Украины дайнаас болж ам.доллараар хэмжигддэг дэлхийн санхүүгийн системийг Оросын эсрэг зэвсэглэж байна гэсэн болгоомжлолын дагуу ам.долларын худалдааг бууруулах тухай маргаан сүүлийн нэг жил үргэлжилж байна. Үүний үр дүнд янз бүрийн улс орнууд олон улсын худалдаанд ашиглах, нөөцдөө хадгалах зорилгоор ам.доллараас бусад валют, өөр хөрөнгө босгож эхлэв. Тэдний дунд ам.доллараас дутахгүй хамгийн өргөн хэрэглэгдэж буй, боломжит валютаар Хятадын мөнгөн тэмдэгт юань нэрлэгдэж байна. Тэгвэл энэ удаагийн ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ буландаа ам.долларын давамгайлсан олон улсын төлбөрийн системийн шинэ сорилт гэгдэж буй юанийн дэлхийн валют болоход тулгарч буй 3 асуудлыг хөндөж байна.
Хятад ч мөн адил олон улсын хэмжээнд мөнгөн тэмдэгтийнхээ хэрэглээг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тул Москва болон юанийг худалдаа, төлбөр тооцоонд ашиглах сонирхолтой бусад улстай гэрээ байгуулсан. Гэсэн ч ямар ч хөрөнгө, валют, тэр тусмаа юаньд ам.долларын байр суурийг эзлэхэд хэцүү байх болно. Еврогийн хэрэглээ хүртэл ногооныг гүйцэлгүй өнөөдрийг хүрсэн. Хамгийн гол нь Бээжин ч ам.долларыг бүрэн унагаж, юанийг дэлхийн хамгийн гол нөөц валют болгохыг хүсэхгүй байна гэж Хятадын эдийн засгийн шинжээч Insider сэтгүүлд ярьжээ. Хятад улс хүртэл дэлхийн эдийн засгийг долларгүй болгож, юанийг нөөцийн дээд валют болгохыг төдийлөн хүсэхгүй байгааг дараах гурван шалтгаанаар тайлбарлажээ.
- Хятад улс мөнгөн тэмдэгтээ либералчилж, эдийн засагт нь мөнгө чөлөөтэй орж гарахыг хүсэхгүй байна
Хэдийгээр Хятад улс АНУ-ын дэлхийн ноёрхолд эгдүүцэж байгаа ч үүнийг зөвхөн Бээжингийн нөхцөлөөр хийхийг хүсч байна гэж Лондонд төвтэй "TS Lombard" зөвлөх компанийн Хятадын ахлах эдийн засагч Рори Грин хэлэв. Хятадын Ардын банк санхүүгийн аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр юанийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд сүүлийн 10 жилийн хугацаанд болгоомжтой алхмуудыг хийж ирсэн. Тиймээс энэ динамикаа одоо эвдэх магадлалтай гэж Грийн тайлбарлажээ. Энэ тогтвортой байдлыг Хятадын эдийн засагт орж, гарах гадаад валютын худалдааг хянадаг капиталын хяналтыг ашиглах замаар хадгалж байгаа. Бээжингийн бодлого нь бие даасан, бүрэн эрхт мөнгөний бодлогын урьдчилсан нөхцөл гэж үздэг тул ийм хяналттай байх хандлагатай байдаг аж. Хятад улсын санхүүгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд шаардлагатай гэж үзэж буй ийм хяналт нь "Бээжин хэзээ ч урсгал дансаа бүрэн чөлөөлж чадахгүй ч юанийг олон улсад дэлгэрүүлэх алхмыг хийх боломжтой" гэсэн үг юм. Юанийг олон улсын худалдаанд ноёрхогч валют болгохын оронд Бээжин нь дэлхийн зарим хэсэгт ам.долларын ноёрхлыг таслан зогсоохын тулд Ази зэрэг идэвхтэй худалдаа хийдэг улс орнуудынхаа дунд валютын нөлөөллийн хүрээгээ үргэлжлүүлэх бололтой.
"Хятадад хөрөнгийн хяналтыг өөрчлөх сонголт үргэлж байсаар ирсэн. Бээжинг эс тооцвол дэлхийн улс төрийн орчин үүнийг дэмжих үү, юанийг хүлээн зөвшөөрөх хангалттай улс орон бий юу?" гэсэн асуулт тулгарч байна гэж Торонтод төвтэй "The Geopolitical Business" зөвлөх фирмийн гүйцэтгэх захирал Абишур Пракаш ярьжээ. Түүний хэлснээр,"Магадгүй өнөөдөр хариулт нь тийм байж болно. Учир нь олон улс орон юань ашиглахаар аль хэдийн гарын үсэг зурсан нь Хятадад бодлогоо өөрчлөх дохио өгч байгаа аж.
2. Хятад улс АНУ шиг байнгын алдагдалтай байхыг хүсэхгүй, дааж ч чадахгүй
Ам.долларын нөөцийн валютын байр суурь, нөлөөлөл нь тодорхой золиостой. Энэ нь АНУ-ын өнөөгийн санхүүгийн алдагдал юм. Учир нь дэлхий даяар ам.долларын эрэлт Америкийн импортын эрэлтээс илүү байгаа бөгөөд үүнийг ч мөн ногооноор төлдөг. Тиймээс АНУ нөөц валютын тэргүүлэх байр сууриа хадгалахын тулд улам их хэмжээний алдагдалтай тэмцэх шаардлагатай болдог. Энэхүү парадоксыг анх 1960 онд Йелийн эдийн засагч Роберт Триффин Конгресст дэвшүүлсэн. Урсгал тэнцлийн алдагдлыг бий болгох сул тал нь дэлхийн хөрөнгийн урсгалын гэнэтийн өөрчлөлтөд улс орныг эмзэг болгож байгаа явдал юм гэж "Bloomberg" мэдээлэв. "Reuters" агентлагийн Жон Кемп 2009 онд "АНУ-ын хувийн хадгаламжийн валютаас илүү том төсөв, одоогийн дансны алдагдал" гэдгийг тайлбарласан. "Дэлхийн эдийн засаг тэлэхийн хэрээр нөөц хөрөнгийн эрэлт нэмэгдсэн. Эдгээрийг зөвхөн АНУ урсгал дансны алдагдалтай, түүнийг санхүүжүүлэхийн тулд ам.доллараар илэрхийлсэн үүрэг хүлээснээр гадаадынханд нийлүүлэх боломжтой" гэж тэрбээр бичжээ. "Хятад одоогоор дэлхийн хоёр дахь том эдийн засаг байгаа хэдий ч АНУ шиг алдагдалтай байж чадахгүй. Хятад улс урсгал тэнцлийн алдагдлыг тогтвортой байлгаж, дэлхийн хэмжээнд юанийн хөрөнгийн хангалттай нийлүүлэлтийг хангахад улс төрийн хүсэл зорилгогүй, эдийн засгийн хувьд бүтцийн томоохон шинэчлэл хийх боломжгүй байна" гэж Грин хэлжээ.
3. Бээжин геополитикийн олон эрсдэлтэй тулгарч байгаа тул Хятадад ч өөр хөрөнгө хэрэгтэй байна
Дэлхийд давамгайлах нөөц валют болох ам.доллартай тэнцэхийн тулд аливаа валютуудын нэг гол сорилт бол "ногоон"-ын давамгайллыг даван туулах юм. Өнөөдрийн байдлаар еврогийн олон улсын худалдаан дахь үүрэг роль юаниас давамгай байгаа. Олон улсын мөнгөн шилжүүлгийн "SWIFT" системээр өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн дэлхийн нийт төлбөрийн 43 хувь нь ам.доллараар хийгдсэн бол 32 хувь нь еврогоор хийгдсэн байна. Гэтэл уг гүйлгээний ердөө 2.3 хувь нь юаниар хийгджээ.
Үүний зэрэгцээ Олон улсын валютын сангийн мэдээллээр, 2022 оны дөрөвдүгээр улиралд мөн л дэлхийн валютын нөөцийн 54 хувийг ам.доллар эзэлсэн бол евро дөнгөж 20 хувь, юань 2.5 хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь нөөц хөрөнгийн талаар өргөн сонголт байхгүй гэсэн үг бөгөөд Хятадын Төвбанкны хувьд ч асуудал болж байна гэж Грийн тайлбарлажээ. Учир нь Хятадын Төвбанк юаниар илэрхийлэгдсэн бондоо одоо асар их хэмжээний хөрөнгийг Төрийн сангийн үнэт цаасанд эзэмшиж буй АНУ-ын Холбооны нөөцийн сантай адил их хэмжээгээр барих шаардлагатай болно гэсэн үг. Бээжингийн замд тулгарч буй асуудлуудыг харгалзан үзвэл юань дэлхийн нөөц валют болох ногооны байр суурийг эзлэх магадлал багатай. Түүнчлэн Стэнфордын түүхч Ниалл Фергюсон тавдугаар сарын 1-нд "CNBC"-д хэлэхдээ, эдгээр саад бэрхшээлүүд нь Хятадын хяналтаас гадуурх бусад сорилтууд, тэр дундаа дэлхийн санхүүгийн системийн инерцитэй холбоотой байдаг гэжээ. "Геополитик болон Хятадын эдийн засгийн эргэлт нь худалдаа, нөөцийн эзэмшилд юанийг нэвтрүүлэхэд түлхэц болж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх болно. Олон улсад юанийн хэрэглээг нэмэгдүүлснээр хориг арга хэмжээ авах сувгийг бий болгох боловч ам.долларт аюул заналхийлэхгүй" гэж Грийн тайлбарласан байна.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ