Тусгай сан ба төрөөс "угжуулдаг" хурганууд цөөрөх боломж!

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Тусгай сан ба төрөөс "угжуулдаг" хурганууд цөөрөх боломж!

Тусгай сан ба төрөөс "угжуулдаг" хурганууд цөөрөх боломж!

Монгол Улсын Засгийн газраас төрд байдаг бүх сангийн мэдээллийг ил тод болгож буй. Хамгийн сүүлд гэхэд Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг 6 сангийн мэдээллийг ил болгосон бөгөөд цаашид ч бүх сангийн мэдээллийг ил болгоно гэдгээ мэдэгдээд буй. Тусгай сангуудын мэдээлэл ил болсноор төрд ямар их боломж байдаг, түүнийг цөөн тооны хэдхэн хүн завшдаг, авдаг, ашигладаг, хулгайлдаг байсан нь ил болов. Бид өнгөрсөн хугацаанд зөвхөн улстөрчдөд, эрх мэдэлтнүүдэд, мэдээлэлд ойр ажилладаг хүмүүст л боломжоо алдаж байжээ хэмээн олон нийт бухимдаж, бачимдаж сууна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар нийтдээ 24 тусгай сан бий. Одоогоор 20 тусгай сангийн мэдээллийг ил болгоод буй.

Засгийн газрын тусгай сан:

  • Байгаль орчин, уур амьсгалын сан
  • Боловсролын зээлийн сан
  • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  • Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  • Засгийн газрын нөөц сан
  • Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  • Ирээдүйн өв сан
  • Кино урлагийг дэмжих сан
  • Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  • Нийгмийн даатгалын сан
  • Нийгмийн халамжийн сан
  • Соёл, урлагийг дэмжих сан
  • Спортыг дэмжих сан
  • Төсвийн тогтворжуулалтын сан
  • Улсын авто замын сан
  • Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  • Шинжлэх ухаан, технологийн сан
  • Эрүүл мэндийг дэмжих сан
  • Эрүүл мэндийн даатгалын сан
  • Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан
  • Хүүхдийн төлөө сан
  • Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан.

Эдгээр сангуудын мэдээлэл ил гарснаар олон нийт хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан мэдээлэлд ойр, давуу байдлаа ашиглаж байсныг харах боломжтой болж, маш том дуулиан дэгдээд буй. Угтаа бол Засгийн газрын тусгай сангуудын төрлийг Засгийн газраас тогтоож санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих үүрэгтэй. Гэвч өнгөрсөн хугацаанд тусгай сангуудын мэдээлэл ил тод биш байснаар эрх мэдэл, албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдлаа давуу байдал болгож, хүүхдүүдээ Боловсролын зээлийн сангаар гадаадад өндөр төлбөртэй сургуульд сургах, сангуудаас хувийн компанидаа, өөртөө, танил талдаа санхүүгийн дэмжлэг олгох, буцаан төлөхгүй байх, ард иргэдийн боломжийг өнөөдрийг хүртэл хулгайлж ирснийг харуулж байна. Хамгийн сүүлд гэхэд Боловсролын зээлийн сангаас улстөрчид, намын хамааралтай хүмүүсийг хүүхэд, гэр бүлийн хүмүүс нь өндөр төлбөртэй, гадаадын сургуулиудад сурсан асуудал хамгийн том дуулиан тарьж байна. Угтаа бол Боловсролын зээлийн сан нь эрэлтэт мэргэжлээр гадаадын сайн сургуульд суралцаж ирээд Монголдоо ажиллах, үр өгөөжөө эх орондоо шингээх зориулалттай. Гэвч энэ санг зөвхөн улстөрчдийн “халаас”-ны сан болгож ирсэн ганцхан жишээг дурдахад л Засгийн газрын тусгай сангууд нь эрх мэдэлтэй хүмүүсийн, засаг барьж байгаа намын “угжны хурга” болж ирснийг гэрчилнэ.

Ийм тэгш эрх, тэгш боломж байгаагүй учраас өнөөдөр олон нийт дургүйцэж, шүүмжилж байгаа, олон боломжоо алдсандаа бухимдаж байгаа юм. Гэхдээ энэ мэдээллүүд ил болоогүй байсан бол бид ямар их боломжоо, ямар их мэдээлэлгүй явах байсан бол гэдгийг бас тунгаан үзмээр. Цаашид Засгийн газар бүх сангийн мэдээллийг ил болгоно, бүр хугацаатай үүрэг өгчихсөн. Тэгэхээр өөр олон боломжуудыг эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр байдлаа ашигласан бэ гэдэг ил гараад ирнэ. Нөгөөтэйгүүр үндсэн шалгуураа хангаад, тусгай сангийн дүрэм, журам зөрчөөгүй олон хүн байгааг энд бас тодотгоё.

Чухам энэ үед л иргэд мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, хэн нь хэн бэ гэдэгт зөв дүгнэлтээ хийгээсэй, олон нийт. Мэдээлэлтэй хүнд сонголт хийх боломж олдоно, мэдээлэлтэй хүн аливаа асуудалд шүүлтүүртэй хандаж, боломжоо ч ашиглаж болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид бүх сангийн мэдээллийг ил болгоно гэсэн амлалтдаа хүрч, олон нийтийг мэдээлэлтэй, шүүлтүүртэй, тунгаан бодох боломжоор хангах үүргээ заавал биелүүлээрэй. Нэгэнт ил болсон сангуудийн мэдээллийг иргэд, олон нийт хянадаг байх боломжийг бүрдүүлчихлээ. Нөгөө талдаа сангуудийн мэдээллийг ил болгосноор цаашид улстөрчид, мэдээлэлд ойр хүмүүс төрөөс юу авч болох вэ, авч болохгүй вэ, бусдын боломжийг хулгайлахгүй байх нэг том дохиог хатуухан өглөө.

Харин одоо иргэд хяналтаа цаг тухайд нь тавьдаг, тусгай сангуудын хяналтыг сайжруулж, хулгай хийх боломжийг нь таслан зогсоох хяналтаа сайжруулах ёстой. Ингэж байж төрд нүүрлэсэн "хулгай" таслан зогсч, төрөөс "угжуулдаг" хурганууд цөөрнө.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж