Зуны сар гарч, сурагчдын амралт эхэлснээр нийслэлийн төв зам дагуу түгжрэл бага ч атугай буураад буй. Гэхдээ хүн амынх нь 50 хувь буюу 1.4 сая шахам иргэн амьдарч буй Улаанбаатар хотын замынхаа даацаас хэтэрсэн автомашины түгжрэлийг сааруулах зоригтой шийдвэрийг Засгийн газраас хэрэгжүүлэхгүй л бол тэг зогсолттой нүүр тулах нь цаг хугацааны л асуудал юм. Учир нь, нийслэлийн хэмжээнд 640 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол жилд 65000-69000 автомашин импортлогддог статистик мэдээ бий.
Монголбанк болон Гаалийн ерөнхий газрын мэдээгээр импортоор орж ирэх автомашины тоо өмнөх жилийнхээс өсч буй дүр зураг буудаг. Тухайлбал, Монгол Улсад 2020 онд 297 сая ам.долларын автомашин импортлогдсон бол 2021 онд 385 сая ам.долларын, 2022 онд 692 сая ам.долларын автомашин орж ирсэн нь өмнөх жилийнхээс хоёр дахин шахам өссөн дүн юм. Өөрөөр хэлбэл, автомашины импортод хязгаар тавихгүй л бол нийслэлд хэчнээн гүүр барьж, дүүжин тээвэр, LRT төсөл хэрэгжүүлээд түгжрэлийг сааруулж чадахгүйг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Иймээс Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатарын УИХ, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх зоригтой шийдлийн нэг нь хуучин автомашины импортыг хязгаарлах асуудал болж байна.
Хуучин автомашины импортыг хориглох асуудлыг сөхөх бүрт “ядарсан ардаа явгалах нь” гэж улстөржүүлдэг. Чухамдаа бол Улаанбаатар хотод хамгийн их агаарын бохирдол үүсгэж, зам тээврийн осолд ордог нь олон жил ашиглагдсан автомашин болохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар ирсэн. Нөгөө талдаа Улаанбаатар хот хуучин автомашин, хуучин дугуйны оршуулгын газар болж хувирсан нь удахгүй проблем үүсгэхийг ч мэргэжилтнүүд сануулдаг. Иймээс насжилтаас нь хамааруулж, автомашины импортыг хязгаарлах нь түгжрэлийг сааруулахад ач холбогдолтой төдийгүй аюулгүй байдлыг хангахад ч үүрэг гүйцэтгэхээр буй.
Хоёрт, мэргэжилтнүүд Улаанбаатар хотын түгжрэлийг шийдвэрлэх гарц бол яаралтай бүсчлэл тогтоон, татвар оногдуулах гэж зөвлөсөөр ирсэн. Энэ дагуу сайд Ж.Сүхбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн төвийн бүсээр зорчих бол замын нэмэлт төлбөр төлдөг байх зохицуулалтыг хуульд суулгахаар төсөл боловсруулж байна гэдгээ мэдэгдсэнээс хойш чимээгүй болдог.
Уг нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудалд дарагдаж, эрч нь суларч болохгүй асуудал бол түгжрэлтэй холбоотой татвар юм. Татвар нэмье гэхээр мөн л хүний эрх ярьж, "ядуусаа хавчлаа, хяхлаа" гэх нь бий. УИХ-ын сонгуулиар санал авахаа ч боддог уу, Засгийн эрх барьж буй улс төрийн хүчин бүр энэ асуудлаас жийрхсээр эцэстээ татварын асуудал сөхөхөөр л эсэргүүцэлтэй тулдаг болсон. Үнэхээр Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, түгжрэл багатай Монгол Улсын нийслэл болгох сэтгэл зүрх байгаа бол улстөржилтөд авталгүй шийдвэрлэх л асуудал юм.
Энэ асуудал дээр Засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн МАН, Ардчилсан нам аль аль нь улс төр хийлгүй төвийн бүсээр зорчих автомашинд тохирсон татварыг нь ногдуулдаг, татвараас орж ирсэн орлогоор дэд бүтцээ, нийтийн тээврээ хөгжүүлэхэд зарцуулдаг болохгүй бол “Бид татвар төлөх ёсгүй” гэсэн цэцэрхлээр түгжрэлийг шийдэх боломжгүйг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн олон зохицуулалтаас харж болохоор буй.
Учир нь, ажлын өдрүүдэд автомашины улсын дугаараар зорчих арга хэмжээ авч байгаагаас гадна Офицеруудын ордноос-Таван шар хүртэлх төв зам дагуух авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл зорчуулах арга хэмжээ авдаг ч түгжрэлийг шийдвэрлэж чадахгүй байгаа. Иймээс бүсчлэлийн татвар тогтоох төслөө ч яаралтай УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх нь түгжрэлийг сааруулах нэг гарц болно. Өөрөөр хэлбэл, мөнгөө төлсөн нь түгжрэл багатай замаар зорчдог бусад улс орны аргыг ч хэрэгжүүлэх цаг нь болоод байна.
Жил гаруйн өмнө Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд нийслэлийн авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ Монгол Улс 11.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байна гэдгийг мэдэгдсэн юм. Энэ талаар тэрбээр “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн зорчих хурд 13 км/цагийн хурдтайгаар, ид оргил ачааллын үеэр 8,9 км/цаг хурдтай оролцож байна. Энэ нь дэлхийн стандартаар тэг зогсолтод хүрсэн гэж ойлгож болно. Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. Иргэд нэг км замыг дунджаар 10 минутад туулж байна.
2013 онтой харьцуулахад авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна.
Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулж байгаа судалгаа гарсан. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртгийг тооцож үзэхэд 2020 онд алдагдлын хэмжээ 1 тэрбум доллар буюу 2.7 их наяд орчим төгрөгийн алдагдлыг улсаараа хүлээгээд явж байна. Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд 11.8 их наяд төгрөгийн алдагдлыг бид хүлээсэн. Ирэх таван жилээр тооцвол 24.3 их наядын алдагдал хүлээх тооцоолол гарсан” гэсэн нь ямар их мөнгийг түгжрэлд алдаж байгааг харуулж буй.
Нөгөө талаас дүрэмгүй зорчиж, зохиомол түгжрэл үүсгэдэг дүрэм зөрчигчдөд ногдуулдаг арга хэмжээг чангатгах, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг хариуцлагын арга хэмжээг ч давхар авах шаардлага байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ