УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал энэ хаваржин дуншиж “152 болговол яах бол”гэж эхний удаад гишүүд тойрог тойрогтоо тандалт явуулсан ч амруугаа алгадуулаад ирсэн. Тиймээс УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Иймд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд “Гишүүдийн тоог 152 биш 126 болговол ямар вэ” гэж иргэдээсээ асуухаар явсан. Зарим гишүүдийн уулзалтад иргэд очихгүй байгаа тул өөрөө гудамж талбай, зах дэлгүүрээр явж гишүүдийн тоог нэмэх асуудлыг аргадаж нэг, аргацааж нэг тайлбарлаж яваа сурагтай. Заал танхимд ирсэн иргэд нь гишүүдийн тоог нэмэх нь бүү хэл өмнөх зээл, хулгай, авлигалын асуудлаа богино хугацаанд цэгцэлж цалин тэтгэвэрээ яаралтай нэмэгдүүл гэж тэднийг нүүр нүдгүй загниж байна. Мордохын хазгай гэгчээр эхний удаад бөөнөөрөө загинуулаад ирсэн тэд энэ удаад иргэд, сонгогчидоос арай өөр хүлээлттэй байсан. Гэтэл эгэл ардын хүүхэдэд олддоггүй Боловсролын зээлийн сангийн мөнгөөр эхнэр хүүхэд, ах эгч, тэр ч бүү хэл нууц амрагаа ч сургасан байж болзошгүй асуудал олны анхаарлын төвд орж дахин иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Тиймээс иргэд, сонгогчдоосоо гишүүд сайн үг сонсохгүй байгаа бололтой. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр бичлэг хийсэн иргэнийг “хөөгөөд гарга” хэмээн зандчиж, цагдаа дууд хэмээн бухимдаж буй бичлэг цахим орчинд ил болоод байна.
Тэрбээр уулзалтын эхэнд “Юуны өмнө та бүхнийхээ амар амгаланг айлтгая аа. Хоёрдугаарт, гар утсаараа бичлэг хийж байгаа улсууд больчих наадах аа. Эсвэл би яръя. Эсвэл та хоёр бичлэгээ хий. Хөөе. …. Чи зүгээр байгаарай. Цагдаа байна уу. Энийг аваад гарга хэмээн бухимдахад иргэд харин түүнийг нь эсэргүүцэж, ард түмний төлөөлөлд үгээ хэлэх гэж ирсэн бол яагаад хөөгөөд байгаа юм бэ гэж эсэргүүцэв.
Ямартай ч УИХ-ын эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан өөрийнх нь зөвшөөрөлгүй бичлэг хийлээ хэмээн ундууцаж, цаашилбал иргэдээ цагдаагийн алба хаагчаар чирч гаргуулах хэмжээнд асуудал өрнөжээ. Ямартай ч УИХ-ын гишүүн бага ард түмний төлөөлөл болж, тэдний дуу хоолойг төрд хүргэх үүрэгтэй гэдгийг энд сануулах нь илүүц биз. Тийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн тоог 126 болгох эсэх асуудлаар гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санаа бодлыг сонсож байгаа нь энэ. Гэтэл бүр “Чи ярих уу, би ярих уу ер нь та нар нь бичлэгээ болихгүй бол би уулзалтаа больчих уу” гэх мэтээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговьт ийнхүү “даам” гарч явна. Төрийн түшээгийн ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээ өндөр улс оронд ийм үйлдэл гаргасан бол иргэдээсэ уучлал гуйж, сандал суудлаасаа огцрох асуудал ч хөндөгдөх байсан биз ээ.