Сурвалжлага: Хүүхдэд ээлтэй Цогтцэций сум

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдэд ээлтэй Цогтцэций сум

Хүүхэд насанд хүргэж өгдөг 

Галт тэрэг хэрвээ байдаг бол 

Хүн бүхэн сууна даа гэж

Хааяа би боддог юм… 

Энэ дууг мэдэхгүй хүүхэд үгүй. Учир нь жил бүрийн зургадугаар сарын 1-нд энэ дуу хаа, сайгүй л эгшиглэдэг. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Пүрэв гаригт тохионо. Энэхүү баярыг угтан Өмгөговь аймгийн Цогтцэций суманд "Эрдэнэс Тавантолгой" компани гар зургийн уралдаан, урлагийн тоглолт зохион байгууллаа.

3-10 НАСНЫ ХҮҮХДҮҮД ГАР ЗУРГИЙН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын соёлын төвийн үүдэнд хүүхэд багачууд эцэг эхийнхээ хамтаар зөрөлдөх зайгүй шахам цугларчээ. Тэд зураг зурж, ууттай бэлэг авахаар дараалан зогссон нь энэ байлаа. Хүүхэд бүхний нүүрэнд инээмсэглэл тодрон, аз жаргал бялхаж байгааг харваас илэрхий.

Хаврын анги дэвших шалгалт, хичээл гээд ачаалал ихтэй  байсан сурагчдын хувьд зураг зурах нь алжаал тайлах дасгал болж буй гэлтэй. Ширээ дүүрэн өнгийн харандаа, усан будгаар өөрийн сонгосон зургаа будаж буй бяцхан хүүхдүүд бусдыг анзаарах ч завгүй харагдлаа. Тэд бүгд л зураг зурах дуртай. Тэр дундаа өөрийн дуртай үлгэрийн баатраа зурах нь тэдэнд бүр ч сонирхолтой байдаг аж.

“Milky way art club”-ын зураач, багш Ц.Мөнхзул  “Зураг зурж чаддаггүй хүүхэд гэж байдаггүй. Хүүхэд болгон зураач юм. Зурган дээр тулгуурлаж хүүхэд бичиж сурдаг. Тэгэхээр бид будаг, зургийн хэрэгслийг нь яаж хэрэглэх, зай талбайг нь яаж ашиглахыг нь заагаад өгчихдөг. Хүүхдүүд ээж аавтайгаа хамт зураг зурах дуртай байдаг. Хүүхэд зураг зурснаар төвлөрч сууж сурдаг. Ялангуяа сургуульд орох гэж байгаа хүүхэд сууж сурна гэдэг хамгийн том чадвар юм. Хүүхэд харандаа барьж хичээлээ хийхэд гар нь чангарч төлөвшдөг” гэв.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЕБС-ийн 2-р сургуулийн 5Б ангийн сурагч М.Энххүслэн “Би анх 5-р ангид ороод зургийн дугуйланд яваад зураг зурах сонирхолтой болсон. Надад “минионс” гоё санагдсан учраас сонгож зурсан. Тэхдээ нүд нь том болохоор зурахад жоохон хэцүү байсан. Ихэвчлэн хүн зурах дуртай. Манай зургийн багш уран зураг их зуруулдаг учраас би уран зураг түлхүү зурдаг” гэлээ.

Хүүхдүүд зургаа будмагц тухайн зураг улам тодорч амь орж буй мэт харагдана. Хүүхдүүд ихэвчлэн өөрийн дуртай үлгэрийн баатар, амьтад, байгаль зэргийг зурж, будаж байлаа.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЕБС-ийн 2-р сургуулийн 4А ангийн сурагч Б.Энх-Үжин “Би багаасаа зураг зурах сонирхолтой байсан. Өнөөдрийн зургийн өдөрлөгийн талаар ээжээсээ сонсоод сонирхлоороо ирсэн. Амьтанд хайртай учраас үнэг сонгон зурж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Зургаа зурж, будаж дууссан хүүхдүүд бэлгээ авч сая нэг санаа нь амарсан аятай зургийн өрөөнөөс гарч хажуу талын үзвэрийн танхим руу ар араасаа цувран орно. Учир нь тэнд өсвөр насныханд зориулсан хэлэлцүүлэг эхлэхэд хэдийн бэлэн болжээ.

"ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ЭРҮҮЛ ХАРИЛЦАА-ЭЕРЭГ ОРЧИН" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дээрх хэлэлцүүлэгт Цогтцэций сумын дунд сургуулийн 10-18 насны 300 орчим хүүхэд оролцож сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол сургалтад хамрагдан тулгарсан асуудал, бэрхшээлийг найз нөхөд болон эцэг эх, багшийн оролцоотой хэрхэн шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцлаа.

Түүчнлэн сүүлийн үед ЕБС-ийн сурагчид нэгнээ дээрэлхэж, доромжлох үзэгдэл ихсэж, үүний уршгаар хүүхдийн сэтгэл санааны байдал тогтворгүйтэн анхаарал сулрах, айдастай болох зэргээр сэтгэцийн эрүүл мэндэд өөрчлөлт илэрч байгааг албаныхан хэллээ. Сэтгэл судлаачдийн хэлснээр өсвөр насны 10-18 насны 4270 орчим хүүхдийг судалгаанд хамруулахад 80 гаруй хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.

Мөн судалгаагаар Өмнөговь аймгийн өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай буйг тодорхойлсон байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс эх үрсийн баярыг тэмдэглэлт баяр гэхээс илүүтэйгээр хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсрол эрүүл мэндэд анхаарч хүүхдэд амттан биш анхаарал хэрэгтэй гэдгийг эцэг эх, багш нарт уриаллаа.

Тус арга хэмжээг нээж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Анун "Монгол Улс төдийгүй дэлхий дахинд анхаарал хандуулах болсон нийгмийн харилцааны үзэгдэл гарч ирээд байгаа. Тэгэхээр хүүхдүүд нэг нэгнийхээ эрхэнд нь халдах, нэг нэгнээ ялгаварлан гадуурхсан ялгавартай байдлыг бий болгох нөхцөл байдлыг засаж залруулахын тулд нийгэмд хүн бүрийн оролцоо чухал. Тийм учраас үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК ач холбогдол өгч ажиллахаар зорьж байгаа” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал сошиал медиаг хүүхдүүд хяналтгүй хэрэглэж, гэмт хэргийн золиос болох эрсдэлтэйг сануулж, тоо баримтад үндэслэн мэдээлэл өгсөн. Нийгмийн сүлжээг ашиглаж байгаа хүүхдүүд хэт олон цагийг интернэтэд өнгөрүүлэх, хувийн мэдээллээ дэлгэх зэргээр цахим ертөнцийн уршгаар ямар их асуудалд өртөж, бие сэтгэлийн дарамтад орж буйг дурдаж сэрэмжлүүлэв.

Энэхүү арга хэмжээг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЗДТГ, хүүхдийн мэргэжлийн байгууллагууд, ЕБС-ын нийгмийн ажилтан, эцэг, эхчүүд хамтран зохион байгуулснаараа онцлог талтай болжээ. Энэ талаар эхчүүд ам сайтай байсан бөгөөд үйл ажиллагааг сайшааж байлаа.  Зарим хүүхэд захидлаар асуултаа илгээж, дээрэлхэлт доромжлолоос хэрхэн ангижрах, ангийн нөхөд нь тоохгүй илт гадуурхдагаас яаж холдох, нүүрний батганаас ичдэг тухай, үерхэл нөхөрлөлийн ялгаа гээд өсвөр насныханд тохиолддог асуудлуудаа дэлгэж ярилцсан юм. Сургалт хэлэлцүүлэгт багш, эцэг эхийн төлөөллийг хамруулсан бөгөөд өсвөр насныханд тулгамддаг асуудлыг гэр бүл, сургуулийн орчинд байнга анхаарч, хамтран ажиллах шаардлагатайг мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөсөн.

Энэхүү үйл ажиллагаанд нутгийн иргэд, хүүхдүүдийнхээ хамт сууж, мэргэжлийн багш нараас зөвлөгөө авсан бөгөөд “тодорхой үр дүнд хүрлээ” хэмээн сэтгэл хангалуун байсныг онцлох нь зүйтэй. Ийнхүү ирэх жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа нь илүү өргөн хүрээг хамрах биз ээ.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УДИРДЛАГУУД ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөв. Компанийн зүгээс 2018-2022 онд нийт 50,3 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус аймагт хийжээ. Онцлох ажлуудаас дурдвал, уурхайгаас Гашуунсухайтын авто замтай холбох 8.2 км авто зам, Цогтцэций сумын төвд 1,1 км авто зам, 0,68 км авто зам, гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам, зогсоол​ байгуулж, Цогтцэций сумаас Баруун наран чиглэлийн 13.5 км авто зам тавьсныг хэллээ. Мөн тус компани  “Шинэ суурьшлын бүс”-ийн ээлжийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор 90 га талбай бүхий газар нутгийг сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан байна. Одоогийн байдлаар эхний ээлжийн бүтээн байгуулалтад шаардлагатай инженерийн бэлтгэл ажил, дэд бүтэц, 600 айлын орон сууц, 400 ажилчны оффис, 240 хүүхдийн цэцэрлэг, 480 хүүхдийн сургуулийн барилгын зураг төслийг эхлүүлээд байгаа аж.

                                                                                                                    Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж