С.Бямбахорлоо: Төрийг тэжээх гэж гадаад өрийг нэмэгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

С.Бямбахорлоо: Төрийг тэжээх гэж гадаад өрийг нэмэгдүүлж байна

С.Бямбахорлоо: Төрийг тэжээх гэж гадаад өрийг нэмэгдүүлж байна

СЭЗИС-ийн Эдийн засаг санхүү хариуцсан проректор, эдийн засагч, доктор С.Бямбахорлоотой ярилцлаа.


-Төрийн сан, төрийн өмчит компаниудыг тоносон, завшсан хэргүүдийн талаар бид сүүлийн үед их ярьж байна. Та төрийн өмчит компаниудын ашиг, орлогын талаар судалгаа хийжээ. Энэ судалгаагаар бид хаашаа явж байна вэ?

-Хөрөнгө гэх ойлголтыг эхлээд өгье. Хөрөнгө гэх ойлголт гурван шалгуурыг л хангах ёстой. Нэгдүгээр тухайн хүний өмчлөлд байх ёстой. Хоёрдугаарт эдийн засгийн үнэ цэнтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, гараад зарах боломжтой байх ёстой. Гуравдугаарт, эдийн засгийн эргэлтэд ороод үр ашиг авчирч байх ёстой. Ийм гурван шалгуурыг хангаж байвал хөрөнгө гээд байгаа юм. Орчин үеийн макро эдийн засгийн онолын хувьд төр нь тодорхой оролцоотой байна. Тэр нь зохицуулалтын үүрэгтэй оролцоно. Түүнээс төр бизнес хийхгүй гээд байгаа юм. Харин өнөөгийн манай төр яаж байна гэхээр тэрхүү хөрөнгийг эзэмшдэг, эргэлтэд оруулж бизнес хийдэг болж хувирах гээд байна. Яагаад гэвэл, төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хөрөнгө 53 их наяд төгрөг. Түүнээс үүсч байгаа ашиг нь 300 тэрбум хүрэхгүй. Жишээлбэл, хувь хүн 53 сая төгрөгтэй байна гэж бодъё. Үүнийгээ бизнест хөрөнгө оруулсан. Түүнээс нь олж байгаа ашиг нь 700 мянган төгрөг болоод байвал яах вэ?

-Дампуурна…

-Тэгнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн жишээг ярья л даа. Сүүлийн таван жилийг нь харахаар хөрөнгө нь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, тийшээ хөрөнгө оруулалт хийгээд байсан. 2021 оны байдлаар 15,3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй тус компани нэг их наядын борлуулалт хийсэн. Түрүүний жишээгээр бол, 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд нэг сая төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс 100 мянган төгрөг хүрэхгүй ашиг олсон. Гэхдээ энэ компани бүтээгдэхүүн боловсруулалт хийдэггүй шүү дээ. Бэлэн байж байгаа нүүрсийг шанагаар хутгаж аваад л зарж байгаа газар. Гаргаад зараад байгаа болохоор нөөц нь багасаад л байгаа. Ийм зүйл рүү төр нь 15 их наядыг байршуулаад тийм л ашиг олж байна гэсэн үг.

-Өөрөөр хэлбэл, 15 төгрөг зарцуулж, нэг төгрөг олоод байна гэсэн үг биз дээ.

-Яалаа гэж. 15 төгрөг зарцуулчаад нэг төгрөгийн борлуулалт хийгээд 10 мөнгөний ашиг олж байна гэсэн үг. Гэхдээ сүүлд онцгой эрхэт төлөөлөгч томилоод борлуулалтынх нь орлого гурав дахин нэмэгдсэн байна лээ. Хэрвээ хувийн өмч байсан бол ямар байх вэ гээд бодоорой. Би 15 төгрөгөө банкинд байршууллаа гэхэд ядаж 10 хувийн хүү авна даа. Өөрөөр хэлбэл, 1,5 төгрөгийн цэвэр ашигтай болно гэсэн үг. Борлуулалтын орлогоос нь илүү хэмжээний цэвэр ашигтай байгаа биз дээ. Бизнесийн онолоор бол хэдий чинээний хөрөнгө оруулалт хийнэ, төдий хэмжээний борлуулалтын орлого олох ёстой. 15 төгрөг хийсэн бол 15 төгрөгтэй тэнцэх хэмжээний борлуулалтын орлоготой байх ёстой. Тиймээс үүнийг онолын хувьд хөрөнгийн эргэц нэг гэж яриад байгаа юм. Бизнес болгоны онцлог өөр. Зарим хүнсний дэлгүүрийн хөрөнгийн эргэд 25 эргэлдэж байдаг. 1 төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байхад 10 төгрөгийн борлуулалтын орлого хийж байх жишээтэй. “Эрдэнэс Тавантолгой”-г харахад 15 их наядын хөрөнгийнх нь 13 их наяд илүү нь эргэлтийн бус хөрөнгө болчиж. Тийм зүйл рүү хамаг хөрөнгө оруулалтаа юүлээд байх уу эсвэл арай өөр гарцуудыг хайх уу гэдэг асуудал яригдах ёстой.

-Хөрөнгө нь өсөөд байна. Тэр хөрөнгийг хаанаас олж өсгөөд байгаа юм. Зээл тавиад тийшээ хийгээд байна уу. Зээл бол өр биз дээ?

-Ерөөсөө л өр. 2019 оны байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-н өр төлбөр 350 сая байсан бол 2020 онд хоёр их наяд, 2023 онд гурван их наяд болох нь. Борлуулалтын орлого, ашгаар нь харахаар өр л нэмэгдээд байдаг. Хэзээ ашиг олж, хэзээ өрнөөсөө гарч, хэдийд хувьцаагаа өгөх гээд байгаа юм бэ, бүү мэд.

-Энэ байдлаараа ард түмэндээ өгөх хувьцааны ашиг алсарсаар, амьд яваа насандаа ашиг хүртэж үзэхгүй юм биш үү?

-Наанаа ашигтай юм шиг харагдаад байгаа ч энэ компанийн өр, төлбөр өсөөд л байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон нийтэд таалагдах гээд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд яваад байна. Хөрөнгө хуримтласан ашиг юм уу өр төлбөрөөр өсдөг. Сая хэлсэн. 15 төгрөгөөс 10 мөнгөний ашиг олдог газар шүү. Дээр нь өр төлбөр нь 1-2 төгрөгөөр нэмэгдээд байна шүү. Төр ийм өмчтэй бизнес хийх нь зөв үү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ойролцоо хувийн компани ямар ашигтай ажиллаж байгааг та харьцуулж үзсэн үү?

-Бид хоёр яг одоогийн процессийг яриагүй гэдгийг тодотгох хэрэгтэй. 2017-2021 оны таван жилийн үзүүлэлтийг харьцуулж байна. 2022 оны үзүүлэлт ч ашиг муутай гарсан. “Эрдэнэс Тавантолгой” түүхий нүүрс зардаг компани. Харьцуулахаар ойролцоо том компани алга. Том гэвэл “Энержи Ресурс” байна. Гэхдээ энэ компани нүүрсийг угааж, коксжуулсан нүүрс гаргадаг. Эднийх “Эрдэнэс Тавантолгой”-гоос олборлолт нь хоёр дахин бага, борлуулалтын орлого нь 2,3 дахин их. Харьцуулж болохгүй л дээ. Гэхдээ удирдлагынх нь бүтэц гэхэд төрийнхөөс гурав дахин бага. Дор хаяж үйл ажиллагааны зардал нь маш бага. Гэхдээ өндөр цалингаар чадвартай хүмүүсийг авчраад ажиллуулж байгаа шүү. Төрийн өмчит компанид төрийн, намын оролцоо их учраас шахааны хүмүүс ихтэй. Миний хувьд өртөгийг судалдаг хүн. Өртөгийн удирдлага гэдэг бол ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нөөцийн зарцуулалттай. Тэрхүү нөөцийн зарцуулалтыг хийхийн тулд үнэ цэнэтэй нөөцийн зарцуулалт хийх ёстой. Харин төр үнэ, цэнэгүй нөөцийн зарцуулалт хийгээд байна. Түрүүн асуусан асуулт руу чинь ороход, төр өмчтэй байгаад ирэхээрээ нийтийн болдог. Нийтийн өмчид хэн, яаж хандах уу?

-Эзэнгүй л өмч болдог…

-Улс төрийн хүчин гарч ирээд л удирдлагыг нь солихоос эхлээд бужигнуулж болдог систем бий болдог. Төр бол бизнес хийдэг биш, зохион байгуулдаг, зохицуулалт, боломжоор хангадаг л институци. Түүнээс биш би ч банк байгуулна, би ч иргэний агаарын тээвэр хийнэ, би ч уул уурхайн олборлолт хийнэ гээд дайраад байвал дахиад л асуудал гарна. Нийтийн өмч дээр очсон хүн шамшигдуулах, хулгай хийх талаар л бодно. Хөгжлийн банкийг хар л даа. Төрийн өмчит банк биз. Энэ банк хувийн өмч байсан бол гээд төсөөлөөд үзье. Хувийн өмчит банкны удирдлага авлига авч, өөрийнхөө мөнгийг бусдад зээлээд сууна гэж гонж. Хөгжлийн төслийн мөнгийг нь олсон юм бол арилжааны банкинд өгөөд “Ийм зүйлд зарцуул. Тийм шаардлага хангасан компанид зээл” гээд түүнээс нь зөрвөл хариуцлага тооцох ажил хийх ёстой. Боловсролын зээлийн сан ч ялгаагүй. Гол зүйл нь шалгуур хангаж уу, үгүй гэдгийг шалгах ёстой. Хоёрдугаарт, шалгуур нь зөв үү, буруу юу гэдэг л байна. Түүнээс баян, ядуу байх нь хамаагүй.

-Шалгуур битгий хэл юм болж байна шүү дээ. Шадар сайд гэхэд л хүүхдээ хүчингүй болчихслон журмаар явуулах гэж байгаад гэрэлд цохиулсан. Баригдахаараа иргэдээс биш хүүхдээсээ уучлалт гуйсан. Төрд хөрөнгө байвал түүнийг нь шамшигдуулах, тонон дээрэмдэх нөхдүүд байх л болно. Төр их өмчтэй байх тусам хулгай хийх боломж их байх нь мэдээж. Энийг зогсоохгүйгээр хулгайтай тэмцээд нэмэр байна уу. Таны хэлсэнчилэн онцгой бүрэн эрхэт төлөөлөгч томилогдсоноор ашиг нь өссөн үзүүлэлт гарч ирсэн байна. Өмнө нь хулгай байжээ дээ. Гэхдээ энэ гал унтраасан л үзэгдэл байх…

-Нийтийн өмч гэдгийг эрх баригчдаар төлөөлүүлээд байгаа нь буруу. Цаад бүтцийг нь харъя. Бид хууль тогтоогчдыг сонгодог. 76 Засгийн газарт хяналт тавих ёстой. Мөнгө зарцуулж байгаа газарт хяналт тавих нь тусдаа байх ёстой гэсэн үг. Гэтэл хянах үүрэгтэй нөхөр өөрөө мөнгө зарцуулах эрхтэй болж хувираад сайд болчихно. Ингээд утгаа алдана. Засгийн газрыг аудитын газар ч юм уу, хяналтын газрын бүтцээр хянах ёстой. Гэтэл хяналтын хүн өөрөө Засгийн газарт орчихоор хянах бүтцийн байгууллагын удирдлагаа хэрхэн томилох вэ гэдэг асуудал. Иймэрхүү алдаа зөндөө. Тиймээс аль болох хувьчлалын асуудлыг нэг даруй хийх ёстой.

-Асуудлын үндэс нь төр өөрөө болчиж. Ийм их өмчийг хувьчилж чадах уу?

-Энгийн жишээ авъя. “Тавантолгойн түлш” гэж компани байна. Энэ компанийг хараад байхаар утаа багасгаж байгаа мэт харагддаг. Гэхдээ хэдэн төгрөгөөр багасгав. Яг утааны хор багассан эсэхийг мэргэжлийн хүн ярих байх. Бид мэдэхгүй. Харин ямар ашигтай ажиллаж байгааг мэднэ. Нэг тонн түлшийг 150 мянган төгрөгөөр борлуулдаг. Гэхдээ нэг тонн түлшийг хийхийн тулд 400 мянган төгрөгийн зардал гаргадаг. 250 мянган төгрөгийн алдагдалыг төр төлдөг.

-Төр ч гэж дээ…

-Татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг. Зарим хүмүүс дургуйцэх байх. Яг үнэндээ би гэр хорооллынхнын түлшийг бэлдэхийн тулд 250 мянган төгрөгийн татвар төлөөд байх нь.

-Утааг төр үйлдвэрлэдэг байх нь. Төрийг бид сонгосон шүү дээ…

-Нэг тонн түлшийг 400 мянгаар үйлдвэрлээд иргэдийн гар дээр 150 мянган төгрөгөөр хүргээд, зөрүү алдагдалыг нь өөрсдөө хариуцаж байна. Өөрсдөө ч юу байх вэ, татвар төлөгчид төлөөд байна гэсэн үг.

-Энэ бизнес ямар ч ашиггүй болохоор хувийн хэвшил ороогүй байх. Гэтэл хүчээр нүүрс түлэхийг хуулиар хориглож байгаад завхруулжээ?

-Бид ийм өндөр өртгөөр утаатай байх уу эсвэл гэдгийг бодох хэрэгтэй. Одоо ярьж эхэлж байна. Хархорин руу төвлөрлийг сааруулах дагуул хот барих тухай ярьж байна. Гэхдээ бүтэхгүй дээ. Тийм зүйлийг л уг нь хийх ёстой.

-Төмөр зам барьж үзлээ. Одоо л нүүрсээ зөөгөөд хөгжих нь гэсэн “мухар” төмөр зам барьчиж. Дахиад л нарийн царигаар холбох хэрэг гарах нь. Бид энэ бүхний төлөөсөнд юугаа алдаад байгаа юм…

-Тухайн үеийн эрх баригчидтай хариуцлага тооцох ямар ч боломж алга. Тэдний алдаа Монголын хэдэн жил амьдралыг үгүй хийж, эдийн засгийн хөгжлийг хэдэн жилээр ухрааж, үр ашиггүй болгож байна. Орчин үеийн эдийн засагт аль болох боруулалтын сувгаа нэмэхийг л боддог. Нүүрсээ борлуулах гэж байгаа хүн борлуулалтын сувгаа яаж нэмэх вэ л гэж бодох ёстой. Замын-Үүдээр Эрээн гарсан хүн болгон л мэднэ дээ. Ямар их хугацаа алддаг билээ. Манайх өргөн, Хятад нарийн цагирагтай. Царигийн зөрүүнээс болоод зургаан цагаа бид алддаг. Зургаан цаг гэдэг чинь онгоцоор Бээжин орчоод буцаад ирэх хугацаа шүү дээ. Гэтэл төмөр замгүйн улмаар ачааны машинаар өнөөдөр бид нүүрсээ зөөж байна. Төмөр замгүйгээс нүүрсээ зөөхийн тулд 350 сая төгрөгийн үнэтэй тээвэрлэлтийн машиныг 7500 ширхэгийг оруулж ирсэн. Үржүүлээд үзээрэй зөвхөн машинаар тооцоход ямар их хэмжээний валютаа гадагшаа алдчихсан байна вэ? Дээрээс нь төмөр зам орж ирээд борлуулалтаа хийсэн бол… Гэтэл танкаар хятадууд ороод ирнэ гээд болиулсан. Өнөөдөр танкаар дайрдаггүй болсон гэдгийг Орос, Украины дайн харуулаад байна шүү дээ. Сүүлдээ их аймшигтай зүйл газар авлаа. Төр хүчтэй байх ёстой. Төр бүхнийг хийх ёстой гэж нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байна. Ер нь одоогийн байгаа байдал бидний боловсролын л асуудал…

…Түүнтэй үргэлжлүүлэх төрийн өмчөөс хэрхэн шамшигдуулж буй, бидний цалин нэмэгдэх нь байтугай  багассан, төр бизнесийн салбарт ямар том дарамт, гай тарьж буйг "Эрдэнэт" үйлдвэрээс эхлээд төрийн өмчит компаниудын бодит жишээгээр тайлбарлан ярилцсаныг та үргэлжлүүлэн нэвтрүүлгээс үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж