Сонгууль угтсан субботник!

Сонгууль угтсан субботник!

Сонгууль угтсан субботник!

126 нь улсын хүн ам, эдийн засаг, нийгмийн шилжилтийн түвшин, үндэсний аюулгүй байдал, парламентын чадамж, чиг үүргийг тэгштгэлээр тооцож, куб язгуураас гаргаж ирсэн тоо биш. Бэлгэдлийн утга агуулга бүхий тэнгэр, газрыг илэрхийлсэн арифметик бүр биш. Харин парламентад суудалтай намуудын тохирсон хувилбар. Гэхдээ энэ тоо Монголын нийгмийн олон гажуудлыг засч залруулж чадна. Авлига, албан тушаалын хэрэг, намуудын хуйвалдаан,  боловсролын салбарын хулгай, дээрэм, эрүүл мэнд, эдийн засгийн хямралыг цэгцэлж, цэвэрлэх гарц гаргалгаа болно. Төгс тоо биш байж болох ч шийдвэрлэх тоо яах аргагүй мөн.

1.

Нэгэнтээ  парламентад суудалтай намууд тоо /126/, тогтолцоо /пропорциональ/, хувь хэмжээгээ/60:40/тохирсон тул УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах нь өнөө, маргаашийн асуудал болов. Нэмээд нийгэмд Үндсэн хуульд оруулж буй “засвар” албан тушаалтнуудын авлига, хулгай, дээрмийг цэгцэлж чадна гэх эерэг хүлээлт үүссэн. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүрээний бузрыг үндсээр нь цэвэрлэж дөнгөхгүй. Энэ бүхний араас улс төрийн намуудаа цэгцлэх, тэдний дансыг шилэнжүүлэх ёстой. Тэгж байж л намуудын сэм үгсэж, нам хуйвалддаг явдлыг зогсооно. Тэгэхээр УИХ-ын хүлээлгийн өрөөнд байгаа Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ҮХНӨ-ийн дараа хаврын чуулганаар батлах шаардлагатай нэн чухал реформ болжээ.

Жирийн иргэдийнхээ бүх боломжийн урдуур дайрч, төвлөрсөн их мөнгөнөөс хумсалж болох бүхнийг хулгайлсан түшээдийн баримт нотолгоо ил болохтой зэрэгцээд иргэдийн төрд итгэх итгэл улам алдарч байна. Нэг хэсэг нь хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөх төдий амьдарч байхад нөгөө хэсэг нь авдрандаа хадгалж буй алт, мөнгөнийхөө хэмжээг мэдэхгүй болтлоо баяжсанд нийгэм ууртай, энэ янзаараа удвал төрд өлдсөн шударга ёсыг иргэд гудамжнаас чулуу бариад нэхэх хэмжээнд тулж магадгүй болжээ.

Өнгөрсөн 30 жилийн авлигын хэргүүдээс харахад улстөрчид нь баяжихын хэрээр улс нь модоо барьсан байна. Монголд төрийн өмчийн хулгай, төвлөрсөн их мөнгөтэй холбогдоогүй улстөрч цөөхөн. Олонх нь олдсон дээр нь гэгчээр цадахгүй юм шиг хулгайлж, ханахгүй гэгч нь тоножээ.

Тиймээс Монголд шударга ёс гэж байдаг бол түүнийг Төрийн ордноос эхлүүлж байж төр цэвэршинэ.  Ард түмэнд үйлчилдэг шударга ёс нь хатуу, албан тушаалтнуудад үйлчилдэг шударга ёс нь зөөлөн байж болохгүй. Хулгай, луйвар хийсэн бол Төрийн ордных ч байна уу, түмний нэг ч байна уу ялгаагүй нэг хуульд захирагдаж, тэдэнд нэг шударга ёс үйлчлэх ёстой. Үүнийг өөрчлөх боломж цаг хугацааны хувьд, нийгмийн дэмжлэгийн тухайд өнөөдөр л тохиож байна. Тэр нь ҮХНӨ юм.

2.

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд 14 сангийн мэдээллийг ил болгосныг Цахим хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэв. Улс төрийн зорилготой, нэг нь нөгөөгөө намнах хэрэгсэл болгосон ч хамаагүй  албан тушаалтнууд нам харгалзахгүйгээр төрийн сан болгоныг хэрхэн цөлмөдөг байсан нь олон нийтэд ил тод болж байгаа нь  сайн хэрэг. Наанаа шударга ёс ярьсан улстөрчид цаанаа улсаа хэрхэн шударга бусаар цөлмөдөг байсныг иргэд мэдэх эрхтэй, тэдэнд сонгох өгөх үгүйгээ шийдэх үүрэгтэй.

Засгийн газрын шил ажиллагааны хүрээнд ил болж буй төрийн сангуудын мэдээлэл Монголын улстөрчид нам тэврэлдсэн болох нь, өнгөнөөс өөр ялгаралгүй болсон намуудын цус ойртолтыг өөрчлөхгүй бол иргэд нь улнаасаа, улс нь өрнөөсөө өндийхгүй хэмжээнд очжээ.

Монголын улстөрчид шударга ёсонд захирагдаж өр зээлээ барагдуулж байгаа гэвэл өрөөсгөл. Үндсэндээ, БЗС-гийн мэдээллийг олон нийтэд ил болгоогүй байсан бол Б.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Б.Болор-Эрдэнэ нар зээлээ төлөхгүй нь тодорхой. Тэдний  яаран сандран зээлээ төлсөн учиг нь  нэр дэвших нүхээ малтаж буйнх. Гэхдээ муушигт хүртэл "Их идсэний дараа өнж" гэх үг бий.

Иргэдэд ил болсон 14 сангийн мэдээллийг тоймлоход, Хөдөө аж ахуйн сангаас 15 мянган иргэн, аж ахуйн нэгж өндөр дүнтэй зээл авснаас 260 орчим тэрбум төгрөгийн өр үүсчээ. “Милхаус” 3.9 тэрбум, “Бэрэн” 1.4 тэрбумын зээлээ огт төлөөгүй, “Монголын толгой баян “Голомт”-ийн Д.Баясгалан гэхэд  “Хүлэгү Пикчерс”-ээрээ дамжуулан кино урлагийг дэмжих сангаас 80 сая төгрөгийн санхүүжилт авсан байх жишээтэй. ХААДС-гаас олгосон 178.7 тэрбум зээл чанаргүй ангилалд, ТЭДС-гаас олгосон зээлийн 72.1 тэрбум төгрөг хугацаа хэтэрчээ. Тус сангийн нийт зээлийн  70 гаруй хувийг хууль зөрчиж олгосон аж. Энэ мэтээр улс төр, бизнесийн бүлэглэлүүд улсаа уралдан тоносон, шударга ёс гэгчээр халхавчилсан шударга бус үйлдлүүд Монголд газар авсан нь ил болж байна.

3.

Тэгээд энэ бүгдэд УИХ-ын тоо, тогтолцоо ямар хамаатай юм бэ гэж үү? Хамаатайгаар барах уу, өнөөдрийн 76 гишүүнд оногдох кнопны эрх мэдэл хоёр дахин буурснаар албан тушаалтнуудын авлига буурах урвуу хамааралтай болохыг арифметик тэгштгэлээр тооцож гаргаснаа ажлын хэсгийнхэн тайлбарлах болсон. Монгол Улс 76 сайдтай юм шиг явдаг, төсөв хэлэлцэх бүрт жалга, довны  хэрүүл гардгийн цаана нь улстөрчдийн ТББ-аараа дамжуулан мөнгө угаах ашиг сонирхол нуугддаг нь хэнд ч илэрхий болсон. Төрийн мөнгө ёолтол нь жорлон барьж өгдөг парламентын гишүүдийг Африк, Монгол хоёроос л олж харах байх. Иргэдийн бүх боломжийг хулгайлж, “баас, шээсээр” нь хуурдаг гишүүдээ хөөх ёстой атал хүрээд очихоор дугуйлаад буцаах сонгогчийн боловсрол монголчуудад дутмаг.

Угтаа долоо хоног бүр Н.Учралын нийгэмд шидэж  өгч буй төрийн сан хэмээх улстөрчдийг онилсон “тэсрэх” бөмбөг нэг талаасаа намдаа, нөгөө талаасаа улс төрд хийж буй сонгууль угтсан субботник ч болж байна.

Хэдийгээр цаанаа улс төрийн зорилготой үйлдэл байж болох ч энэ мэтээр албан тушаалтнуудтай холбоотой мэдээллийг ил болгож байж гэмээнэ улс төр цэвэрлэгдэнэ, нийгэм цэвэршинэ.

Нийгэм нь ёс суртахуунтай, хүн нь ёс зүйтэй улсад зөвхөн өрөө төлөх төдийхнөөр олны хэл амыг дарж, хариуцлагаас мултрах боломжгүй.  Харин Монголд эсрэгээрээ, улстөрчид нь улс төрийн карьертаа цэг тавих хэмжээний хэрэг  хийсэн, бизнесийнхэн бизнесээ алдах хэмжээний зөрчил гаргасан нь үнэн.

Атал монголчууд "өрөө төлчихсөн" гэх үгээр ёс суртахууных нь өрийг хүртэл цайруулдаг учраас хулгайч нарт давуу эрх, дабль стандартыг нь олгодог. Энэ талаас харвал өнөөдрийн хулгай, луйврыг өөгшүүлсэн нь сонгогчид өөрсдөө юм.

Эцэст нь намуудын дарга нарт тавих нэг асуулт байна: Улсаа тоносон, эх орноо цөлмөсөн улстөрчдийн нэр дэвших эрхийг нь "хасч", ирэх сонгуулиар субботник хийж чадах уу. Энэ бол намуудын дарга нараас цэвэр хамааралтай, тэдний ухаан болоод эр зоригоос шууд хамаарах асуудал юм. Тэр тусмаа иргэд тэдэнд ийм л хүсэлт дайж сууна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-29 66.181.189.134

Элдэв сангаас зээл аваад төлөөгүй хүмүүсийг шалгаж торирох хариуцлага хүлээлгэх, сонгуульд нэр дэвшүүлэхгшй байх, намын нэрсийн жагсаалтанд оруулахгүй байхыг намын дарга нар хариуцах ёстой.

Avatar

Нэргүй 2023-05-29 103.242.45.69

30 жил гэнээ. Сүүлийн 8 жилд л тоносон байна ш дээ. УИХ-ын 1992-2000 оны гишүүд автобусаар ажилдаа явдаг байсан юм шш,

Avatar

Нэргүй 2023-05-29 66.181.182.18

Гишүүдийн тоог нэмэх үндэслэл анх ЗГ-ын давхар дээлтэй сайдууд хуралдаа сууж хууль батлалцаж амжихгүй байгаатай холботойгоор үүссэн. Тэгэхээр тоог 10-аар нэмэгдүүлээд нийтдээ 90-ээс хэтрүүлэхгүй байхад л болно.

Avatar

Зочин 2023-05-29 192.82.64.158

давхар дээл өмсөж дарваганацгаахыг нь болиулах хэрэгтэй шд юу чаддаг мэддэг гэж хулгайчууд сайд дарга болцгоодгийн эр нь эрээрээ эм нь эмээрээ байя гэдэг шиг УИ гишүүн нь хуулиа л хий гүйцэтгэх засаглал ажлаа л хий тэгээд л болоо. 76 байвал барав үгүй бол бүр цөөлөх хэрэгтэй . НАМ ХҮН 2 т хамаг учир байна. НАМУУД НЬ намаа хулгайч луйварчидаасаа цэвэрлэж чадахгүй бол нам нэртэй хулгайч луйварчдын овоохойгоо татан буулгаад зайлахад л болно шд .

Avatar

Нэргүй 2023-05-29 121.50.42.123

Биеэ үнэлэлт, архидалтын уурхай болсон Зайсангийн Golden Dragon гэж хятад газрын шалгачих хууль хяналт гэж байхгүй юм байна. Энд байгаа хятадуудыг шөнөөр ямаршуухан байдгийг та бүхэн сурвалжлаад өгөөч.

Avatar

Иргэн 2023-05-29 103.229.122.158

Монголын ДНБ тоо сүүлийн 10 жил 12-15 тэрбум доллар байсан. судалгаагаар далд эдийн засаг нь 5 тэрбум доллар. За тэгээд УИХ гишүүд, хамаарал бүхийн хүмүүс, МАНАН-д гайгүй дарга хийж байсан нэлээдгүй нөхдүүд: бүх тендер, лицензи, газар, татвар төлөгчдийн тушаасан татварууд, гадаадын зээл тусламж, нүүрсний хулгай 42 их наяд төгрөг, төрийн өмчит компаниудын өр /18-52 их наяд/, БЗС, хувьчлал г.м бүх санд 33 жил гараа дүрлээ. Одоо 126 + хамаарлууд гараа дүрэх болно .

Avatar

Нэргүй 2023-05-29 202.126.90.118

Улсын мөнгийг завших нь ихэсч байгаа тул Улсын Их Хурлын гишүүдийн тоог 38 болго!

Avatar

Нэргүй 2023-05-29 202.9.40.99

Учрал гишүү харин ч зөв юм сэтэж сайн ажиллаж байгаа нэр цэвэр цөөхөн гишүүдийн нэг мөн. УИХ-ийн гишүүдийн тоог нэмээд ямар үр дүн гарахыг нь харах л үлдлээ. Хөгшин гишүүд одоо болимоор юмаа. Яагаад залуучууддаа боломж өгдөггүй юм бэ. Залуучууд нь Солонгост ажиллаад хөгшчүүд нь энд байх нь улсын хөгжилд сөрөг нөлөөтэй.

Avatar

Зочин 2023-05-29 202.126.90.90

Яагаад гэвэл одооны залуучууд маш их шуналтай бас ажил хийсэн туршлагагүй амьдрал мэдэхгүй гэх мэт олон дутагдалтай.

Avatar

Зочин 2023-05-29 192.82.64.158

Хөөе сэтгүүлчээ нийгмээрээ ҮХНӨ -ийг эсэргүүцээд, гишүүдийн тоог нэмэхгүй байхыг иргэд анхаруулаад сануулаад байгаа шүү. Нийгмээрээ эерэг хүлээлт үүссэн ч гэх шиг худлаа тархи угаалт хийхээ больж үзээрэй.126 гишүүн болчихоор худал хулгай арилна гээд ямар эрдэмтэн,бурхан,бөө удган мэрэгч төлөгч нь хэлчихсийн. Хулгайч худалчууд өөрсдөө л амнаасаа цагаан хөөсөө сахруулаад ангаж цангатлаа бурж байгаа биздээ. Ард түмэн тэднээс ҮХ-ИЙГ өөрчлөөд өгөөч гишүүдийн тоог нэмээд өгөөч гэж бүрч гуйгаагүй

Avatar

Ард түмэн дэмжгүй байхад ҮХНӨ хийвэл хариуцлага хэн хүлээх вэ 2023-05-29 192.82.81.141

Сэтгүүлч минь битгий тархи угааж захиалгат мэдээлэл бичээж ҮХНӨ зөвхөн энэ сэтгэгдэлд 18/1 хэт олонх дэмжихгүй байна

Avatar

Сонгогч 2023-05-29 192.82.71.6

ЖДҮ, Концес, Хөгжлийн банк бүх боломжыг эдэлсэн төрийн сайд байж л бна, хошин урлагын 1 хэлбэр

Avatar

хэлэх үг алга 2023-05-29 66.181.166.134

Учрал бол ЖДҮ-чин хулгайч, хэвийн б**в тарааж ахмадуудыг хуурч саналыг нь авдаг адгийн н**ш.

Avatar

Зөнөсөн зохиолч 2023-05-29 43.242.243.73

Төрийн сангууд болон төрийн өмчит компаниудыг тоносон хулгайчдаа МАН, АН хоёр аль болохоор олныг сонгуулийн жагсаалидаа оруулахыг уриалъя. Тэгээд сонгогчид тэднийг унагаад нэр дэвшигч цэвэр горилогчдоо ялалт билэглэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж