Хуучирсан мэдээ: 2023.05.27-нд нийтлэгдсэн

Хүний шүлгүүд
Өдгөө бид өөрсдийн бүтээсэн нийгмийнхээ эд эс нь болж хувирчээ. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн бий болгосон энэ их “хүч”-ний өмнө аргагүй байдалд тулж ирсэн мэт санагдана. Тэр ч бүү хэл олонхийн хүлээн зөвшөөрсөн суурь зарчмыг хувь хүн хүлцэнгүйгээр эрхэмлэн дагах учиртай гэсэн үзэл сурталууд алхам тутамд бүр салбар бүрт “ноёлох” боллоо…
Тэгээд ч нийгэм – эдийн засаг – нийтийн эрх ашиг… гэх мэт цөөхөн үгтэй мөнгө шүтсэн энэ мэт суурь үзлийг хувь хүн сөрж зогсвол тэр дор нь зажилахгүй залгиад “дуусгах” тийм их хүчтэй сүлжээг өөрсдөө ч мэдэлгүй угсарч орхисон байна. Одоо яах вэ?
Тэгвэл энэ мэт хэлбэр бодлын эсрэг талд -Хувь хүн яг ямар байх ёстой юм бол оо… гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарна. Нэгэн хэвэнд цутгасан тоосго биш учир бодит байдал дээр хүн бүхэн адилгүй гэдэг нь энгийн хийгээд ойлгомжтой. Гэхдээ… гэхдээ бүрэн гүйцэт томъёолол биш хэдий ч хүн ийм л байх ёстой гэсэн зарчмын ханыг бид үеийн үед сэтгэлдээ босгосоор иржээ. Орчин үеийн улстөрчдийн хэлдгээр бараг л Шударга, шилэн, нээлттэй байдлыг нэгнээсээ шаардахаас гадна хамгийн гол нь бие биенээсээ ЭНЭРХҮЙГ хүсч байдаг мэт. Мэдээж хүний энэрэх сэтгэлд ХАЙР хамгийн том байр суурийг эзэлнэ. Яг л
Өндгийг өндгөөрөө биш
Зүрхээрээ тэмтэрвэл
Дэгдээхэй болно … гэж тэр хэзээнээс ч юм бэ? бат нот итгэсээр ирсэн шиг. Магадгүй хурууны хээгээ л түүнд хүргэчихвэл хэзээ ч ээж нь буцаж ирэхгүй байх гэсэн айдсыг түүнд төрүүлж, энгэр заам хавиар нь халуу дүүгүүлдэг байх. Элгэн чулуу газраас авбал эсвэл газар зурвал Ээжгүй болчих юм шиг айдас төрдөг байсан зарим ХҮН-ий бага нас шиг тийм гэгээн “айдас”… Ийм л сэтгэлтэй хувь хүнээс
Цас орж гэнэ ээ
Ижий минь
Намаржаандаа байгаа юмсан гэсэн мөрт урган гарна шүү дээ. “Цас орж гэнэ …” гэдгийг итгэж явдаг нэгнээсээ дуулсан дуруйдаа намаржаанаасаа нүүж амжаагүй байгаа ээжийгээ ХҮН л бодно. Хэрэв “Их цас орж гэнэ ээ” гэдгийг дуулсан бол “Намаржаандаа байгаа ижийдээ очиж явна” гэж бичих байсан нь маргаангүй… Та бүхэн үүнийг шүлэг гэнэ үү Хайку гэж мэдэмхийрнэ үү өөрсдөө мэдэцгээ. Бүр “Чөдрийн гурвалжин”, “Чандмань хэлхээ” … ер нь юу ч гэсэн болно. Хамгийн гол нь энэ бүхэн түүний Алаг хорвоогийн найранд “амьд салгалаад” байгаагийн үндсэн шалтгаан гэж бодож явахад надад сайхан байдаг юм. Би найзыгаа хэнээс ч дутуугүй гадарлана л даа… ХҮН ийм л байдаг гэж зарим нэгийг түүнтэй дүйцүүлэн гомдоож алдаа гаргадаг үе цөөнгүй байсан ч цаагуураа сэтгэлд нэг л өег байдаг. Тийм цөөн хэдхэн өгөгдөл бараг л хүн бүрт байдаг шүү дээ.
Ганц ангиртай нуур
Ганц ч ангиргүй болоход
Гадаа хоосон. …Бас л маш цөөн ХҮН-д төрөх л “айдас”. Ангир яана даа… нуур яана даа… магадгүй намаржаандаа байгаа ижийг өглөө гараад харахад гадаа бүх зүйл хоосон мэт санагдвал яана аа… Ганцаардсан ээж хамгийн түрүүнд хүүгээ л санаж бэтгэрэнэ дээ… Нээрээ тэр нууранд ганц ангир үлдсэн үлдээгүй нь түүнд яагаад тийм чухал юм бол оо… Яана аа би юуг нь мэдэхгүй байж баахан таамаглачихлаа. Магадгүй энэ бүхэн зарим талаараа маш олон ХҮН-ээ байсан шүлэгчдэд ердөө л Хүүхдийн баймаар санаа төдийхөн бодогдож болох юм. Гэхдээ л ангиртай байсан нуурыг ангиргүй болохыг төсөөлөөд чамайг ямар нэгэн зүйлээс “айсан” гэж бодохоор надад үнэхээр сайхан байдаг. Би найзыгаа хэнээс ч дутуугүй гадарлана л даа… ХҮН ийм л байж гэмээнэ тулсан сайн жишээ, гайхагдахаар мөртүүд биш юм аа гэхэд юунд ч хор хийхгүй, хэнд ч гэм болохгүй шүлгүүд биччихээд өөрийнхөөрөө жиргэх учиртай даа гэсэн шинэ итгэлийг чиний номыг уншиж дуусгаад төрсөн шүү. Ийм учраас би “Хүн сайтай хүн муу шүлэг бичдэггүй” гэдэг үгэнд улам илүүтэй итгэдэг болж байна. Хэн нэгэн үгүйсгэвэл өөдөөс нь “маргана”…
Үнэндээ хэн нэгэнд ердөө “Хүүхдийн санаа төдийхөн…” санагдаж магадгүй тухай зүгээр ч нэг дурсаагүй юм аа. Бодит байдал дээр Хүүхдийн баймаар санаа ихэнх талаараа өнөө цагийн утга зохиолыг улам үнэ цэнэтэй болгон хувиргадаг мэт санагддаг. (Мэдээж баримтаа хаана ашиглахаас бүх зүйл хамаарна) Гол нь хүүхэд өөрөө амьдралыг тэтгэх үндэс, хиргүй тунгалаг сэтгэл энээ тэр гэж дэмий хуцахаа хойш тавъя… Адаглаад л бидний хамгийн сайн мэдэх…
Аав ээж хоёрын
Авч ирсэн тоглоом бий шүү…-гээс эхлээд яг одоо санаанд орж байгаа яруу найрагч Т.Дарханхөвсгөлийн…
…Аавдаа ирэх гэж яарсан анхны түлхэлтээс чинь болоод
Айсандаа ээж чинь уйлах шахаж
Аавыг нь зөндөө их загнасан шүү… (Охиндоо) хүртэл сэтгэлийн шидэт саваа, бидний амьдралын Хүн байх нууц оршиж байдаг мэт бодогдоно. Үгүйдээ л хүү, охиндоо хамгийн хайртай тоглоомыг нь аав ээж хоёр хамтдаа өгч өгсөн байвал, тийм биш байсан ч эхнэр бид хоёрыг үгүй бол та хоёрыг ингэж тэнцүү бодож өсвөл “гоё” шүү дээ… Энэ бүхний цаана энгийндээ ХҮН байх тухай ойлголт бий. Бүр цаашлаад ХҮН-ээс Энэрхүйн шүлэг төрөх тухай ойлголт ч бас байна… Энэ хүрээд би
Буурал уулсын орой тэгшхэн
Будан ороолдсоор ширээ шиг болсон
Буурал өвгөдийн үг нь үнэн
Буян ороолсоор сүм шиг болсон… гэж бодож явдаг л шинэ цагийн монгол ХҮН-ий “Салхи дуудан жиргэлээ” номын тухай сэтгэгдэлийнхээ сүүлийн “хуудсыг” хааж байна.
Би Лувсанцэрэнгийн Цэрэнжаргал найзыгаа хэнээс ч дутуугүй гадарлана л даа… “Шар хадны гудамж” шүлгийг чинь найрал дуу шиг шахам унших явцдаа юүлсэн шил лаазны эргэн тойрон дахь паян энд огт хамаагүй… Ирэх он жилүүдэд хөдөө хотын хаана ч хамаагүй салхи татуулан давхих, магадгүй салхи дуудан жиргэх олон жилийн төлөвлөгөө ч энд падгүй… Зөвхөн чи бидний л орон зай шүү дээ найз минь. Чи ойлгодог л доо.
Харин би ирэх он жилүүдэд ХҮН-ийнх нь хувьд таалж явдаг та хэдэн цөөн нөхрийнхөө дэргэд яаж шуухан ХҮН шиг амьд явна даа…
Д.ГАНБААТАР
бичвэр нарын зураг байж магад
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж