Сурвалжлага: Хятад-Монгол-Оросыг холбосон шинэ коридор

Хуучирсан мэдээ: 2023.05.29-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хятад-Монгол-Оросыг холбосон шинэ коридор

Нүүрсний экспортын гол боомтын нэг Шивээхүрэн гурван улсын гол коридор  болох цаг айсуй. Учир нь,  Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын холбосон нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж,  аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шивээхүрэн боомтыг Хятадын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох юм. Шивээхүрэн боомт нь нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.

Тус боомтыг төмөр замаар холбосноор жилдээ 20 сая тонн нүүрс зөөнө гэсэн сайн мэдээг албаныхан хэлж байна

Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэнэ.

Цар тахлын дараа нүүрс тээвэр тэг зогсч, эдийн засаг элгээрээ хэвтсэн цаг үе саяхан. Тиймээс Засгийн газар эдийн засгаа сэргээх Шинэ сэргэлтийн зургаан бодлогоо зарласан. Түүний нэг нь Боомтын сэргэлт байв.  Өөрөөр хэлбэл, боомтуудын боймыг тайлж, нүүрсний экспортыг жилдээ 50 сая тоннд хүргэх том амбиц тавьж байгаа.

Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбосноор Монгол Орос, Хятадын эдийн засгийн коридорын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буй гэдгээрээ ч стратегийн бас эдийн засгийн онцгой ач холбогдолтой аж.

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТ ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БОЛОХ НЬ

Уг төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил буюу “Нарийн сухайтын төмөр зам” ХХК зуун хувь өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэх аж. Ашиглалтын үйл ажиллагааг төрийн эзэмшлийн “Шивээхүрэн төмөр зам” ХХК хариуцан ажиллах юм байна.

Ерөнхий сайд нээлтийн үгэндээ “Манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт боомт, 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг билээ. Гэвч Шивээхүрэн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл эхлүүлж чадалгүй хугацаа алдсан нь асар том хэмжээний боломжоо алдсан явдал юм.

Замын-Үүд-Эрээнийг төмөр замаар холбосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Бүтэн 70 жилийн дараа, Та бид экспортын төмөр замын хоёрдахь, гуравдахь, дөрөвдэх гарцыг одоо л үе шаттай нээж эхэлж байгаа нь харамсалтай. Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрсэн" болохыг дуулгасан юм.

ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСОН ЦАГААСАА НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ

Хятадтай нарийн царигтай төмөр замаар холбогдох нь  эдийн засгийн хувьд түүхэн шийдвэр байх нь гарцаагүй.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх удаа нарийн царигтай төмөр замтай болж байгаа нь энэ юм. Төмөр замын бүтээн байгуулалтын талаар Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэхдээ,  “Гол төмөр замын урт 7.1 км, нийт дэлгэмэл уртаар 20 км төмөр зам юм.

Шивээхүрэн-Сэхэ боомтоор  сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 45 сая тонн нүүрс гарсан. Уг төмөр замын бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард дуусна.

Ингэснээр ирэх жил нийтдээ 20 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болно. Үүнээс гадна өртөг, зардал багатай.  Авто тээврээр тээвэрлэснээс 3-5 дахин бага зардлаар нүүрс тээвэрлэх бололцоо бүрдэх юм. Уг төмөр зам, ОХУ-Хятад-Монголыг холбосон эдийн засгийн коридор буюу баруун бүсийг холбосон онцлогтой. Цаашдаа өргөн царигийн төмөр замаар ОХУ-тай 1200 км замаар холбогдоно. Оросоос, Монгол Улсаар дамжаад Хятад руу экспорт гарах, мөн импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой. Өргөн царигийн төмөр зам баригдсанаар уг төмөр замаар экспорт өргөн царигаар, импорт нарийн царигаар гарах нөхцөлтэйгөөр дотооддын компаниуд төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр 207 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийж зургаан жилийн хугацаанд ашиглаад, дараа нь төрд үнэ төлбөргүй буцааж өгөх концессын гэрээ байгуулагдсан. Дээр дурдсан 207 тэрбумын 170 орчим тэрбум нь төмөр замын бүтээн байгуулалт, үлдсэн нь зүтгүүр вагон буюу таван зүтгүүр, 300 орчим вагон байхаар тооцсон. Төмөр зам ашиглалтад орсон өдрөөс  нүүрээ урд хөрш рүү тээвэрлэнэ. Монгол өмнө нь,  төмөр замаа барьсан ч урагшаа холболтгүй, зүтгүүр вагон дутуу зэрэг асуудал, бэрхшээл үүссэн. Харин энэхүү төмөр замыг барьж, ашиглалтад оруулснаар Хятад руу шууд тээвэрлэлтээ хийнэ” гэлээ.

НАРИЙН ЦАРИГААР ХОЛБОЖ БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧУХАЛ ЭХЛЭЛ

“Төмөр замын цариг нь Монгол Улсын өрсөлдөх чадварын асуудал. Бид яах вэ, нарийн цариг гэж ярьдаг. Үнэн хэрэг дээрээ олон улсын цариг. Олон улсын царигаар хил гарна гэдэг нь нүүрс гаргах өртөг хямдарна гэсэн үг юм.

Тиймээс анх удаагаа нарийн царигаар холбож байгаа нь Монгол Улсын эдийн засагт чухал эхлэл.

Дээрээс нь манай нүүрсийг зах зээл дээр хамгийн хямдхан өртгөөр гаргах боломжийг бүрдүүлж өгч буй бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, өрсөлдөх чадвартай нүүрс гаргана гэдэг экспортын тогтвортой байх шинж тэмдэг. Экспорт  сайн байвал валютын нөөц сайн байна. Валютын нөөц сайн байснаар төгрөгийн худалдан авах чадвар сайжирна. Царигийн асуудал олон жил улс төр хийсэн. Өнөөдөр олон улсын царигаар гарч буй нь маш чухал. Уг төмөр зам ирэх аравдугаар сард ашиглалтад орсноор 20 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ.  Тиймээс Засгийн газрын хувьд энэ бүтээн байгуулалтад ач холбогдол өгч байна. Бид аль болгон бие биедээ үлгэр ярих вэ. Хөрсөн дээрээ бууж бодитоор эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах хэрэгтэй байна” гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ач холбогдлыг нь товчхонд дүгнэсэн юм.

НАРИЙН ЦАРИГААР ТӨМӨР ЗАМ ТАВИАД ТАНК ОРЖ ИРНЭ ГЭЖ АЙЛГАДАГ  ҮЕ ӨНГӨРСӨН

Уг төмөр замыг барьснаар эдийн засагт чухал ач холбогдолтой болохыг хувийн хэвшлийнхэн ч магтаж байна.  Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэдэг хувийн хэвшлийнхний хувьд энэхүү төмөр зам итгэл найдвар ч төрүүлж байна. Энэ талаар МАК ХХК-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “2008 онд нарийн царигийн төмөр замыг уурхай хүртэл 47.6 км төмөр зам барих зураг төслийг хийж, бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурах гэж байхад харамсалтай нь төрөөс төмөр замын баримтлах бодлогын бичиг баримт гарсан. Ингээд нарийн царигийн төмөр замыг хойш нь тавьсан. 15 жил өнгөрсөн байна шүү дээ. Энэ хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтыг хийх гэж бид маш их оролдлого хийсэн. Уурхай хүртэл нарийн царигийн төмөр зам баригдсанаар танк орж ирэх гээд байгаа бол боомтын хэмжээнд барихаар зураг төслийг хийлгэсэн. Бас л дэмжлэг аваагүй. Боомтын хэмжээнд барих ч гэсэн өргөн царигаар баръя гэж байсан. 5-10 км өргөн царигаар явуулаад шилжилт хийх тээврийн хэрэгсэл зам нь өргөн байж болно. Гэхдээ  маш их хөрөнгө оруулалт шаардсан асуудал. Эдийн засгийн ямар ч утга учиргүй бүтээн байгуулалтыг хийхгүй гэдэг асуудал гарсан.

Өнөөдөр ямар ч байсан төсөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаад маш их баяртай байна. Монгол Улсын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ. Энэ чиглэлээр өнгөрсөн цаг хугацаанд зүтгэл гаргаж, хийж хэрэгжүүлэх санаачилгыг тавьж байсан хүний хувьд биеллээ олж байгаад их баяртай байна. Шинэ сэргэлтийн бодлого гэж анх удаа гаргасан. Миний мэдэхээр 1990 оноос хойш бодлогын бичиг баримт гаргаж байсан Засгийн газар байхгүй. Аж ахуй нэгжүүд маш их талархан дэмжлээ. Үр дүн гарч эхэлж байна. Ингэснээр экспорт, валютын эх үүсвэр нэмэгдэж, ажлын байр бий болно. Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болохуйц бодлогын бичиг баримт гарсан. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг өөдрөгөөр харж байна” гэлээ.

Монголын нүүрсний гол гарцын нэг Шивээхүрэнг нарийн царигтай төмөр замаар Сэхэтэй холбосноор уг төмөр зам хугацаандаа ашиглалтад орвол 20 сая тонн нүүрс экспортлож, улсын төсөвт жилд дунджаар таван тэрбумын төгрөгийн татвар төвлөрүүлэх сайн мэдээ хуваалцъя. Ийнхүү шинэ торгоны гол зам,  Шивээхүрэн болох нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж