Энэтхэгт тэсрэх бөмбөг дэлбэрэхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Энэтхэгт тэсрэх бөмбөг дэлбэрэхэд ойрхон байна

Энэтхэгт тэсрэх бөмбөг дэлбэрэхэд ойрхон байна

28 настай Сунил Кумар мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэйг маш сайн мэднэ. Харьяана мужаас гаралтай тэрбээр бакалавр болон магистрын зэрэгтэй. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай Энэтхэг оронд өндөр цалин авахын тулд тэр гурав дахь ажлаа солиод байна. Гэвч энэ нь түүний сурсан мэргэжлийн дагуух хүсч мөрөөдсөн ажил нь биш.

Тэр сүүлийн таван жилийг тосгоны сургуулийн шал шүүрдэж өнгөрүүлжээ. Сардаа 85-хан ам.долларын цалинтай энэ ажлыг хийж байж тэр хүүхдүүдийнхээ төлбөрийг төлдөг. Үүнээс гадна хөгширч буй эцэг эх, эгчийгээ асрах ёстой байдаг учир энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Угтаа бол тэр эрдмийн зэргээ ашиглаад багшлах ёстой. Гэтэл амь зогоохын тулд ийм хөдөлмөр эрхлэхээс өөр сонголтүй болсноо ярьж байна.

Кумарын нөхцөл байдал Энэтхэгийн олон сая залуу хүнд ялгаагүй тулгарч буй. Залуусын ажилгүйдэл Энэтхэгт огцом нэмэгдэж буй нь дэлхийн эдийн засгийн шинэ тоглогчийг сүйрүүлэх эрсдэлтэй үйл явдал юм.

Энэтхэг улс саяхан хүн амынхаа тоогоор Хятадыг гүйцэж түрүүлсэн. Хятадын хүн ам цөөрч, хөгширч эхлэхтэй зэрэгцэн дэлхийн эдийн засагт цоо шинэ хөдөлгүүр бий болно гэсэн итгэл найдвар урган гарсан. Харин Энэтхэгийн хувьд хөдөлмөрийн насны хүн амын тоо нь өсөх төлөвтэй байна. Тодруулбал, ирэх арван жилд хөдөлмөрийн насны залуус нэг тэрбумд хүрэх магадлалтай бөгөөд АНУ-ын нэгэн албан тушаалтан үүнийг эдийн засгийн гайхамшиг гэж нэрлэжээ.

Гэвч энэ эдийн засгийн гайхамшигт нэг дутагдалтай тал бий. Энэ нь хэт цөөн ажил, хэт их өрсөлдөөн юм.

Энэтхэгт хөдөлмөрийн насны хүн ам нэмэгдсэн ч тэднийг дэмжих хангалттай ажлын байр байхгүй байна. 25-аас доош насныхан тус улсын хүн амын 40 гаруй хувийг эзэлнэ. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар тэдний 45.8 хувь нь ажилгүй байсныг Энэтхэгийн эдийн засгийг хянах төв мэдээлжээ. Энэтхэгийн эдийн засгийг хянах төв нь засгийн газраас ч илүүтэй Мумбайн ажлын байрны мэдээллийг тогтмол нийтэлдэг.

Зарим шинжээч Энэтхэг дэх нөхцөл байдлыг цагтай тэсрэх бөмбөгтэй зүйрлэв. Ажлын байрыг даруйхан нэмэгдүүлэхгүй бол нийгэмд эмх замбараагүй байдал үүсч болзошгүйг тэд анхааруулж байна.

“Энэтхэгийн залуусын ажилгүйдлийн түвшин удаан хугацаанд аажуухан өссөөр байна. Ер нь бол 15 жилийн турш аажуухан өссөн ажилгүйдэл сүүлийн долоо, найман жилийн хугацаанд огцом нэмэгдлээ. Хэрвээ хангалттай ажлын байр бий болохгүй бол боломж гэж үзэж байсан тэр зүйл чинь эргээд энэтхэгчүүдийн хувьд маш том сорилт, асуудал болж магадгүй” гэж Энэтхэгийн засгийн газрын эдийн засгийн ахлах зөвлөх асан Каушик Басу хэлжээ.

ӨРСӨЛДӨӨН ХАА САЙГҮЙ

Энэтхэгт асуудлыг шийдэх янз бүрийн хувилбар байгаа гэж эдийн засагчид үзэж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх нь нэг гарц мөн. 2021 онд Энэтхэгийн ажил эрхлэлтийн 15 хүрэхгүй хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлжээ. Гэхдээ үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг харьцангуй макро түвшний өөрчлөлт гэж үзнэ. Энэ нь одоо ажилгүй байгаа хүмүүст төдийлөн тус болохгүй.

Залуус өрсөлдөөнд давуу байдал олж авахын тулд дорвитой өөрчлөлтийг өөртөө хийх ёстой. 17 настай Кумари төрөлх хотоосоо 1300 км зайд орших Вибрант академид суралцахаар явжээ. Энэ академи нь коллежид орохоор бэлтгэж буй сурагчдын сургалтын төв юм. Кумаригийн профессор болох мөрөөдлөө биелүүлэх хамгийн зөв зам нь тус академид суралцах боловч нөгөөтэйгүүр асар их зардал мөнгө шаардана. Тус академид нэг жил сурахад 145-1872 ам.доллар байдаг.

Өрсөлдөөнд ялахын тулд цахим сүлжээ, хайр дурлал зэргийг мартахаас өөр аргагүй аж. Агравал нэртэй залуу Энэтхэгийн төрийн албанд ажилд орохын тулд жил бүр өргөдөл гаргадаг. Тэр төрийн албаны шалгалтыг дөрвөн удаа өгсөн ч амжилт олоогүй. Сургалтын төлбөр, хоол хүнс, орон сууцны түрээс зэргийн зардал нийлээд жилд ойролцоогоор 3000 ам.доллар болж байна. “Манай гэр бүл надад зориулсан энэ мөнгөөрөө 3-4 машин худалдаж авч болохоор байсан. Гэхдээ үргэлжлүүлээд оролдоод байхаас өөр сонголт байхгүй. Б төлөвлөгөө гэж бидэнд байхгүй” гэж Агравал ярилаа.

Нэг сая гаруй хүн Агравалын нэгэн адил жил бүр өргөдөл гаргаж байна. Төрийн албан хаагч бол тус улсад хамгийн эрэлттэй ажлын байр юм. Гэтэл өргөдөл гаргагчдын нэг хүрэхгүй хувь нь л санасандаа хүрч, сарвайснаа авдаг. Тиймээс залуусын гарт алтан тасалбар атгуулах зорилготой бүхэл бүтэн салбар хүртэл бий болжээ.

“Хүн ам өсөхийн хэрээр өрсөлдөөн нэмэгдэж, хүмүүсийн боломж багассан. Оюутан залуусын дунд стрессийн түвшин маш өндөр байна. Оюутнууд над дээр ирээд унтаж чадахгүй байгаа тухайгаа хэлдэг” гэж төрийн албаны шалгалтад бэлддэг “Study IQ” сургалтын төвийн захирал Мадхусудан хэллээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж