Өнөөдрийн байдлаар Сovid-19 халдвар авсан 349 хүн хяналтад эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 17 тохиолдол нь эдгэрч, нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Өвчтөнүүдэд хамар битүүрэх, ядрах, үе мөч өвдөх шинж тэмдэг 70-80 хувь илэрч байна. Мөн хуурай ханиах, нус гоожих, толгой өвдөх, хоолой өвдөх, амьсгаадах шинж тэмдэг нийт өвчтөнүүдэд илэрч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж буй.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул:
-ДЭМБ-ын мэдээгээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, 6.9 сая хүн ам нас барсан байна. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад халдвар тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч зарим улс орнуудад цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ гэх мэт улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдэж байна.
ДЭМБ тавдугаар сарын 5-нд хуралдаж, мэдэгдэл гаргахдаа "Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа хэдий ч Covid-19 олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш болсон. Улс орнууд дотооддоо цар тахлын урт хугацааны менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн.
Сүүлийн долоо хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5 40-50 хувийн тархалттай давамгайлж байна. Монголд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн. PCR шинжилгээгээр эерэг илэрч байгаа тохиолдол огцом өссөн. Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай.
Вирус судлалын лабораторит судалсан судалгааны дүнг танилцуулъя. Энэ омог 2021 онд Энэтхэг улсад бүртгэгдсэн. Монголын хувьд 2023 оны гуравдугаар сарын 9-нд анхны тохиолдол бүртгэгдэж, энэ вирусийн илрэлтийн хувь нэмэгдэх хандлагатай байна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж байв.
Холбоотой мэдээ