Үндэсний аудитын газраас тавдугаар сарын 26-нд “Аудитын шийдвэрийн хэрэгжилт, үр нөлөөг тооцох бодлого, арга зүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр хөндсөн анхаарал татах нэг асуудал нь аудиторууд жил бүр төрийн байгууллага болон, төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компанид шалгалт хийгээд санхүүгийн зөрчлийг арилгах зөвлөмж өгдөг ч хэрэгждэггүй шалтгаан нь халаа сэлгээ болжээ. Жишээ татвал, Боловсролын зээлийн сан /БЗС/-г байгуулагдсан цагаас нь эхэлж аудитын байгууллага шалгалт хийх бүрийдээ “авлагаа тооц, тооцоогоо баталгаажуул. Шаардлага хангахгүй хүн БЗС-гаас зээл авсан байна, зөрчлийг арилга” гэдэг зөвлөмж өгсөөр ирсэн ч хэрэгжилгүй өдийг хүргэсэн нь дарга, нягтлан хоёр нь байнга өөрчлөгддөг байсантай холбоотой аж. Ийм асуудал зөвхөн БЗС-д нүүрлээгүй, төрийн бүх л байгууллага, төрийн өмчит компанид тохиолддог. Өөрөөр хэлбэл, аудиторууд өнгөрсөн жил тавьсан актаа дараа жил нь шалгалт хийгээд дахин тавьдаг жишиг тогтсон. Зарим төрийн байгууллага нь аудитын байгууллагаас тавьдаг албан шаардлагыг үл хайхрах ч тохиолдлууд бий. Нэг ёсны тэд ирж албан шаардлага тавьж л байдаг юм гэсэн хандлагаар ханддаг болсон нь эргээд төрийн байгууллагуудад санхүүгийн зөрчил буурахгүй байх нөхцөл шалтгаан болж буйг ч онцоллоо. Түүнчлэн зарим асуудлаар шүүх дээр маргаан үүсгэе гэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тохиолдол ч гардаг аж. Мөн нэг асуудал дээр дахин, дахин агуулга нэг зөвлөмж өгсөөр үнэ цэнэ нь алдагддаг байдал ч бий болжээ.
Харин Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг зөвлөгөөний талаар “Энэ оныг төрийн аудитын байгууллагын шийдвэрийн хэрэгжилт үр нөлөөг ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах жил болгон зарласан. Төрийн албадын байгууллагаас шалгагдагч этгээдэд өгч байгаа зөвлөмж албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Төрийн аудитын байгууллагын аудит хийж байгаа аудиторууд, менежерүүд, албан тушаалтнууд юунд анхаарах шаардлагатай юм. Бидний өгч байгаа зөвлөмж хэр үл нөлөөтэй ашигтай байх талаар ярилцаж байна. Аудитын тайланг ил тод нээлттэй мэдээлж байгаа. Шилэн дансны тухай хуулиараа тухайн байгууллага тайлан дээрээ мэдээлэх ёстой. Тухайн мэдээллийг ил тод болгосноор ямар ач холбогдолтой талаар ярилцаж байна.
Төрийн аудитын байгууллага нь хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг стандарттай, олон улсын ИНТОСАИ /Аудитын дээд байгууллагуудын олон улсын холбоо/-гийн гишүүн байгууллага. Аудит жил болгон тайлангаа гаргаж байна, энэ тайлангаар гарсан алдаа зөрчлийг арилгахын тулд мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай олон улсын туршлага байдаг юм байна. Өнөөдрийн хурлаар өнгөрсөн 2022 онд Бразил улсад болсон ИНТОСАИ -гийн хурлаар ярилцсан асуудлыг мөн ярилцаж байна. Тайлангаа ил тод мэдээлж байна, судлаад шаардлага гарсан тохиолдолд ашиглаж байна. Бүх тайлангаа ил тод болгоё, аудиторуудын гаргаж байгаа шийдвэрээ цаг тухайд нь мэдээлж байх зайлшгүй шаардлага тулгарсан байна гэдэг асуудлыг ярилцаж байна” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ