"Гарын үсэг зурсны дараа хуудас сольсон байхыг үгүйсгэхгүй"

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Live"Гарын үсэг зурсны дараа хуудас сольсон байхыг үгүйсгэхгүй"

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 32 дахь өдрөө үргэлжилж байна.


15 : 00
2023-5-30

"Шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалтыг бичгээр гаргасан"

Үдээс хойшх шүүх хурал эхэллээ.

"Мондулаан трейд" ХХК-ийн зээлийн асуудлаар шинжлэн судалж байна. Гэрч Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Батбаяр "Шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалтыг гаргасан. Судлуулах хэсгүүдээ дотор нь дурдсан байгаа. Тийм учраас бичгээр гарган өгч, шинжлэн судлуулснаар шүүх хуралдааны тэмдэглэлд хавсаргаад явъя" гэв.

Шүүгдэгч Будхүү:

Прокурорын шинжлэн судалсан бүх нотлох баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцъё. 22 дугаар хавтаст хэргийн 62 дугаар талд шийдвэрийн нөхцөл шалгах хуудас гээд баримт бичиг бий. Тэрэн дээр Голомт банк, "Өсөх зоос", "Уул уурхайн үндэсний олборлогч" ХХК-иудын хооронд байгуулсан өр төлбөр барагдуулах гэрээнд заасан асуудал дууссан эсэхийг баримтжуулж, тодруулах асуудлыг тойрч буй. Энэ асуудалд Хууль зүйн хэлтсийн захирал Будхүү  нь гарын үсэг зурж баталгаажуулж, хангасан гэж бичсэн байна гэж уншсан. Энэ хавтаст хэргийн энэ хэсэгт миний бие оролцоогүй гэдгээ тодруулж хэлье ээ. Буруу уншсан юм уу, зориуд тэгсэн эсэхийг мэдэхгүй байна. 

Миний ажлын чиг үүрэгт хамааралгүй байдлаар ийм заалтууд зөрчсөн гэж бичихдээ олон асуудлыг дурдаж бичсэн байдаг. Би олон хүний материал дунд андуураад, ажилдаа хайнга хандаад тэгсэн байлгүй гэж ойлгож буй. Өөрийнхөө хийсэн үйлдэлд л тайлбарыг өгч буй.

Шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгчийн зүгээс "Судлах баримт байхгүй" гэв. 

Шүүгдэгч Баярчимэгийн өмгөөлөгч Дэлгэрмаа "Улсын яллагчаас Баярчимэгийг буруутгаж байгаа үндэслэлүүдийг няцаан үгүйсгэх баримтуудыг хэлье" гэв. Хоёрдугаар хавтаст хэргээс дараах баримтуудыг шинжлэн судлуулна. Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газраас Зээлийн удирдлагын хороонд танилцуулахаар бэлтгэсэн 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн зээлийн шинжилгээний танилцуулгыг прокурор бүхэлд нь уншиж танилцуулсан учраас шинжлэн судалснаар тооцуулъя. 

Мөн 20 дугаар хавтаст хэргийн 50-56 дугаар талд Зээлийн үнэлгээ, удирдлагын газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны эрсдэлийн дүгнэлтийг шинжлэн судлуулснаар тооцуулъя. 

13 : 24
2023-5-30

"Мондулаан трейд" ХХК 2016-2017 онд 400-450 кг алт олборлосон"

Шүүгдэгч өмгөөлөгч Б.Алтандөш:

-20 дугаар хавтаст хэргийн долдугаар талаас эхэлъе. Прокурорын шинжлэн судалсан баримтыг бүхэлд нь шинжлэн судалсанд тооцож, товч хэлбэрээр танилцуулъя. Долдугаар хуудаст АТГ болон ЦЕГ-ын даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний А/30, а/107 дугаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хамтарсан ажлын хэсэг томилох тухай тушаал гарсан. Энэ тушаалд Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Цацрал бүрэлдэхүүнд багтсаныг шинжлэн судалж байна. 

Зээлийн шинжилгээний танилцуулгад "Мондулаан трейд" ХХК 1998 оноос үйл ажиллагаа явуулж байсан талаар дурдсан байна. Баянхонгороос Төв аймгийн Заамар сум хүртэл. 2016-2017 оны хооронд хэдий хэмжээний алт олборлож байсан талаар мэдээлэл авагдсан байдаг. Нийт 400-450 кг алт, 110 кг мөнгө олборлож ашигтай ажиллаж байсан талаар дурдсан байдаг. Эдгээр баримтуудад техникийн их, дунд засварт 28.8 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас эхний ээлжид бид өөрсдөө 13.2 тэрбумыг өөрсдөө гаргаж, 15 тэрбумыг зээлээр авья гэдэг байдлаар хандсан. 

Барьцаа хөрөнгийн дүгнэлтэд нийт 17.6 тэрбумын барьцаа хөрөнгө хангаж байгаа гэжээ. Нэг зүйлийг тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь 9.7 тэрбум төгрөг байгаагаас банк 6.8 тэрбум болгоё гэснийг шинжлэн судалсанд тооцъё. 

Гэрч Оюунчимэгийн мэдүүлэг Хөгжлийн банкны тухай хуулийг хангаж байсан талаар мэдүүлсэн. Гэрч Пүрэвсүрэнгийн мэдүүлэг байдаг. Үүнийг тооцоод явъя. 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 2919 дугаартай шүүгчийн захирамжид хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дурджээ. Нэхэмжлэгч Хөгжлийн банк, хариуцагч нь "Мондулаан трейд" ХХК байна. Зээлтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэр ингэж гарсан байдаг. Нийт барьцаалсан эд хөрөнгийг дурдаж өгсөн 22018 оны наймдугаар сарын 10-нд Худалдаа хөгжлийн банкны зээлээс чөлөөлсөн баримтууд бий. Долоон нэр бүхий үл хөдлөх хөрөнгө байна.

"Мондулаан трейд" ХХК Хөгжлийн банкинд шүүхийн шийдвэр гарах үед 19.365.371.250.48 төгрөгийг зээлийн нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлөх нь зүйтэй гэж шийдвэр гарсан. 

Энэ нь "Голомт" банкны 2017 оны долдугаар сарын 6-ны өдөр Монголбанкинд өгсөн мэдээлэл хүргүүлэх албан бичгийг прокурор судалсан учраас судалсанд тооцъё. Хөгжлийн банктай 2022 оны гуравдугаар сарын 22-нд уулзалт хийж, "Эрдэнэ фүүдс" ХХК буюу барьцаа болсон үйлдвэртээ хөх тариа үйлдвэрлэж, үүгээрээ зээлээ төлье гэж уулзаж, ярилцсан. Энэ хурлын тэмдэглэлийг шинжлэн судалж байна. Энэ үйлдвэр маань бүрэн техник хангамжтай учраас ажиллах хүсэлтээ салбарын сайдад 2023 оны нэгдүгээр сарын 13-нд явуулсан байдаг. 

13 : 11
2023-5-30

"Нийт 2.7 тэрбум төгрөгийн эргэлзээтэй зээл "Голомт" банкин дээр байгаа гэсэн"

2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр 123 дугаартай прокурорын зөвшөөрлөөр орон байранд нэгжлэг хийсэн байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн банкны оффист нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн тэмдэглэлийг шинжлэн судалснаар тооцов. Дээрх нотлох баримт 23 дугаар хавтаст хэргийн 159-163 дугаар хуудаст байна. 

2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд Зээлийн удирдлагын хорооны хуралдааны аудио бичлэгийг үзсэн. Нарийн бичгийн дарга Балжинням оролцсон. Энэ үеэр Чойжилжалбуу "Мондулаан трейд" ХХК-иа гялс танилцуулаад явчихья" гэхэд мэргэжилтэн Билгүүн танилцуулгыг хийсэн. 

Дэлгэрсайханаас завсарлах уу, ирц бүрэн биш байх шиг байна гэж Батбаяр захирал хэлэхэд Содоо захирал энийг дэмжээд явсан. Энийгээ дуусгая гэсэн. Энхбат нэгэнт эхэлсэн юм чинь дуусгая гэсэн. Тэгээд танилцуулгаа үргэлжлүүлэн явсан. Өр төлбөр нь хэр байна гэхэд Билгүүн "Энэ бол 2020 оноос хойш Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт 2.7 тэрбум төгрөгийн эргэлзээтэй зээлтэй байгаа. Энэ зээл "Голомт" банкин дээр байгаа. "Өсөх зоос" гэж компани 10 сая ам.долларын өглөгтэй, энэ зээлийг хариуцна гэсэн гурван талт гэрээтэй, "Голомт" банк "Өсөх зоос" болон "Уул уурхайн үндэсний олборлогч" ХХК гэсэн гэжээ. 

12 : 32
2023-5-30

"Мондулаан трейд" ХХК дангаараа зээлийн үүрэг гүйцэтгэгч болох саналыг оруулсан"

Гэрч Уянгын мэдүүлгийг уншиж байна. Өнгөрсөн 2022 оны наймдугаар сарын 23-нд өгсөн дахин мэдүүлгээр "Зээлийн шинжилгээний танилцуулгатай танилцлаа. "Уул уурхайн үндэсний олборлогч" ХХК-ийн зээлийн гэрээнд хамтран гүйцэтгэгчээр орсон байсныг хасч, "Мондулаан трейд" ХХК дангаараа зээлийн үүрэг гүйцэтгэгч болох саналыг оруулж ирсэн. Дээрх танилцуулгаас харахад "Мондулаан трейд" ХХК-ийн зээлийн данстай холбоотой баримт бичиг ирүүлсэн болов уу. Би цээжээр санахгүй байна. "Уул уурхайн үндэсний олборлогч" ХХК өр төлбөрөө бүрэн барагдуулсан боловч "Мондулаан трейд" ХХК "Хишигтэн нүүдэлчин" компаниудын зээл төлөгдөж дуусаагүй, үлдэгдэл буюу чанаргүй зээлийн ангилалтай байсан шүү дээ. Яагаад тусгай нөхцөл биелсэн гэж дүгнэсэн юм бэ гэхэд 

-Дээрх танилцуулгыг мэргэжилтэн Билгүүн хийдэг. Ажлын чиг үүргээрээ хийх ёстой учраас Билгүүн танилцуулгад дурдсан байна. Миний хувьд баримт бичиг бүрдүүлэлт хангасан уу гэж асуудаг, цаг зав байвал тулгаж үздэг. Тэр үед тийм цаг зав байгаагүй. Гэхдээ энэ бол зээл олгох асуудлыг хэлэлцэж байгаа танилцуулга биш, нөхцөл өөрчлөгдөж, асуудлыг шийдвэрлэхээр хийсэн танилцуулга. Зээлийн шинжилгээний танилцуулгыг авч, бусад нэгжээс дүгнэлт авч, Зээлийн хороонд танилцуулахаас өмнө "Мондулаан трейд" ХХК өмнө нь хандсан хүсэлтээс татгалзсан тухай бичиг ирүүлсэн. Үүний дагуу Зээлийн удирдлагын хороо болон ТУЗ-д танилцуулаагүй, цаашид яваагүй, ямар нэгэн шийдвэр гараагүй.

12 : 15
2023-5-30

"20 тэрбумыг нэг компанийн данс руу шилжүүлсэн ч нэрийг нь мартсан"

Мэргэжилтэн Билгүүний 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлгийг уншиж танилцуулж байна. 

-Миний санаж байгаагаар "Мондулаан" ХХК-тай холбоотой этгээд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байсан. Мөн оператор компани болох Уул уурхайн үндэсний олборлогч компанийг хамтран зээлдэгчээр оруулсан тохиолдолд зээл олгож болох нөхцөлийг заасан байсан. Миний санаж байгаа нөхцөл шаардлага нь энэ хоёр байна. Энэ хоёр шаардлагыг биелүүлэхэд нэлээд хугацаа орсон бөгөөд шаардлага нь биелэгдсэн эсэхийг Хууль зүйн хэлтэс, Эрсдэлийн газраас танилцаж, баталгаажуулсан. 

Зээлийг олгохдоо компанийн нэхэмжлэхийн дагуу зээлийн танилцуулгад тусгасан зориулалтын дагуу 5 тэрбум төгрөгийг "Мондулаан трейд" ХХК-руу, харин 15 тэрбум төгрөгийг техникийн засвар үйлчилгээ хийсэн гэж баримтуудын дагуу нэг компанийн данс руу шилжүүлсэн. Нэрийг нь мартчихаад байна. Ингээд 2018 оны долоо бил үү наймдугаар сард уг зээлийг мэргэжилтэн Гүрбазар руу шилжүүлсэн. Энэ зээл шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзсэн ба Зээлийн бодлогын шалгуур болох чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх гэдэг заалтыг шийдвэрлэх боломжтой гэсэн байдлаар танилцуулсан. Тухайн цаг хугацаанд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байсан ч зээлдэгч зээлийг  хааж, шийдвэрлэнэ гэдэг тайлбарыг хэлж байсан. Миний хувьд зээлийн шинжилгээний багийг ахалж ажилласан. Солонго миний ажилд тусалж ажилласан.

12 : 00
2023-5-30

"Хишигтэн нүүдэлчин", "Мондулаан трейд" ХХК-ийн тусгайлсан нөхцөл биелсэн мэтээр дүгнэсэн"

Мөн түүний 2022 оны наймдугаар сарын 23-ны дахин мэдүүлэгт "Би анх мэдүүлэг өгөхдөө хүртэлх дээрх зээлийн сангийн танилцуулга дээр яагаад гарын үсэг зурснаа мэдэхгүй байна. Тийм учраас материалаа үзье гэж мэдүүлэг өгч байсан. Энэ асуудалтай холбоотой цахим шууданд байгаа бүх мэдээллийг гаргаж өгсөн. Би энэ асуудлыг тэгэхэд цахим шуудангаасаа олж мэдсэн. Энэ хугацаанд мэргэжилтэн Билгүүн надад ямар нэг байдлаар мэдэгдээгүй юм. Олон удаа хянасан учраас цаасаар гаргаж өгөхөд нь шууд гарын үсэг зурчихсан юм" гэсэн. 

Түүнээс "2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн Зээлийн шинжилгээний танилцуулгыг ямар зорилгоор хийсэн юм бэ" гэхэд "Уг уул уурхайн үндэсний олборлогч компанийг хамтран гүйцэтгэгчээс хасуулахаар "Мондулаан трейд" компаниас гаргасан хүсэлтийн дагуу хийсэн зээлийн шинжилгээний танилцуулга байна. Гэхдээ уг танилцуулгын дагуу ямар нэгэн шийдвэр гараагүй юм шиг байна. Тэгэхээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн болон Зээлийн хорооны хурлаар хэлэлцээгүй гэв. 

Дээрх танилцуулгын гурав дахь хэсэгт үүссэн нөхцөл байдлыг "Голомт" банк, "Өсөх зоос", уул уурхайн үндэсний олборлогч компанийн зээл бүрэн төлөгдсөн бөгөөд "Хишигтэн нүүдэлчин", "Мондулаан трейд" ХХК-ийн зээлийн дансны хуулга, холбогдох баримт бичгийг ирүүлсэн буюу тусгайлан нөхцөл биелсэн мэтээр дүгнэсэн байх тул ямар бичиг баримтыг үндэслэж, дээрх нөхцөл байдлыг танилцуулгад дурдсан бэ гэж асуухад "Би шууд хэлж мэдэхгүй байна. Зээлийн дансны хуулгыг ирүүлсэн юм болов уу. Дээрх нөхцөл байдлын хувьд хариуцсан эдийн засагч буюу Билгүүн баримтуудаа тулгадаг учраас би шууд хэлж мэдэхгүй байна" гэсэн. ЭНэ мэдүүлэг 22 дугаар хавтаст хэргийн 157-158 дугаар хуудаст байна

08 : 41
2023-5-30

"Мэргэжилтэн Билгүүн өөрөө хэвлээд өөрчилсөн байж магадгүй"

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 32 дахь өдрөө үргэлжилж байна. 

"Мондулаан" трейд компанитай холбоотой зээлийн нотлох баримтуудыг үргэлжлүүлэн судалж байна. Гэрч н.Тогтохбаярын 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн өгсөн дахин мэдүүлгийг уншиж танилцуулж байна. 

-Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө санахгүй байсан асуудлууд байгаа бөгөөд ажил дээрээ очиж, банкны дотоод үйл үйл ажиллагаанд ашигладаг цахим шуудангийн тухайн цаг хугацааны мэдээллийг шүүж үзсэн. Мэргэжилтэн н.Билгүүнээс "Мандал хаан" трейд компанийн зээлийн шинжилгээний танилцуулгыг хянуулахаар word файл хэлбэрээр 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 19.20 цагт дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 19.24 цагт миний цахим шууданд хоёр удаа ирүүлсэн. Энэ танилцуулгыг би хянаж, 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд 16.23 цагт 2018 оны дөрөвдүгээр сарын 5-нд 17.14 цагт танилцуулга дээр өөрийн санал буюу коммент бичиж, буцааж цахим шуудангаар хүргүүлсэн. Дээрх хоёр удаа надад ирсэн танилцуулга дээр буцаад бусад санхүүгийн байгууллагын өр төлбөргүй байх гэсэн шаардлагыг хангах боломжтой, гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл дээр зээл хүсэгч болон холбоотой этгээдийн чанаргүй зээлийн өр төлбөртэй байгаа зөрчлийг арилгах нөхцөлтэй танилцуулгыг хянаж, хүргүүлсэн. Мөн надад н.Билгүүнээс хууль зүйн дүгнэлт, эрсдэлийн дүгнэлт, актив пассив удирдлагын газрын санал дүгнэлт гаргуулах цахим шууданг 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 20.36 цагт холбогдох нэгжүүдэд хүргүүлсэн байсан. 

Уг танилцуулга дээр баталгаажсан гарын үсэггүй боловч дээрх хоёр асуудлыг бичсэн байсан. Гэтэл 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 20.08 цагт Хуулийн хэлтсийн хуульч болон Эрсдэлийн газрын ахлах мэргэжилтэн баталгаажсан танилцуулга хүргүүлсэн. Тэр баталгаажсан буюу газрын захирал Мөнхбаяр, хэлтсийн захирал Уянга, ахлах мэргэжилтэн Тогтохбаяр, мэргэжилтэн Солонго, Билгүүн нарын гарын үсэг баталгаажсан зээлийн шинжилгээний танилцуулгыг ирүүлсэн байсан. Уг танилцуулгаас харахад 4.2.1 хэсэгт заасан бусад банк бус санхүүгийн байгууллагын өр төлбөргүй байх гэсэн шаардлага хангах боломжтой гэж байсан бол хангасан гэж өөрчлөгдсөн. Гэрээ байгуулахаас өмнөх нөхцөлд зээл хүсэгч болон холбоотой этгээдийн чанаргүй зээлийн өр төлбөртэй байгаа зөрчлийг арилгах гэсэн хэсэг нь хангагдсан танилцуулгыг харах эрхтэйгээр ирүүлсэн байсан. 

Энэ хоёр удаагийн засвар болон өөрчлөлтийг яаж хийснийг мэдэх зүйл байхгүй. Мэргэжилтэн Билгүүн цаасан дээр хэвлэн гаргаж, ахлах мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга нараар гарын үсэг зуруулдаг. Энэ танилцуулга надад ирсэн шиг хэлбэрээр хэлтэс, газрын захиралд хянуулдаг юм. Тэгэхээр энэ хоёр хүн хэрхэн хянасныг би хэлж мэдэхгүй байна. Мэргэжилтэн Билгүүн өөрөө хэвлээд өөрчилсөн байж магадгүй. Эсвэл эхний хувилбараар гарын үсэг зуруулчихаад, хуудас болгон дээр гарын үсэг зураагүй учраас дараа нь хуудсыг өөрчилсөн байж магадгүй.

Миний хувьд өөрийнхөө хянасан юмыг харж байж гарын үсэг зурсан байх ёстой. Гарын үсэг зурсны дараа хуудас сольсон байхыг үгүйсгэхгүй юм. 

Би 2018 оны есдүгээр сарын 20-нд ээлжийн амралттай байсан байна. Уг шийдвэрийн тусгайлан заасан нөхцөл хэсэг дээр гарын үсэг зурсан огноо нь 2018.10.02 өдөр байна. Энэ мэдүүлэг 22 дугаар хавтаст хэргийн 154 хуудаст байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж