Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг, экспорт нүүрсний худалдаан дээр тогтдог. Нэг үеэ бодвол нүүрсний экспорт өссөн сайн мэдээ дуулдаж байна. Гэхдээ энэ цонх үе хэр удаан үргэжлэх вэ?
-Оны эхний улиралд экспортын үзүүлэлт сайн байлаа. Гэхдээ эхний улирлын төгсгөлөөс уруудчихсан. Хоёр сар дарааллан нүүрсний үнэ унаж, зах зээл нь багасч, эрэлт буураад байна. Оны эхэнд хөөсөрсөн хүлээлт БНХАУ-д байсан. Энэ байдал намжих тийш хандаж байгаа нь огцом буурч байгаа мэт үзүүлэлт болж байна. Тэгэхээр удахгүй үнэ, нийлүүлэлт тогтворжиж, үлдсэн хугацаанд жигд явах байх. БНХАУ-ын гурван ч мэргэжлийн байгууллагын судалгааны дүнгээс харж байхад Монгол Улсаас 35 сая тонн нүүрс авах тооцоолол харагдаж байна. Одоогийн байдлаар дээрх дүнгийн талаас илүү хувийг нийлүүлчихээд байна. Үлдсэн хугацаанд гаргах нүүрсний хэмжээ харьцангуй багасах ч жигд хэмжээтэй явсаар төлөвлөсөн хэмжээгээ гаргах байх.
-Тэгэхээр 42 сая тонн нүүрс зарна гэх Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өөдрөг төсөөлөл худлаа болно гэсэн үг үү?
–Зарим нэг хүмүүс 40 гаруй сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой гэж удаа дараа мэдэгдэж байгаа. Юу л бол… БНХАУ жилдээ нийт 70 гаруй сая тонн коксжих нүүрс авдаг. Сүүлийн арван жилд ийм байж ирсэн.
Тухайлбал, 2021 онд 64 сая, 2022 онд 77 саяд хүрсэн. Энэ бол том тоо. Үнэхээр БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэглээ 80-90 сая тонн болж өсвөл Монгол Улсаас авах нүүрсний хэмжээ нэмэгдэх магадлалтай. Гэхдээ БНХАУ Монгол Улсаас төдийгүй ОХУ-аас өнгөрсөн хоёр жил ихээр авсан. Австрали улстай нэг хэсэг хоригтой байсан бол хориг нь цуцлагдснаар үргэлжлүүлэн авч байна.
Түүнчлэн Канад, АНУ, Африк гэх мэт БНХАУ-д коксжих нүүрс нийлүүлдэг орон олон. Нөхцөл байдал ийм байхад коксжих нүүрсний хэрэглээнийхээ талаас дээш хувийг зөвхөн Монгол Улсаас авна гэж байхгүй. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, газарзүйн хувьд Монгол Улсаас авч байгаа нүүрсийг тээвэрлэхэд хэцүү. Хоёрдугаарт, эрчим хүч нүүрс гэх мэт эрчим хүчний эх үүсвэр, технологийн түүхий эдийг нэг улсаас хараат байх бодлого улс орнууд баримталдаггүй. Ялангуяа БНХАУ. Монгол Улс БНХАУ нүүрс нийлүүлэх боломж 50-100 сая байсан ч ийм хэмжээгээр авах нь юу л бол. Их хэмжээгээр нүүрс нийлүүлэх нь гадаад бодлого болоод улс төрийн харилцаанаас шууд хамаарна.
"ТӨР БИРЖЭЭР НҮҮРС БОРЛУУЛАХ ШИЙДВЭРЭЭСЭЭ ЭРГЭЖ БУЦАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ"
-Монгол Улс биржээр дамжуулан нүүрсээ зарах болсон. Энэ нь хэр үр дүнтэй байна. Танай салбарынхан нүүрсээ биржээр зарахыг хэр дэмжиж байгаа вэ?
-Нүүрсний борлуулалт үнийн хэмжээ биржээс болж өсөөгүй. Эхний улиралд гаргасан нийт нүүрсний 1/10 орчим хувь нь биржээр зарагдсан. Ердөө зах зээл сайн байсан болоод борлуулалт нэмэгдсэн.
Биржийн тогтолцоо Монгол Улсад хөгжих нь зөв. Төрийн болоод хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ч ингэж үзэж байна. Бирж байснаар үнэ ил тод тогтоно. БНХАУ-тай нийлж, хуйвалдаад нүүрсээ хямд гаргалаа гэх хардлага арилна.
Энэ нь нүүрсний уурхайд ашигтай. Учир нь, хоосон хардлагаас болж борлуулж байгаа үндсэн үнээс хэд дахин өндөр үнээр тавтж байгаад татвар авдаг, үндэслэлгүй өндөр татвараас болж хууль, шүүхийн байгууллага дээр маргаан үүсэх тохиолдол ч бий. Тиймээс биржийн тогтолцоотой болсноор төр нь ч, бизнес нь ч ил тод байж эцсийн дүндээ монголчуудад ашигтай гэж үзэж байна. Гэнэтийн шийдвэрүүд хүлээгдээгүй үр дүн авч ирдэг. Бизнес эрхлээд том гэрээ байгуулчихсан, зарим нь тээврийн компанитайгаа тохирчихсон, төлбөрөө түрүүлээд өгчихсөн, авчихсан гэх мэт янз бүрийн харилцаа бий болчихсон байгаа. Гэтэл бизнесийн орчин нь гэнэт өөрчлөгдөхөөр бизнес эрхлэгчид дургүйцэх нь ойлгомжтой. Ялангуяа БНХАУ-ын том худалдан авагч нар. Ийм реакц эхний үед нэлээд гарсан. Гэхдээ Монгол Улсын албан ёсны байр суурь бол “Бид бүгдийг нь бирж рүү хүчилж оруулахгүй. БНХАУ-тай хийсэн оффтейк гэрээнүүдийг тодорхой хугацаанд хэвээр үлдээнэ. Ингээд бага багаар шилжүүлнэ” гэж салбар яамнаас мэдэгдсэн. Тийм учраас томоохон худалдан авагч нарын гэрээ хүчинтэй, бага багаар бирж рүү орж ирнэ. Шинээр бирж ажиллаж эхэлснээр БНХАУ-ын олон худалдан авагчид, олон улсын худалдааны компаниуд энэ худалдаанд оролцох боломжууд нь нээлттэй болж өгч байна. Тиймээс хил орчмын хэдхэн компани Монголын нүүрсийг хяналтандаа авах, орон нутгийн чанартай байхаас олон талын оролцоог хангана гэдэг утгаараа бирж зайлшгүй хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн нүүрсээ биржээр зарах эсвэл шууд гэрээгээр зарах нь нээлттэй байгаа. Төрийн өмчит компаниудын тухайд заавал биржээр арилжаална гэсэн концевц байгаа юм. Бизнес хийж ашиг олох гэж байгаа хүмүүс БНХАУ тал хил дээр баяжуулах үйлдвэр барьчихсан, нүүрс агуулах том тайлбай, битүү агуулахууд барьчихсан. Үүнд хөрөнгө оруулчихсан хүмүүст гэнэт гэрээний дүрмээ өөрчлөөд биржээр нүүрс анх худалдаж авч байгаа хүмүүстэй ижил нөхцөлөөр үнэ хаялцаад авна гэдэг нь тэдэнд гомдолтой санагдаж байгаа байх. Учир нь “Бид урт хугацааны хамтрагч, их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн” нь гэдэг үүднээс нь асуудлыг хөндөж байгааг ойлгох л асуудал.
Тийм учраас ойлголцол дээрээ нэгдэх, жигдрэх хугацаа шаардагдах байх. Ер нь бол суурь асуудлыг аваад үзвэл ил тод, шударга биржийн арилжаанд шилжих нь зөв. Энэ шийдвэрээсээ эргэлзэж буцах шаардлага байхгүй.
-Биржийн худалдаан анхаарах шаардлагатай ямар асуудал байна. Та яг салбарынхны жаргал зовлонг мэддэг хүний хувьд төрийн дарга нарт юу гэж зөвлөмөөр байна?
-Нүүрсээ биржээр арилжаалж болно. Хамгийн гол нь хилээр гаргаж чадахгүй бол үнэ өсөхгүй, бирж ажиллахгүй. Дэд бүтцийг хатуу болон зөөлөн гэж ангилж авч үзэх хэрэгтэй. Хатуу дэд бүтэцэд тээвэрлэлттэй холбоотой төмөр зам болон авто зам, хил гаалын тогтмол үйл ажиллагаа орно. Боомтын сэргэлтийн хүрээнд хил гаалийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх талаар ярьж байгаа.
Гэсэн хэдий ч бодит байдал дээр хилийн нэвтрүүлэх хүчин чадал тийм ч сайн биш байна. Одоо болтол хил дээр дараалал үүсдэг тохиолдол байсаар байна. Хилийн үйл ажиллагааг сайжруулах нь Засгийн газрын хүлээх хамгийн том үүрэг.
Хоёрдугаарт, суурь дэд бүтэц болох Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгойт-Зүүнбаянгийн төмөр замыг бариад хил дээр авааччихсан цаана нь БХНАУ-ын төмөр зам харагдаж байна. Гэсэн хэдий ч хоёр орны төмөр замыг холбох ажлын зураг төсөл бэлэн болоход хоёр жил шаардагдахаар байгаа. Гэтэл яг одоогийн байдлаар энэ чиглэлд бодитой ажил хийсэн зүйлгүй л байна. Тиймээс энэ хил холболтын ажлыг хурдан эхлүүлэхэд бүхий л шугамаар анхаарах хэрэгтэй. Энэ мэтчилэн дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэсэн цагт бирж зөв ажиллах нөхцөл нь бүрдэнэ.
Тээврийн асуудлаа шийдэж чадахгүй хугацаа алдаад байвал биржээр бүтээгдэхүүн худалдаж авлаа. Худалдан авагч тал бүтээгдэхүүнээ авахаар хүлээгээд байдаг төлөвлөсөн хугацаанаас нь сарын дараа очвол нүүрсний үнэ уначихна. Ингээд алдагдлыг нь хэн хүлээх вэ гэх мэт асуудал үүснэ.
Тиймээс алдагдлыг хэн буруутай нь нөхөн төлөх гэх мэт худалдааны зохицуулалт хэрэгтэй байгаа гэдгийг зарим худалдан авагчид хэлж байна лээ.Харин зөөлөн дэд бүтцийн тухайд бүртгэл, цахим гэрээ, IT шийдлүүд багтана. Энэ асуудал яваандаа шийдэгдэх л байх.
-Ямар ч байсан нүүрсний хулгай цэгцлэгдэх юм байна гэж ойлголоо. Харин 40 их наядаар хэмжигдэж буй нүүрсний хулгайг та юу гэж харж байна. Тийм хэмжээний нүүрс хулгайлах боломжтой юу?
-Нүүрс хулгайлж халааслаад хилийн цаана аваачиж зарсан гэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэсэн. Гэтэл одоо болтол бодитой тоо баримт хэлэхгүй байна. Миний хувьд олон сая тонн нүүрс хилээр гаргах боломжгүй гэж үзэж байгаа. Хамгийн том хулгай бол нүүрсний хулгай биш системийн хулгай. Өөрөөр хэлбэл, логистик нь ажиллахгүй байснаас болж ковидын үед тээврийн үнэ 2-3 дахин өссөн. Тээврийн зардал, нийлүүлэлт ачилт буулгалт, дараалалтай холбоотой мөнгө Монгол Улс руу орж ирээгүй. Тиймээс Монгол Улсын алдсан боломжийг эргүүлэхийн тулд нүүрсээ хил нөхцлөөр зарж, үнийг нь биржээр тавъя гэдэг асуудлыг олон жил ярьж байж ийм шийдэлд гэнэт хүрсэн. Богинын тээврийн үнэ хэт өндөр байхаар тэр хэмжээгээр Монгол Улсад татвар төлөхгүй. Монголын хяналт, бүртгэлээс гараад явчихдаг. Ковидын үед уурхайн ам үнэ дээр тээврийн өндөр өртөгийг нэмж байгаад нийт дүнгээс АМНАТ төлснөөс болоод таван хувь байх ёстой АМНАТ 20 хувь, зарим тохиолдолд 30 хувь хүрсэн. Тиймээс энэ нөхцөлд Монголын тээвэрчдэд хожсон зүйл алга, улс татвараа алдаж байна. Тэгээд хэн аваад байгаа нь мэдэгдэхгүй ч БНХАУ болоод Монгол Улсын оролцоотой хэсэг хүмүүс мөнгөө аваад байдаг. Энэ тогтолцооны гажгийг засахын тулд биржийн үйл ажиллагааг нэвтрүүлсэн гэж дүгнэж байгаа. Энэ бол урагшаа явж байгаа зөв алхам.
"УУЛ УУРХАЙ, НҮҮРСНИЙ САЛБАРТ ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖСЭН БОДЛОГЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ТӨР ХИЙХ ЁСТОЙ"
-Ирэх жилүүдэд уул уурхайгаас олох орлого нэмэгдэнэ гэж тооцоолж төсвөө тэлэх бодлого баримталж байна. Мөн нэгдүгээр улиралд өссөн эдийн засгийн өсөлт дээрээ тулгуурлаж төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэр нэмэх боломжтой гэдэг асуудал яригдаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна?
–Уул уурхайн эрдсийн түүхий эд нэмэгдэж, орлого нэмэгдэх учраас төсвөө тэлье. Цалин, тэтгэврээ нэмье гэдэг бол сууриараа буруу бодлого гэж би хувь хүнийхээ хувьд үздэг. Энэ бол Монгол нүүрс ассоциацийн биш миний хувийн байр суурь. Учир нь төр хамгийн түрүүнд дэд бүтэц, тээврийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Төмөр зам, засмал зам, хүнд даацын бетон зам, хил гаалийн 24 цагийн үйл ажиллагааг олон зэрэг тасралтгүй нэвтрүүлэх үйл ажиллагаа, эрх зүйн орчин, татварын зөв бодлого зэрэгт төр анхаарч ажиллах ёстой. Төр компани ажиллуулж нүүрс экспортлоод мөнгө хуримтлуулж түүгээрээ тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудал ярьж байгаа нь углуургаараа буруу. Энэ бодлого, ийм хандлага Монгол Улсын нийгэм өөрчлөгдөж, улс төрийн хувьд эрх чөлөөтэй болсон хэрнээ эдийн засаг нь эрх чөлөөтэй болоогүй, социализмын үеийн эдийн засагтай явж байгаагийн гол шалтгаан. Тэр том тогоо нь бэлэн байгаа учраас хулгайч нар нь барагдахгүй байна. Нүүрсний хулгайчдаа барьж алдсан мөнгөө олоод дахин хувиарлана гэдэг зарчмаар явах нь буруу. Дахиад л хулгай гарна. Тиймээс эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд хувийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг дэмжсэн бодлого явуулахаас гадна боловсруулах, баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа тохиолдолд татвар, НӨАТ-аас чөлөөлдөг байх гэх мэт бодлогын зохицуулалтуудыг төр хийдэг баймаар байна. Түүнээс биш олборлоод зараад орлогыг нь аваад хувааж өгнө гэдэг бол энэ салбар эрүүл биш, улс төр, Засгийн газраас ихээхэн хамаарч байгаагийн илрэл. Засгийн газар намаас хамаардаг. Нам хүнээс хамаардаг учраас ямар нэгэн байдаар парламентад гишүүн болж орох гэсэн бохир улс төрийн шалтгаан болоод байна. Тиймээс эдийн засгийг төвлөрүүлэх биш уул уурхай, нүүрсний салбарыг чөлөөлж хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжсэн бодлогын зохицуулалтыг төр хийдэг байх ёстой. Дээр нь нэмээд хэлэхэд биржийн тухайд Монгол Улсад яагаад цор ганц байж түүнийг нь төр хийх ёстой юм. Түүний оронд биржийн орчин яаж ил тод байж, татварыг нь хэрхэн төлүүлэх, хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөөд Засгийн газар өөрөөсөө холдуулах хэрэгтэй.
–Үнэндээ олон жил уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, боловсруулж гаргана гэдэг асуудлыг ярилаа. Бодитой хийсэн алхам юу байна вэ?
-Бодитой хийсэн алхам байхгүй. Бодлогоор бодитой дэмжсэн зүйл байхгүй. Уул уурхайн олборлолтоос боловсруулалт руу гэсэн уриалгыг Сангийн сайд, Уул уурхайн сайд гэх мэтчилэн бүх хүн ярьж байсан. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боловсруулах үйлдвэрлэлээ дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл боловсруулах үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогын бодитой бичиг баримт алга. Энэ чиглэлээр хөрөнгө оруулагчдыг татахын тулд амаараа сайхан ярих хангалтгүй.
Хөрөнгө оруулагчид зөвхөн ашигтай зүйлд л хөрөнгө оруулдаг. Гэтэл манайд боловсруулах чиглэлээр хөрөнгө оруулах гэхээр ашиг байдаггүй. Тиймээс зүгээр олборлоод зарчих нь илүү хялбар. Боловсруулахын тулд өртөг өндөр байна. Монгол Улс дэлхийгээс алслагдмал. Үүнийгээ дагаад өртөг маш өндөр. Тиймээс боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлье гэж байгаа бол сул талуудаа саармагжуулах хэрэгтэй.
Хэрэв боловсруулах үйлдвэр барих гэж байгаа бол тоног төхөөрөмж, тусгай материалыг гааль, НӨАТ-аас чөлөөл. Дараа нь экспортод гаргах бүтээгдэхүүн гаргаж байгаа бол орлогын албан татварыг 50-100 хувь тодорхой хугацаанд хөнгөлчих. Ямар хугацаанд яаж чөлөөлөх вэ гэдгийг боловсруулалтын түвшингээс хамаарч тогтоож болно. Ийм хууль эрх зүйн орчин бүрдчихвэл асуудлыг өөрөөр ярьж болно. Гэтэл төр зүгээр цаасан дээр энд боловсруулах үйлдвэр барьж болно гэх зураг зураад бизнес эрхлэгчдийн өмнөөс шийдээд явах нь дэмжлэг биш. Бизнес эрхлэгчид мөнгө олно. Мөнгө олох нөхцлийг нь татварын бодлогоороо бүрдүүлж эцсийн дүндээ экспорт нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч, иргэд цалин НДШ төлж байх нь Монгол Улсад үзүүлж байгаа ашиг, үр нөлөө.
–Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль эрх зүйн орчноо ч өөрчилж байна. Ямар өөрчлөлт хийснээр хөрөнгө оруулагчид манайхыг бодитойгоор сонирхох бол?
-"Оюутолгой" төслийн гүний уурхай ашиглалтад орсноор хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан нь үнэн. Ингээд юу билээ ямар аятайхан мэдээ вэ гээд тоо бодоод үзэхээр нэмэх биш хасах дүнтэй гарч байгаа. Гэтэл Оюутолгой тусгай бодлого, хөнгөлөлттэй, Монгол Улсын хууль эрх зүйгээс тусгай зохицуулалттай. Ингээд л тооцоолол зөрөөд байгаа юм. Харин олборлох салбарын хувьд хөрөнгө оруулах боломж байж болно. Боловсруулах салбарын тухайд бүтэхгүй юм байна гэдэг асуудал ярьж байгаа юм. Тиймээс прагматик байдлаар "Welcome to Mongolia" гэж уриалаад хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Оюутолгой ашиглалтад орж амжилттай хэрэгжиж байгаа учраас бид оръё гэж шуурахгүй ээ. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчид тоо бодоод ашигтай байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Түүнчлэн төрийн өмчийн том төслийг гэхээс илүүтэй Монгол Улсыг чөлөөлж, нээж бүхий л төрлийн хөрөнгө оруулалтыг жижиг гэлтгүй татах хэрэгтэй. Тэгэхгүй бол том төслүүд хөрөнгө оруулалтыг дагаад зөвхөн Засгийн газартай ажилладаг, Засгийн газар нь бүхнийг төвлөрүүлдэг буюу 1990 онд бий болгосон загвараасаа өөр загвар руу л татаад байна. Орж ирж байгаа хөрөнгө оруулалтууд нь ч бас төвлөрсөн улсын шинж чанартай байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татах давуу тал үнэхээр алга. Монгол Улс өртөг өндөртэй учраас татварын бодлогоор хөрөнгө оруулагчдад ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон улсын янз бүрийн үйлдвэрлэлийг Монголд оруулж ирэх л хэрэгтэй.
Холбоотой мэдээ