“Төсвөө мэдье, төсвөө мөшгөе. Яасан бэ” залуус аа

Хуучирсан мэдээ: 2023.05.28-нд нийтлэгдсэн

“Төсвөө мэдье, төсвөө мөшгөе. Яасан бэ” залуус аа

“Төсвөө мэдье, төсвөө мөшгөе. Яасан бэ” залуус аа

Амралтын өдрийн өглөө нийслэл Улаанбаатарт орших олон олон кофе шопын нэгийг нь зорьж явна. Залуучууд тэр дундаа арван жилийн сурагч хүүхдүүд мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх, танилын хүрээгээ тэлэх, цаашлаад  зураг зурах гэх мэт олон сонирхолтой үйл явдлыг сурвалжлахаар яваа минь энэ. Чингис хааны музейн хажууханд байрлах кофе шопын үүдэнд “тусгай хүлээн авалттай” гэх бичиг наажээ. Үүдээр нь ормогц танхим дүүрэн хүүхэд залуус намайг ч анхаарах завдалгүй ямар нэгэн яриа өрнүүлж, ихэнх хүүхэд дараагийн удаа саналаа хэлэхээр гараа өргөнө. Хүүхдүүд сэдэл санаа дүүрэн, сэтгэгдлээ хэлэхийг тэсэж ядаж байгаагаас харахад ихэд сонирхолтой яриа өрнөж байгаа бололтой.

-Микрофон авсан хүү босож “Миний бодлоор төсөв гэдэг дотроо олон янз байдаг байх. Бүхий л үйл ажиллагааг зохион байгуулахад төсөв хэрэг болдог. Тэгэхээр анхнаас нь төсвөө зөв тооцоолохын тул нарийн тооцоо гаргах ёстой. Судалгаагаа ч зөв хийх хэрэгтэй. Тооцоо судалгаагүй бол зарцуулахаар төлөвлөсөн төсөв нь хүрэхгүй байх магадлалтай” гэв.

Түүний хажууд суусан охин яриаг үргэлжлүүллээ. Тухайлбал айл гэр болгон төсөвтэй. Сарынхаа орлогод тааруулж хэрэглээгээ тохируулах шаардлага гардаг. Тийм учраас төсөв гэдэг нэг талаараа нарийн тооцоо гэж бодож байна.Төсвийн тооцооллыг бодитой хийхгүй бол төсөв мөнгө нь хүрэхгүйгээс болж хэн нэгнээс мөнгө зээлэх, өрөнд орох магадлалтай гэв.

Залуус төсвийн талаарх өөр өөрийн бодлоо илэрхийлэв. Төсвийн талаарх яриа цааш үргэлжиллээ. Хүүхэд залуучуудын мэдлэг, мэдээлэл тэлсэн нь тэдний хариултаас тодорхой харагдаж байлаа. Төсвийг иргэдийн татварын мөнгөөр бүрдүүлдэг. Тийм учраас түүнийг захиран зарцуулах үйл явцад хүн бүр хяналт тавьж, төсөв батлах үйл явцад өөрийн саналаа хэлж байх нь зүйтэй талаар нийгмийн багш маань хэлсэн гэж ЕБС-ийн сурагч С.Энхжигүүр  хариулав.

 

 З.Энхбаяр: Залуус төсөвт хяналт тавьснаар, хариуцлага сайжирна

Тэдний улсын төсвийн талаарх мэдлэг, мэдээллийг улам тэлж Монголын залуучуудын эвслийн гүйцэтгэх захирал З.Энхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, Монгол Улсын төсөв өндөр хэмжээний алдагдалтай байгаа энэ үед төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудал хурцаар тавигдаж байна. УИХ-аас 2023 оны төсвийг батлахдаа үр ашигтай, ил тод байх, хэмнэлттэй байх зарчмыг баримтлан баталсан гэдгийг тодотгож буй. Тиймээс бид 2023 оны Нийслэл, дүүргийн хэлэлцэж буй төсвийн төсөл болоод батлагдсан төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын зардалд хяналт мониторинг хийх байдлаар ажилласан бол энэхүү төслийн хүрээнд нийслэлийн төсөвт байгууллагууд дээрх зарчмуудаа баримталж, хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт, мониторинг хийх юм. Учир нь Монгол Улсад иргэний нийгмийн зүгээс төсвийн хяналт тогтмол хийгддэггүй, хяналт сул байдаг. Тиймээс төсвийн чиглэлээр нарийвчилсан судалгаа, анализ хэрэгтэй гэж харж байна. Улсын төсөв хүндрэлтэй байгаа энэ үед нийслэлд үрэлгэн зарлага гаргаж байгаа талаарх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд ихээхэн гарч байна. Нийслэлийн зүгээс шилэн дансны зарлага, худалдан авалтад холбогдох шийдвэрээ нийтлэхгүй байгаа нь Шилэн дансны тухай хуулийг зөрчиж байна. Шийдвэрээс тухайн бараа үйлчилгээг ямар үнээр нийлүүлэх, ямар үндэслэлээр гүйлгээ хийсэн зэрэг олон мэдээллийг харж болно. Иймд нийслэл, дүүргийн төсвийн зарлага, гүйлгээний утга, шийдвэр зэрэг мэдээллийг олон нийтэд хүргэн олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх нь хариуцлагыг дээшлүүлэхэд ач холбогдолтой явдал юм. Түүнчлэн эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуучуудад сургалт явуулж, нөлөөллийн аян зохион байгуулж, залуусыг залуустаа нөлөөлөх байдлыг бий болгож, төсвийн асуудлыг бид анхаарч байгаа гэсэн мэссежийг нийгэмд бий болгосноор төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулахад нөлөөлнө хэмээн үзэж байгаа учраас энэ удаагийн сургалтыг зохион байгуулсан гэдгийг тодотгож байлаа. Цаашлаад Нийслэлийн төсвийн зарцуулалтын дүр зураг олон нийтийн анхааралд орж, төсөл хэрэгжүүлэгчдийн бэлтгэсэн дүн шинжилгээтэй мэдээллүүдийг олж авснаар залуучууд төсвийн талаар анализ хийх, хяналт тавих ур чадварт суралцахад дэмжлэг болох юм. Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэгч залуус буюу төслийн баг өөрсдөө чадавхжиж, төсвийн асуудлаар урт хугацаанд ажиллах сүлжээ баг бойжих юм. Төсвийн зарцуулалттай холбогдох шийдвэрээ нийтлээгүй байгаа байгууллагуудад чиглэсэн нөлөөллийг хийж, ил болгосон шийдвэрт дүн шинжилгээ хийснээр байгууллагуудын хариуцлага нэмэгдэнэ. Мөн төсвийг мөшгөх маш олон янзын нээлттэй өгөгдөл, дата бүхий мэдээллийн эх сурвалж сайтуудыг ашиглах арга замыг харуулснаар хэн бүхэн төсвийн мэдээллийг шалгах, харж чаддаг болох давлагаа үүснэ гэж харж байна. Мөн шилэн данс байгааг илүү олон иргэд залуучууд мэдсэнээр энэ бүтцийг илүү сайжруулж, ашиглахад хөтөлж хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа дуулгасан юм.

СХД-ийн сурагч П.Бямбажаргал: Төсвийн талаарх сургалт үнэхээр үр өгөөжтэй, үр дүнтэй сургалт байлаа. Өмнө нь хүүхэд бидэнд улсын төсөв төдийлөн хамаатай биш гэж боддог байсан. Гэтэл хамгийн их хамаатай төсөв байсан юм байна. Заримдаа манай аав ээжүүд ч улсын төсөвт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Ер нь бол томчууд улсын төсөвт хяналт тавьдаг, түүнд оролцдог бол хүүхдүүдийн ч идэвх санаачилга дагаад сайн болно. Бид яагаад өөрт тулгамдсан асуудал сургууль цэцэрлэг, тоглоомын талбайг сайжруулахын тулд төсөвт зардлыг нь суулгуулах бүрэн боломжтой юм байна.

Хамгийн гол нь бид саналаа хариуцлагатай нэгтгэх ёстой. Түүнчлэн татвар төлөгч аав, ээж, ах эгчийнхээ мөнгөнөөс бүрдэж байгаа төсвийн зарцуулалтыг үр дүнтэй зарцуулсан эсэхийг хянах нь цаашид ийм асуудал үүсэхгүй байх хамгийн чухал хөшүүрэг юм байна. Хэрэв гэр бүлийнхээ төсвийг захиран зарцуулах эрх надад байгаад, би тэр мөнгөөр өөртөө үнэтэй хувцас аваад үрээд дуусчихвал шударга биш явдал болно.  Өмнө нь улсын төсөв гэж их сүрддэг байсан. Харин өрхийн төсөвтэй ижил өөрт хамаатай асуудал гэдгийг ойлгочихвол үнэхээр сонирхолтой санагдаж байна гэв.

Сургалтын төгсгөлд залуус дурсгалын зураг татуулж, бусдыгаа “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе. Яасан бэ” хэмээн уриалснаар дараагийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.“Зориг Сан” ТББ-ийн 20 дох жилдээ хэрэгжүүлж буй “Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийн “Яасан  бэ?” төслийн баг, “Монголын Залуучуудын Эвсэл” ТББ, “No Type Crew”-ийн уран бүтээлч нар нь нэгдэн нийгэмд залуусыг идэвхтэй байх уриалгыг шингээсэн граффити зураг зурлаа.

Тэд Сүхбаатар дүүргийн, 6-р хорооны, 4-р байрны хойд талын хана буюу залуусын төвлөрөл ихтэй байршлыг сонгосон байна.Залуус граффити зургаар дамжуулан Улаанбаатар хотын өнгө соёлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Энэхүү өдөрлөгт хамрагдаж байгаа ЕБС-ийн 30 гаруй сурагчийн дунд анх удаа ханан дээр зураг зурж байгаа залуус байхад өмнө нь хэдэнтээ зураад үзчихсэн туршлагатай нэг нь ч байна.

Тэд хоорондоо танилцаж, туршлага хуваалцаж бусдыгаа нийгмийн идэвхтэй, утга учиртай оролцоонд уриалж байлаа. Өдрийн турш хүүхдүүдэд “Нийгэмд залуусын оролцоо”, “Төсвөө мэдье”, “Сайн дурын ажилд хамрагдах”, “Граффити зурах” гэсэн цогц сургалтуудад хамрууулсан юм. Энэхүү арга хэмжээгээрээ дамжуулан залуус нэгдэж хэрхэн нийгэмдээ эерэг зүйл хийх боломжтойг харуулахыг зорьсон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж