Афганистаны хилд талибан болон иранчуудын хооронд өчигдөр ширүүн зэвсэгт мөргөлдөөн гарсан нь усны эрхийн маргаанаас үүдэн хоёр улсын хооронд хурцадмал байдал нэмэгдсэнийг харуулав.
Ираны төрийн мэдлийн IRNA мэдээллийн агентлаг тус улсын цагдаагийн дэд дарга, генерал Касем Резаигийн хэлснийг иш татан мэдээлэхдээ, Талибанчууд Бямба гаригийн өглөө Ираны Систан, Балучестан муж болон Афганистаны Нимроз мужийн хил дээр гал нээсэн гэж буруутгав. Улмаар зэвсэгт мөргөлдөөнд олон хүн амь үрэгдэж, их хохирол амссан гэв.
Афганистаны талибуудын хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөргөлдөөн гарсныг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Суннит шашинтай Систан, Балучестан мужид балужчуудад нөлөөлж буй асуудлын талаар мэдээлдэг ХалВаш нөлөөллийн бүлгийн мэдээлснээр мөргөлдөөн Нимроз хотын Канг дүүргийн ойролцоо болсон гэж тус нутгийн оршин суугчид мэдэгдэв. Энэ бүс нутгийн зарим хүмүүс хүчирхийллээс зугтан дүрвэсэн гэж мэдэгджээ. Мөн тулаанд талууд их буу ашигласан байна.
Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси энэ сарын эхээр талибанчуудад Ираны Гилменд голоос ус татах эрхийг зөрчихгүй байхыг анхааруулсантай холбогдуулан мөргөлдөөн болжээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлснээр ган гачиг Иранд 30 орчим жилийн турш асуудал байсаар ирсэн ч сүүлийн 10 жилийн хугацаанд улам бүр дорджээ. Ираны цаг уурын байгууллагын мэдээлснээр тус улсын 97 хувь нь тодорхой хэмжээний ган гачигтай байна.
АНУ болон НАТО-гийн цэргүүд 20 жил үргэлжилсэн дайны дараа Афганистанаас гаргах сүүлийн долоо хоногт талибанчууд 2021 оны наймдугаар сард тус улсыг эзлэн авсан юм. Үүнээс хойш Афганистан улс эмэгтэйчүүд, охидын хувьд дэлхийн хамгийн дарангуйлагч орон болж, тэднийг бараг бүх үндсэн эрхийг нь хассан гэж НҮБ мэдээлсэн.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ