Банк санхүүгийн салбарын бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн бүхий л салбарт шууд болон шууд бус байдлаар нөлөө үзүүлдэг. Иймээс Монгол Улсын банк санхүүгийн салбарын төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай, өртөг багатай зардлаар гүйцэтгэх бодлогыг Монголбанк тууштай хэрэгжүүлсэн. Үр дүнд нь, Монгол Улсын төлбөрийн систем үсрэнгүй хөгжиж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрсэн гэж хэлж болохоор байна.
2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдаж, 2018 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Ийнхүү эрх зүйн орчин бүрдсэнээр төлбөрийн системд банкнуудаас гадна финтек компаниуд оролцох боломж бий болж, анхны цахим мөнгөний зөвшөөрлийг олгож эхэлсэн юм.
Монголбанк 2016 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж, өнгөрөгч 2022 онд дуусгавар болсон. Энэ төслийн хүрээнд төлбөрийн системийг илүү боловсронгуй, дэвшилтэт, найдвартай болгох цогц ажлууд үе шаттай хийгдэж, нийт 10 гаруй системийг банк санхүүгийн салбарт шинээр нэвтрүүлсэн.
Үүнээс иргэдэд хамгийн ойр хэрэглэгддэг нь банк хоорондын их дүнтэй гүйлгээний “Банк сүлжээ” систем, бага дүнтэй гүйлгээний “ACH” систем болон картын систем юм. Бага дүнтэй буюу иргэд, аж ахуйн нэгжүүдийн 5 хүртэлх сая төгрөгийн гүйлгээ банк хооронд бодит цагийн горимоор шилжих болсон. Харин их дүнтэй гүйлгээ (5 сая төгрөгөөс дээш) өмнө нь ажлын 1-2 хоног байдаг байсан бол одоо 1 цагийн дотор л шилжин орж буй юм. Мөн бага дүнтэй гүйлгээний ACH системийг ашиглан маш олон тооны шилжүүлэг (тухайлбал, төрийн сангаас олгож буй хүүхдийн мөнгөний тэтгэмж, цалинтай ээжийн тэтгэмж г.м)-ийг Сангийн яамнаас шивж ирүүлсэн тохиолдолд Монголбанк 2-3 минутын дотор бүх банканд хуваарилах боломжтой болсон юм.
Технологийн дэвшлийг даган иргэд төлбөр тооцоогоо банкин дээр очиж хийхээс илүүтэйгээр гар утасны аппликейшн ашиглан гүйцэтгэх нь улам нэмэгдсэн. Монголбанкнаас гаргаж буй хөдөлгөөнт банкны статистикийг харвал:
- Интернэт банкны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд – 900,667 байсан бол 2022 оны жилийн эцэст 1,749,080 болж, 2 дахин нэмэгдсэн байна.
- Интернэт банкны аппликейшн ашиглан хийж буй гүйлгээний тоо 2020 оны эхний улиралд 42.4 сая ширхэг, гүйлгээний дүн 11.3 их наяд төгрөг байв. Харин 2022 оны жилийн эцсийн байдлаар гүйлгээний тоо 66.7 сая ширхэг, гүйлгээний дүн 134.5 их наяд төгрөгт хүрч өсжээ.
- Улсын хэмжээнд идэвхтэй картын тоо 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.6 сая ширхэг байсан бол 2022 оны эцэст 2.2 сая ширхэг болж нэмэгдэв.
- Картаар хийгдсэн гүйлгээний тоо 2020 оны эхний улиралд 104 сая ширхэг, гүйлгээний дүн 8.5 их наяд төгрөг байсан бол 2022 оны эцсийн байдлаар гүйлгээний тоо 713.7 сая ширхэг, гүйлгээний дүн 23.3 их наяд төгрөгт хүрчээ.
Монгол Улсын хэмжээнд хийгдэж буй нийт гүйлгээний 98 хувь нь цахимаар буюу гар утасны аппликейшн, мобайл банк болон интернэт, АТМ-ээр хийгдэж байна. Үлдсэн 3 хувь нь банкны салбар дээр буюу теллерээр үйлчлүүлэх байдлаар хийгдэж байгаа гэх статистик бий.
Үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн бас нэг онцлох ажил нь үндэсний төлбөрийн “Т” картыг олон улсын стандартад нийцүүлсэн явдал юм. Тухайлбал, Монголбанкнаас санаачлан 2012 онд үндэсний төлбөрийн “Т” картыг хэрэглээнд нэвтрүүлсэн ч тухайн үедээ зөвхөн соронзон тууз бүхий хамгаалалтын элементтэй байсан нь орчин үеийн нууцлал, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангахааргүй байв. Тиймээс 2022 онд “Т” картыг олон улсын стандартад нийцсэн EMV чип технологид шилжүүлэх ажлыг бүрэн хийж гүйцэтгэв. Ингэснээр “Т” карт нууцлал, аюулгүй байдлын хувьд олон улсын стандартад бүрэн нийцэв. Үүгээр “Т” карт нь гадна зайнаас төлбөр тооцоо гүйцэтгэх NFC технологийг давхар нэвтрүүлсэн гэдгээрээ онцлогтой юм.
Үндэсний төлбөрийн “Т” картын хөгжил үүгээр дуусахгүй. Монголбанкнаас энэ онд “Т” картыг токенжуулах буюу картаа гар утсандаа холбох шийдлийг банкнуудтай хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд картаа заавал биедээ авч явах шаардлагагүйгээр гар утсаараа дамжуулан төлбөр тооцоогоо хийх бүрэн боломжтой болно. Энэ нь нэг ёсондоо Apple pay, Google pay зэрэг олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны шийдэл болох юм.
Түүнчлэн “Т” картыг зөвхөн дотооддоо бус олон улсад хэрэглэж болох алхмыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд Монголбанк БНСУ-ын “БиСи” карт байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулснаар “Т” картаар БНСУ-д, БНСУ-ын “БиСи” картаар Монгол Улсад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг нэвтрүүлсэн. Монголбанкны зүгээс энэ жишгээр “Т” картыг дан ганц БНСУ гэлтгүй Зүүн өмнөд Азийн орнуудад ч шууд ашиглах боломжийг нээхээр ажиллаж байна.
Орчин цагт дижитал шийдэл бүхий л салбарт нэвтэрч, тэр хэрээр хүмүүсийн аж амьдрал, хэрэглээг өдрөөс өдөрт хялбарчилж буй. Үүнтэй зэрэгцэн хүний амьдралын салшгүй нэг хэсэг болох төлбөр тооцоог илүү найдвартай, хялбар, энгийн болгох нь чухал юм. Гэвч өнөөг хүртэл төлбөр тооцоондоо дижитал шийдлийг бүрэн нэвтрүүлж чадаагүй, иргэд нь банкан дээр очиж, урт дараалалд зогсож, цаасан баримт үйлдэж төлбөр тооцоо, гүйлгээ хийдэг улс орон цөөнгүй гэх. Харин Монгол Улсын төлбөр тооцооны шийдэл богино хугацаанд үсрэнгүй хөгжиж, нууцлал, аюулгүй байдал, төлбөрийн хялбар шийдлийн хувьд хэдийн дэлхийн жишигт хүрч, эдийн засгийн хөгжлийн хувьд манай улсаас дээгүүр буй зарим улс орноос төлбөрийн шийдлийн хувьд илүү гарсан гэж дүгнэж болохоор болжээ.
Холбоотой мэдээ