ТОЙМ: Алдарт эхийн одонтой Ардын намын мэдэгдэлтэй 7 хоног

Хуучирсан мэдээ: 2023.05.28-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Алдарт эхийн одонтой Ардын намын мэдэгдэлтэй 7 хоног

ТОЙМ: Алдарт эхийн одонтой Ардын намын мэдэгдэлтэй 7 хоног

Энэ долоо хоногт болж өнгөрч буй онцлох үйл явдлыг News агентлаг мэдээлж байна.


Эх үрсийн баяр дөхөж, их хурлын ажил цэгцэрч, зуны дэлгэр цагийн амралт айсуй энэ өдрүүдэд олон үйл явдал Монгол Улсад давхцаж байна. Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдаан үргэлжилж, хөгтэй ч гэмээр булхайтай олон сангийн мэдээллийг нээлттэй болгохоор хэтийдсэн олон мэдээллийг эрх баригчид хийсээр байгаа. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай яригдаж, ирэх сонгуульд эрх баригчид нэр цэвэр гишүүдээ дэвшүүлэхээ ч зарлаад амжив. Д.Амарбаясгалангийн мэдэгдлээс гадна Авлигатаөй тэмцэх газар ээлжит мэдээллээ хийж, авиа компаниуд орон нутгийн нислэгийн тийзээ хямдруулахаа зарлаж, алдарт эхчүүд одонгоо гардсан долоо хоног болж өнгөрлөө.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА МЭДҮҮЛЭГ ӨГӨВ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн Даваа гаригт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг мэдээлэл өгөхдөө "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хоёр хэрэг прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай буюу яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал болон ахлах мэргэжилтэн, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга асан гурван хүнийг цагдан хорьж байна. Түүнээс гадна нүүрсний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан" гэсэн юм.

Тэрбээр "Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд эд мөрийн баримтыг бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт нэгжлэг хийх ажиллагааг 1801 удаа, гэрчээр 11030 хүнээс мэдүүлэг авсан.

180.642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулж, нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган, шүүхэд шилжүүлж 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Одоо 24 яллагдагчид холбогдох нэг хэргийг шүүх дээр, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурор дээр хянагдаж байна. Мөн хоёр хэргийг нэгтгэн, есөн хэргийг хаасан. Одоо хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17 нийт 49 хэргийг мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах явцад 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

Үүний 55 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан. Хахууль авах хэрэгт 56, хахууль өгөх гэмт хэрэгт 29, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт 23 байна.

Авлигатай тэмцэх газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Энэ үеэр нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/, УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/ нарын 10 гаруй хүнийг зарласан юм.

МАН ИРЭХ СОНГУУЛЬД НЭР ЦЭВЭР ХҮМҮҮСИЙГ ДЭВШҮҮЛНЭ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тавдугаар сарын 24-нд мэдээлэл хийх үеэрээ “Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн асан 23 хүнийг хууль бус асуудалд холбогдсон гэдгээр намын зүгээс хариуцлага тооцож, сонгуульд нэр дэвшүүлээгүй. Ирэх парламeнтад ч бас нэр цэвэр, ёс зүйтэй, иргэдийг төлөөлөх чадвартай хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж мэдэгдэв. Гэвч нэр цэвэр гэсэн тодотгол дотор нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компани нь зээл авсан байсан гишүүд нь багтаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшин, дахин парламентын гишүүнээр сонгогдсон төдийгүй сайд болж давхар дээл нөмөрсөн жишээ бий. Тухайлбал, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “ЖДҮХС-гаас авсан зээлээ төлсөн” гэдгээ нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэж байв.

Бизнес эрхлэгчдээсээ эхлээд жирийн иргэд нь жилийн 20-30 хувийн хүүтэй зээл авч, өрнөөс өрний хооронд амьдарч байхад МАН Засгийн эрхийг авсныхаа дараа эрх мэдэлд ойр боломжоо ашиглан хамгийн бага нь 950 сая төгрөгийн зээл авсан баримт ил болсон нь үнэндээ ард иргэдийнхээ боломжийг хулгайлсан үйлдэл болсон юм.

Учир нь, дээрх зээл нь жилийн гурван хувийн хүүтэй олгогддог. Ийм зээл жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд олддоггүй хэр нь УИХ-ын гишүүдэд олдож, түүгээр бизнесээ тэтгэх нь тэтгэж, банк бус санхүүгийн байгууллагад эргэлдүүлж, мөнгө хүүлснийхээ дараа эргэн төлөлт хийсэн нь үнэндээ шударга ёсонд нийцээгүй. Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулиар ч мөн л МАН нэр цэвэр хүмүүсээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ гэх амлалт нь хоосон уриа болох уу ажил хэрэг болох уу гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын давхар алба хашиж буй Д.Амарбаясгалангийн нүүдлээс харж болно гэсэн үг. Учир нь тэрбээр 2017 онд хамаарал бүхий компанидаа мөн л ЖДҮХС-гаас зээл авсан баримт ил болж байсан. Тиймээс энэ удаагийн сонгуулийг өнжих үү, эсвэл сайд Н.Учрал шиг ширлээд УИХ-ын сонгуульд орох уу гэдгээс нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлж чадах эсэхийг харах болж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хууль холимог тогтолцоотой болсон нөхцөлд даргын хүрээнийхэн гол төлөв УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж, бололцоо нээгдэнэ. Тэр ч утгаараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй Д.Амарбаясгалангийн хувьд намын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж мэдэхээр байгаа. Харин хэлсэн үгэндээ эзэн болох эсэхийг жилийн дараа болох сонгуулиас л мэдрэгдэнэ.

ИРЭХ САРЫН 1-Н ХҮРТЭЛ ЭХЧҮҮДЭД ОДОН ГАРДУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 25-нд эхлэв. Төрийн ордонд болно. Хуваарь ёсоор энэхүү үйл ажиллагаа өнөө жил Сонгинохайрхан дүүргээс эхлэхээр болжээ.

  • Сонгинохайрхан дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 25-нд
  • Баянгол, Чингэлтэй дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 26-нд
  • Хан-уул, Сүхбаатар дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 29-нд
  • Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 30-нд гардуулах хуваарь гарчээ.

Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол Монгол Улсын эхийн алдар I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг Монгол Улсын эхийн алдар II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Мөн Нийгмийн халамжийн сангаас жил бүр I зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг, II зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөг олгодог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж