“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр /2023.05.27/ эхэллээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой гэдгийг онцлов.
Мөн тэрбээр, "Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрлээ.
Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно" гэлээ. Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 186-р тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон юм.
Энэхүү бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой.
Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэнэ. Энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шивээхүрэн боомтод хийж буй жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV-ээр нүүрс тээвэрлэх ажилтай танилцлаа. Тус тээврээр 2022 оны арванхоёрдугаар сараас хойш тээвэрлэлт хийж байгаа бөгөөд жилд 6,5 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм.
Холбоотой мэдээ