөл байхаар тооцжээ. Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэх нь сонгогчдын санал бага гээгдэх, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай. Иймд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болох, Улсын Их Хурлын нийт гишүүний 60 хувийг мажоритар, 40 хувийг пропорциональ аргаар сонгох зохицуулалтыг тусгасан байна. 

Дөрөв: Иргэдийг төлөөлөх чадвар сайжирна 

Гишүүдийн тоог 126 болгосноор иргэдийг төлөөлөх чадвар сайжирна гэж үзэж байна. Тухайлбал, 1992 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Улсын Их Хурал 76 гишүүнтэй байна гэж заасан. Тэр үед нэг гишүүн 27 мянга орчим иргэнийг төлөөлж байсан. Өнөөдрийн хүн амын тоог харгалзан үзэж 126 гишүүнтэй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Ингэж чадвал нэг гишүүний иргэдийг төлөөлөх чадвар сайжирна гэж үзсэн. Тиймээс Улаанбаатар хотоос сонгогдох гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй гэсэн саналыг зарим УИХ-ын гишүүн илэрхийлж байгаа юм. Учир нь Улаанбаатар хотоос сонгогдсон нэг гишүүн дунджаар 100 мянган хүн төлөөлж байгаа бол орон нутагт 25-30 мянган хүнийг төлөөлж байгаа учраас нэг УИХ-ын гишүүн ижил тооны сонгогчыг төлөөлөх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаа гишүүдийн хувьд 76 гишүүний нэг байж кнопоо үнэд хүргэх гэсэн оролдлого гэх шүүмжлэл ч парламентын танхимд өрнөсөн юм.

Тав:Олон намын тогтолцоотой болно 

Монгол Улс ардчилсан засаглалтай болж олон амын тогтолцоог бүрдүүлсэн 1990 онооё хойш өнөөдрийг хүртэл МАН, АН гэсэн улс төрийн ууган хоёр хүчин төрийн эрхийг ээлжилж атгасан гэж болно. Улмаар сүүлийн найман жил нэг нам хэт олонх болж төрийн эрх барьснаар засаглалын хямрал нүүрлэж байгаа гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмж, тогтолцоогоо өөрчилснөөр солонгорсон парламент бүрдэж олон ургальч үзэл төрийн бодлого шийдвэрт тусах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. Асуудлаа парламентын гадна гудамжинд ярьдаг биш парламент дотроо ярих боломж бүрдэх юм. Ингэснээр парламентын засаглал бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж  байна.

Ямартай ч Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсанаар ард түмнийг төлөөлөх парламентын чадав­хыг сайжруулах, хууль тог­тоом­жийн биелэлтэд тавих хянал­тыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн тогтол­цоог тодорхой зааж батал­гаа­жуулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой гэж үзэж байна. Эцэст нь Монгол Улсын хувь заяанд хувьсгал хийх эсэхийг гишүүдийн тоог 126 болгохоос ихээхэн хамаарахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж