"Иргэн н.Батзоригийн гомдлоор хэрэг нээсэн гэсэн "

Хуучирсан мэдээ: 2023.05.29-нд нийтлэгдсэн

"Иргэн н.Батзоригийн гомдлоор хэрэг нээсэн гэсэн "

"Иргэн н.Батзоригийн гомдлоор хэрэг нээсэн гэсэн "

Тагнуулын ерөнхий газраас иргэн Ц.Уянгад Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлгийн зүйл заалтаар эх орноосоо урвасан гэх хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрбээр "Хэн нэгэн дарга, иргэнд таалагдаагүй зүйл сошиал сүлжээнд бичсэнээс болж, хэрэгт сэжиглэн дуудаж, дарамталдаг байж болохгүй" гэдгийг хэлж байгаа юм. Ц.Уянгад хуулийн байгууллагаас хилийн хориг тогтоосон нэг, зөрчлийн хэрэгт татсан нэг, зөрчлийн шийтгэл оноосон нэг, ТЕГ-ын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэх хэрэгт, мөн цагдаагийн байгууллагаас дайны эсрэг бүртгэлгүй жагсаал зохион байгуулсан гэх хэргүүдэд татан шалгаж байгаа гэнэ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 


-Тагнуулын ерөнхий газраас иргэн Ц.Уянгыг эх орноосоо урвасан гэх хэрэг үүсгэн шалгаж байгаа гэлээ. Яг ямар үндэслэлээр хэрэг нээн, шалгаж байгаа юм бол?

-Тагнуулын байгууллагаас үүсгэсэн хэргийн үндэслэлийг сайн ойлгохгүй байна. Надад хэргийн үндэслэлийг хэлэхгүй гэсэн. "Заавал мэдүүлэг өгч байж тэрийгээ мэднэ биз. Тайлбар гаргах шаардлагагүй" гэдэг хариултыг өгсөн. Ямар ч байсан иргэн н.Батзоригийн гомдлоор хэрэг нээсэн гэсэн. Тэр нь ямар гомдол байсныг ч мэдэхгүй.

Миний тавдугаар сарын 17-ны өдрийн твиттер дээр хийсэн жиргээнд н.Батзориг гэж хүн гомдсон бололтой. Тэрийг нь Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа юм уу даа. Намайг хоёр, гурван удаа мэдүүлэг өгөхийг шаардсан.

-Та мэдүүлэг өгсөн үү?

-Үгүй ээ. Яагаад гэвэл хууль бус зүйлийг хууль ёсны болгож өөрөө идэвхи гаргаж, туслан дэмжихгүй. Тэнд очоод юу болох нь тодорхой. Энэ бол урьдчилан бэлтгэсэн зохиомж. Би үнэхээр гэмт хэрэгтэн бол хууль ёсны баримт нотолгооны дагуу прокуророос зөвшөөрөл авч, баривчлах шүүхийн тогтоолоо гаргуулах ёстой. Хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний захиалга байвал яах уу. Иймэрхүү байдлаар иргэдийг айлган сүрдүүлэхэд нь туслан дэмжихгүй.

-Тэгвэл таны жиргээ ямар утга агуулгатай байсан юм бэ?

-Би тавдугаар сарын 17-ны өдөр твиттерт жиргэсэн бүх жиргээгээ шүүж үзлээ. Шүүсэн постуудаа нэгтгээд олон нийтийн сүлжээнд нийтэлж, алийг нь эх орноосоо урвасан гэж үзэж байгааг ойлгохгүй байна гэдгээ ч бичсэн. Магадгүй жаахан ёжлол маягийн пост хийсэн. Бидний зүгээс бие даасан улс орны байдалд түрэмгийлэгч орон хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцсэн.

Нэг хэсэг Засгийн газраас МҮОНРТ-ээр мэдээлэл хийж, иргэдийг буруутгаж байсныг ёжолж хэлсэн төдий. Тэр нь эх орны аюулгүй байдалтай холбогдож, би эх орноосоо урвах үйлдэл мөн үү.

-Хүний эрхийн чиглэлээр "Дайн ба Энх" гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Ингэхдээ зарим хүмүүсийг онцолсон байсан. Үүний улмаас зарим хүмүүс урланд нэвтэрч, халдсан гэл үү?

-Хүний эрхийн чиглэлээр гэхээсээ илүүтэй дайныг эсэргүүцсэн үзэсгэлэн. Үндсэн хуулийн үзэл баримтлал, бусад салбар хуулиудынхаа өмнө хүлээсэн үүрэг, баталгаажуулсан баталгаа гэж бий. Үүний дагуу Монгол Улс олон улсын НҮБ, Женев, Венийн конвенцид нэгдэж, цэргийн эвсэл болон дайны түрэмгийллийг ямарваа нэгэн хэлбэрээр дэмжихгүй гэдэг хууль, дүрмийг баримталж буй. Гэтэл өнөөдрийг хүртэл нөхцөл байдал яаж яваад ирлээ. Дайныг эсэргүүцсэн залуусын тэмцэл өөр байдал руу шилжсэн. Тийм учраас шинэчилсэн дэглэлт хийж, үзэсгэлэн гаргасан.

Энэ хугацаанд эдгээр залууст юу тохиолдов, төр засгаас ямар үйл ажиллагаа явуулж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний салбар байгууллагууд дайны суртал ухуулгыг хэрхэн хийв, Засгийн газар гүйцэтгэх засаглалаараа дамжуулж, ямар хууль бус ажиллагаа хийв, иргэдийг айлган сүрдүүлсэн гэх мэт болсон үйл явдлыг гэрэл зурагтай нь сошиал постуудыг тавьсан. Тэрийг өөрсдөдөө холбож, юу гэж тайлбарлах нь өөрсдийнх нь асуудал.

Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр эхнээсээ олон нийтийн сүлжээгээр дайралт хийж, халдлага хийсэн. Цагдаагийн байгууллагад ч мэдэгдсэн. Гэвч ямар ч арга хэмжээ аваагүй.

-Тухайн хүмүүсийн зургийг үзэсгэлэнд тавихдаа зөвшөөрөл аваагүй юм уу?

-Тэр хүмүүс зүгээр байхад нь би нууцаар мөшгиж, очоод зургийг нь дараагүй. Зүгээр байхад нь очиж ярилцлага аваагүй. Өөрсдөө олон нийтийн сүлжээ болон зарим сайтуудаар мэдээлэл хийж, нийтлэл гаргаж, хэвлэлийн бага хурал хийсэн. Угаасаа олон нийтэд гарах гэж олон нийтийн сүлжээнд гарч ирсэн биз дээ. Тэгэхээр тэд ингэж байсан гэдэг юмыг гаргахын тулд яахаараа тэднээс зөвшөөрөл авах ёстой юм бэ.

Хэн нэгний зохиогчийн эрхийг ямар нэг уран бүтээлд ашиглах гээд арилжааны зорилгоор хэрэглэх бол хувь хүний зөвшөөрөл авах ёстой.

"Хүмүүсээ намайг үзэж хараач" гээд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зургийг нь л ашигласан. Би хууль дүрмийг нь бас нийтэлсэн. Фэйсбүүк платформ дээр зургаа хэдэн мянган удаа оруулж, юунд ч ашиглаж болно гэсэн эрхийг та хүлээн зөвшөөрч, аккаунт нээж байгааг сануулсан дүрэм ч бий.

-Таны хувьд улс төр, нийгмийн асуудалд бухимдалтай байдаг уу. Зарим нь гадаадад амьдардаг хүн монголчуудын амьдралыг төдийлөн сайн мэдэхгүй гэж шүүмжлэх нь бий?

-Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалын хамгийн эхний заалтад эрдэнэт хүний биеийг олсон бол шашин шүтлэг, гарал угсаа, үндэс язгуур, хэл соёлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх эрхтэй. Хэрэв гадуурхах юм бол гишүүн орны улсууд үүнийг гэмт хэрэг гэж үзэж, дотоодын хууль тогтоомжоор зохицуулна гэж тусгасан. Гэтэл нэг маргаан үүсэхээр  нь “Чи гадаад нөхөртэй” гэж доромжилж, дайрдаг. Өөрөө цэвэр монгол хүн гэж нэр наачихвал бусад бүх муу муухайгаас аврагдчихна гэж ойлгодог нь харамсалтай. Манай хуульд дайн түрэмгийллийг эсэргүүцнэ гэсэн бол эсэргүүцэж байх ёстой. Хүнийг бүх нийтээр жигшүүлж, зэвүүцүүлэх, нийгмийг зэрлэг болгох эрхийг олгох ёсгүй. Энэ асуудлыг олон жил ном ёсоор нь, боловсноор нь яриад аргадаад хэлээд болохоо байсан хүмүүс эргээд өөртэй нь адил зэрлэг араншингаар нь ойлгуулж, амьтанлаг араншин руугаа автоматаар орохоос өөр аргагүй байдалд хүрч байна. Ажлаа хийх ёстой хүмүүс нь ажлаа хий. Чадахгүй бол хийж чадах нөхцөл байдал руу нь оруулж, чадах хүмүүст нь өг гэдгийг хэлж буй.

Хоёр хүний асуудлаас хальж, бүхэл бүтэн нийгмийн эрхийн асуудал хэврэгших үндэс суурь нь болж байна.

Манайхан “Энэ хүн үнэн юм ярьж байгаа юм чинь үндсэрхэг нацист байсан ч яадаг юм”, “Би хүн зодоод алсан ч яадаг юм” гэсэн байдлаар хандвал хууль гэж байгаад яах юм бэ. Хууль нийгмийн харилцааг л зохицуулах үүрэгтэй. Тэрнээс биш тэр хүн надад таалагдахгүй учраас дарамталж, шийтгэнэ гэсэн үг биш. Тэгэхээр хууль тогтоогч, сахиулагчид хийх ёстой ажлаа хийхгүй байгаа учраас цэцэрлэгийн хүүхдүүд шиг хоорондоо тоглоомоо булаацалдана биз дээ.

-Таны хувьд ямар нэгэн гадаадын байгууллага, иргэнтэй хамтран ажиллаагүй юу?

-Намайг хэрэв гадаадын байгууллагаас санхүүжүүлдэг байсан бол би ийм хэмжээнд явахгүй. Би өнөөдөр энд биш НҮБ-ын индэр дээр үг хэлж байх байсан байх. Би энд хэрэлдээд яах юм бэ. Улс гэхээр хаалгаа хааж байгаад юу дуртайгаа хийдэг газар биш.

Хүн төрөлхтөн ийм байдлаар явбал юунд хүрч байгааг харсан учраас олон улсын эрх зүй гарсан. Энэ зөв шугамд оруулж өгөөч, олон улсын байгууллагуудыг тоогоод өгөөч гэж гүйж байгаа нь бид болохоос биш бид хэн нэгнээс санхүүжилт аваад ийм юм яриад суухгүй.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
41
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж