“No war”, “No double standard” хөдөлгөөнөөс Монгол Улс хувь хүний эрх, эрх чөлөөнөөс ухарч байна сэдвээр өнөөдөр/2023.05.29/ мэдээлэл хийлээ.
"Эрүүгийн хуулийн 23.1 буюу хууль сахиулагчийн биед халдсан гэх үндэслэлээр “No double standard” -ийн зургаан залууд цахим гав зүүлгэсэн. 1- 1.2 жилийн хугацаатай дүүргийн хязгаарлалт оруулсан. Цахим гавын хэрэгжилтийг туршиж үзэхэд олон иргэний эрхийг зөрчиж байна. Буруу заадаг, зай дуусдаг зэргээс болж олон иргэд дүүргийн хязгаарлалтын ялыг хорих ялаар солиулж байна. Энэ зүйл заалтыг өөрчилж, солих шаардлагатай.
Дараагийн заалт 13.14 буюу албан тушаалтны нэр төрд халдах. Энэ эрүүгийн хуулийн заалтаар “No double standard” -ийн гишүүн Э. Одбаяр твиттер хуудаснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан тушаалыг товчилж бичсэнээс нэр төрд халдсан болж 1.2 жилийн ял авсан.
11.6 буюу хөнгөн гэмтэл учруулах. Энэ заалт орсноос хойш хүний эрх зөрчигдөж байгаа талаар нээлттэй тайлан хий. Дүн шинжилгээ судалгаа хийж байгаа байгууллагууд олон нийтэд нээлттэй мэдээл гэдэг шаардлага тавьж байна.
Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хууль болгож шинэчлэн найруулах санаачилгыг 2021, 2022 онуудад өгч байсан. Нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлсэн. Авч хэлэлцээгүй.
1994 онд батлагдсан хуулийг цагдаа нар иргэдийн эсрэг ашигладаг. Бүртгүүлэх гэдгийг зөвшөөрөл авах гэж ойлгодог. Зөрчлийн хэрэг үүсгэдэг.
“No war” хөдөлгөөн өрнөснөөс хойш 20 гаруй зөрчлийн хэрэг үүсгэж, тав, зургаан удаагийн шүүх хурал болсон. Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль иргэдийн эвлэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж чадахгүй байна. Одоо нэмэлт өөрчлөлт оруулах цаг биш. Бүхлээр нь шинэчлэн найруулах хэрэгтэй. Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд гэх хүнийг огцруул. Цагдаагийн байгууллагын өдөр тутмын явуулж буй үйл ажиллагаа нь хүний эрхийг зөрчдөг, хүний биед халддаг, гүтгэн доромжилдог. Хүний эрхийн ойлголтгүй цагдаа нар иргэдэд үйлчилж чадахгүй байна. Иймд хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх үүднээс төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна" гэсэн юм.
Э.ХУЛАН
Холбоотой мэдээ