Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой Үндэсний номын баяр тавдугаар сарын 26-нд эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ өдгөө 33 дахь удаагаа болж буй.
“Илүү их уншъя” уриан дор болж буй Үндэсний номын баяраар олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна.
Тухайлбал, номын фенүүдийн уулзалт, “Номын баяр-бидний аялал” автобустай аялал, асуулт хариултын тэмцээн, орон нутагт ном хандивлах аян, яруу найргийн уншлага, сонгуулийн боловсрол, хэлний сургалтын танилцуулга, модон урлалын худалдаа зэрэг үйл ажиллагаанууд болж байв. Түүнчлэн номын баярын судалгаанд оролцож, “Онцлох номууд”, “Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалт”, “Зүрхээ уншуулаарай” зэрэг хөтчөөс мэдээлэл авч, номын хавчуургын үзэсгэлэнг үзэж, хямдралтай номуудаас худалдан авах боломжтой аж.
Энэ жилийн хувьд илүү хүлээлттэй, өргөн дэлгэр болж байгаа талаар хүмүүс ярьж байлаа.
Уртаас урт цуваа үүсэж, ар араасаа оочероо хүлээн зогсох хүмүүс харагдана. Хааяадаа нэг хүмүүсийн дундуур шургаж ямар нэгэн ном хайх хүмүүс цөөнгүй. Бусад асраас илүү хүн цугласан асрыг сонирхвол “Альфа” номын дэлгүүрийн асар байв.
Зохион байгуулж буй хүнээс мэдээлэл авах гэсэн боловч хүмүүсийн бужигнаан дунд яриа өгөх сөхөөтэй ч хүн байсангүй. Энд тэндээс номын үнэ, урамшууллын талаар асууцгаана. “Альфа” номын дэлгүүрээс 20 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийх тохиолдолд хүрд эргүүлэн бэлэг авах боломжтой аж.
Мөн фэйсбүүк хуудас дахь цахим хаягийн “Top fan”-үүддээ зориулан бэлэг бэлдсэн гэлээ. “Уншигчдаа дэмжиж маш олон урамшууллыг үзүүлдэг учраас энэ газраар үйлчлүүлэх дуртай. Хааяадаа олон урамшуулал бэлэг аваад санаа зовдог” талаараа тус номын дэлгүүрийн хэрэглэгчид ярьж байв.
Жил бүрийн номын баяраар “Nepko publishing”, “internom bookstore”, “Аз хур номын их дэлгүүр”, “Alpha bookstore” зэрэг номын дэлгүүрүүд хүн хөдөлгөөн ихтэй байдаг. Энэ жилийн хувьд ч мөн адил. Мөн хуучин номын хэсгээр хүмүүс цөөнгүй үйлчлүүлдэг. Хуучин номын худалдаагаар сайн эргэлдвэл “эрээд эрээд олохгүй эрдэнэ” мэт номоо олох нь ч бий. “Гадуур олддоггүй хуучны гоё номуудыг эндээс олох боломжтой. Мөн үнийн хувьд бусад газраас хямд. Тийм ч учраас дуртай номоо ч олно. Мөнгөө ч хэмнэнэ” гэж зохиолч Д.Нямсүрэнгийн “Ирж буй цаг” номыг барин зогсох эрэгтэй хэллээ.
Номын баярын нэг онцлог нь дан ном худалдаалах бус иргэдэд мэдээлэл өгөх, сонирхолтой зүйлсийг туршиж үзэх зэрэг асрууд багагүй байрладаг.
Үүний нэг болох “Сонгуулийн боловсрол” гэх хаягтай асар анхаарал татаж байв. Тус асрын баруун талд санал авах байрын жишиг загварын асар байрлана. Энэхүү асарт хүмүүс яг сонгууль өгч байгаа мэт орчинд, сонгуулийн хуудас бөглөж санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа уншуулах боломжтой аж.
Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн төлөөлөгч З.Бадмаараг:
-1992 оноос хойш болсон бүх сонгуультай холбоотой дүн, статистик мэдээллийг баар кодтой болгон цахимд байршуулж дата мэдээллийн нэгдсэн сан үүсгэсэн. Иргэд бүхий л цаг үед мэдээллийг www.m-election.mn хуудсаар авах боломжтой. Мөн санал авах байрын жишиг асрыг байршуулснаар сонгогчид мэдлэг мэдээлэлтэй сонгуульд оролцохын ач холбогдол, санал өгөхдөө гаргадаг нийтлэг алдаа, эрх зүйн боломж бололцоог бодитоор харах боломжтой болж байна.
Иргэд зөвхөн сонгууль дөхөхөөр л энэ асуудлыг ярьдаг биш байнга мэдлэг мэдээлэлтэй байж, тодорхой хэмжээний эрх, үүргээ мэддэг байх хэрэгтэй. Сонгуульд оролцох нь маш чухал таны ирээдүй танаас шалтгаална гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэхүү үйл ажиллагаанд анх удаа сонгууль өгөх залуус ихээхэн сонирхон ирж байна. Залуус ч гэлтгүй бүх хүн эрх зүйн тодорхой мэдлэгтэй байснаар сонгогдсон хүмүүст ч шаардлагаа тавьж чаддаг болно гэсэн юм.
Номын баярт ирээд ном авахаас гадна олон урамшуулал, үйл ажиллагаанд оролцож “нэг сумаар хоёр туулай буудах” боломжтой байдаг. Номын баяр нь ганц номтой холбоотой хүмүүсийн цугларалт гэхээсээ нийт контент бүтээгчдийн чуулга болон өргөжин хөгжиж байгаа юм. Харин уншигчид төрөл бүрийн номуудыг хямдралтай үнээр худалдан авахын сацуу уншдаг хүндэлдэг зохиогчидтойгоо уулзаж, санал сэтгэгдлээ хэлэх боломжтой байдаг.
“Энэ жилийн номын баяраар бага насандаа очсон юм шиг мэдрэмж төрж байгаагаар онцлог санагдаж байна. Жил болгон номын баярыг тэсэн ядан хүлээн оролцдог. Хямдрал заралдаг нь илүү боломж нээж өгдөг юм шиг санагддаг. Авахыг хүссэн номуудаа нэг дороос авах боломжтой болдог. Олон газраар хайгаад явахгүй амар. Бас гурван өдрийн турш болдог нь таалагддаг. Завгүй үедээ аль нэг өдөрт нь ирээд оролцох боломжтой” гэж худалдан авагч Р.Мөнгөнчимэг ярьлаа.
Монголын хувьд 2007 оноос эхлэн хаврын улиралд “UB Book Fair”, намартаа “Үндэсний номын баярын өдөр”-үүдийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Олон асуулт, эргэлзээг дагуулсаар анхны жилдээ 20 орчим номын зохиогч, байгууллагын бүрэлдэхүүнтэй эхэлж байсан уг арга хэмжээ номд хайртай хэн бүхний талархлыг хүлээн, жил бүр цар хүрээгээ тэлж ирэв. Энэ өргөжилтөд 2012 онд гарсан “Номын баярын өдөр”-тэй болох ерөнхийлөгчийн зарлиг ч хөшүүрэг болсон юм. Ийнхүү тогтмол зохиогдож буй номын баяр нь иргэдийг соён гэгээрүүлж, номын зах зээлийг тэлэхэд чухал ач холбогдолтой байна.
Э.Хулан
Холбоотой мэдээ