Хойд Солонгос улс тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний хооронд хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байна. Тодруулбал, цөмийн зэвсэгтэй тус улс нь цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулаа бүтээж дууслаа гэж мэдэгдсэн ба удирдагч Ким Жон Ун тойрог замд хөөргөх эцсийн бэлтгэлийг нь баталжээ. Цэргийн тагнуулын хиймэл дагуул нь Хойд Солонгосын ажиглалтын чадавхийг сайжруулж, дайны үед бай руу цохилт өгөх чадварыг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Пёньян энэ төлөвлөгөөгөө Японы эргийн хамгаалалтынханд мэдэгдсэнтэй холбоотойгоор Токиогоос мэдэгдэл хийлээ. "Японы нутаг дэвсгэрийг зөрчсөн Умардын ямар ч пуужин байсан бид устгахыг зорьж байгаа. Үүний тулд бэлтгэл хийж байна" гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Ингэхдээ "SM-3″ эсвэл Патриот пуужин ашиглана гэлээ.
"Хойд Солонгосын хиймэл дагуул манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх магадлал бага байгааг засгийн газар хүлээн зөвшөөрч байна. Хиймэл дагуул хөөргөх нь Японы иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө" гэж Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно хэлэв. Ерөнхий сайд Фүмио Кишида ч бас Хойд Солонгосын пуужин хөөргөхгүй байхыг уриаллаа. Япон улс пуужин хөөргөх үеийн мэдээллийг цуглуулж, шинжлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдээд байна. Энэ хүрээнд АНУ, Өмнөд Солонгос зэрэг холбоотонтой хамтран ажиллах аж.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ