Үндэсний үйлдвэрлэгчдийн "Баялаг бүтээгч-Business tour" 4 дэх удаагийн арга хэмжээ боллоо. Энэ удаад баялаг бүтээгчид хүнсний манлай үйлдвэрлэгч "Очир дагинас" ХХК, үндэсний томоохон үйлдвэрлэгч "М-Си-Эс кока кола" ХХК, "Янмал" ХХК-ийн үйл ажиллагаа, үйлдвэртэй танилцав.
Энэхүү аялалд:
- ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,
- БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь суурин төлөөлөгч KOPIA Монгол төвийн захирал У Мён Гюу,
- KOPIA Монгол төвийн ажилтан Г.Балжинням,
- Голомт банкны Байгууллагын хөгжлийн хэлтсийн дарга Б.Нямдэлгэр нарын албаны хүмүүс болон 50 гаруй баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо.
“Очир дагинас” компани үйлдвэрлэлийн эрчим хүчээ өөрсдөө шийджээ
2005 оноос хойш мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй “Очир дагинас” компани олон улсын нэр хүндтэй ISO 22000 "Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо" стандартын шинэчлэгдсэн хувилбар болох ISO 22000:2018 шинэ стандартыг Монголд анх удаа "ЭКСПОРТ ҮЙЛДВЭР"-дээ нэвтрүүлжээ.
50 гаруй нэр төрлийн чанамал, хагас утлагат, давхар утлагат хиам, элэгний нухаш, зайдас, утсан мах, Баян Монгол, Bio брэндийн нөөшилсөн бүтээгдэхүүн, өдөрт 10.500-14.500 килограмм хиам, махан бүтээгдэхүүн, 3200 килограмм нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 500 тонны хөргөлтийн зоорьтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид олон улсад бүтээгдэхүүнээ экспортолдог, үндэстэн дамнасан корпорац болохоор ажиллаж буй тус байгууллага нь аль хэдийн гэрийн тэжээвэр амьтны хоол БНСУ руу экспортлоод эхэлсэн юм. Мөн үйлдвэрийнхээ эрчим хүчийг өөрсдөө шийдэж чадсан гэдгээрээ онцлог үндэсний томоохон баялаг бүтээгчдийн нэг билээ.
"М-Си-Эс Кока Кола" ХХК "Элсэн чихрийн агууламжийг бууруулах хөтөлбөр"- хэрэгжүүлж байна
"М-Си-Эс Кока Кола" ХХК нь өнөөдрийн байдлаар 21 брэндийн 150 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг бөгөөд 950 хүнийг ажлын байраар хангаж байна.
Мөн 2018 оноос "Элсэн чихрийн агууламжийг бууруулах хөтөлбөр"-ийн хүрээнд жил бүр 1-2 төрлийн амтыг бууруулж байхаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, хийн түлшээр ажилладаг утаагүй уурын зуухыг ашиглалтад оруулаад байна.
“Янмал” ХХК монгол ноосны үнэ цэнийг олон улсад таниулахаар ажиллаж байна
"Янмал" ХХК нь оймс үйлдвэрлэл болон худалдааны чиглэлээр 18 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 12 үндсэн салбар дэлгүүр ажиллаж байна. Тэрээр монголчуудын бахархал болсон ноос ноолуураар чанар, стандарт болон дэгжин байдлыг илэрхийлэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж байна.
Мөн дотоодын оймсны зах зээлийн томоохон хувийг бүрдүүлдэг бөгөөд байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж монгол ноосны үнэ цэнийг олон улсад таниулахаар ажиллаж байна.
Үүний зэрэгцээ "Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай" хуулийн дагуу гялгар уутнаас татгалзаж, хэрэглэгч харилцагчдыг гэр бүлдээ эрүүл сонголт хийж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө гялгар уутнаас татгалзахыг уриалан манлайлж ажиллаж байна.
Холбоотой мэдээ