Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй инженер, техникийн ажилтнууд аа,
Одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны тавдугаар сарын 26-нд Ерөнхий сайдын хувьд Шивээхүрэн боомтын ажиллагаатай танилцаж, Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, AGV жолоочгүй, ухаалаг, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх замаар экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож байлаа.
Нэг жилийн дотор Та бидний өмнө яригдсан асуудлууд бодит ажил хэрэг болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр жилийнхээ ойн дээр хоёр дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байна.
Түүхэн мөчийн гэрч болж энд хуран цугласан хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсын Засгийн газар хил хаагдаж, экспорт тасарч, эдийн засаг -4.7 хувь хүртэл агшсан цар тахлын оргил үед буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлж байлаа. “Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”Монгол Улсын Их Хурлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд батлагдаж, хилийн бүх боомтуудаа авто замаар, стратегийн боомтуудаа төмөр замаар холбож, агаарын тээврийн либеральчлалыг хийх томоохон зорилт төрийн бодлого болж батлагдсан.
Өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор олон жил улс төржин гацсан өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн түүхэн өдөр байсан билээ. Нэг үгээр хэлбэл, монголчууд өөрийн цариг, стандартаар, БНХАУ өөрийн цариг, стандартыг харилцан хүлээн зөвшөөрч, холбох байгууламжийг байгуулснаар боомтын боймыг тайлах улс төрийн болон олон улсын суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж болно.
- Энэхүү зөвшилцлийн хүрээнд 2022 оны гуравдугаар сарын 11-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, ердөө найман сарын дотор баригдаж, арваннэгдүгээр сарын 25-нд ашиглалтад орсон.
- 2022 оны гуравдугаар сарын 10-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж, зүгшрүүлэх тээвэрлэлт эхэлсэн.
- 2022 оны есдүгээр сарын 9-нд 16 жил гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орж, хил холболтын ачиж буулгах байгууламжийн зураг төсөв хийгдэж байна.
- 2022 оны долдугаар сарын 02-нд Алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч төмөр замын төслийн ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтын түүхэн эхлэлийг тавьж байгаа нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох стратегийн онцгой ач холбогдолтой түүхэн алхам болж байна.
- Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна.
- 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрлээ.
Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөрзамаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно.
Манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт боомт, 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг билээ.
Гэвч Шивээхүрэн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл эхлүүлж чадалгүй хугацаа алдсан нь асар том хэмжээний боломжоо алдсан явдал юм.
Замын-Үүд-Эрээнийг төмөр замаар холбосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Бүтэн 70 жилийн дараа, Та бид экспортын төмөр замын хоёрдахь, гуравдахь, дөрөвдэх гарцыг одоо л үе шаттай нээж эхэлж байгаа нь харамсалтай. Цаашид төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид итгэлцлээ улам бүр гүнзгийрүүлж, ойлголцлоо бэхжүүлж, хоосон улс төржилтөд хөгжлийнхөө хугацааг алдалгүй хэрсүү байж, цаг, минут бүртэй уралдан улам бүр хичээн ажиллах шаардлага байна.
Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Цаашид боомтын хөгжлийг цогцоор нь дэвшилтэд технологитой уялдуулан хөгжүүлж чадсанаар 30-50 сая тонн ачааг экспортлох, ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд бүрдэх болно.
Өнөөдрийн түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтнууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Оюу Толгойн гүний уурхайг хугацаанд нь эхлүүлж чадсан шиг, Ханги-Мандалын төмөр замыг найман сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж чадсан шиг, Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр замын төслийг товлосон хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулж чадна гэдэгт итгэж байна. Эдийн засгийн өсөлтөө жил бүр 8-10 хувиар өсгөхийн төлөө, 50 их наядын эдийн засгийн эргэлтээ 100 их наядад хүргэхийн төлөө, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 ам.долларт хүргэхийн төлөө, авлигаас ангид төр засгийг бүрдүүлэхийн төлөө, ард түмнийхээ амьдралын чанарт үнэмлэхүй өөрчлөлт гаргахын төлөө иргэд, аж ахуйн нэгжүүд, төр засаг хамтдаа өглөө бүр эртлэн босч, өдөр бүхэн идэвхийлэн ажиллацгаая.
Нээлтийн өдөр эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.
Холбоотой мэдээ