Үндэсний үйлдвэрлэгч Монцемент Билдинг Материалс ХХК “New Work Summit: Good Workplace Awards 2023” үйл ажиллагааны “Good workplace for Family support” буюу Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч байгууллагаар хоёр дахь удаагаа шалгарлаа. Монполимет Группийн хувьд байгууллагын хамгийн үнэт зүйл бол ажилтнууд хэмээн тодорхойлдог бөгөөд ажилтнуудаа болон тэдний гэр бүлийг дэмжих чиглэлээр үр дүнтэй бодлого баримталж, хэрэгжүүлж ирсэн. Тус группийн салбар компаниудын нэг Монцемент Билдинг Материалс ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа л монгол залуусыг эх орондоо гэр бүлээрээ тав тухтай, өрсөлдөхүйц цалин урамшуулал, ажиллах нөхцөлөөр хангахын сацуу амьдрах орчныг нь бүрдүүлж өгсөн. Дорноговь аймгийн Өргөн сум дахь Монцемент үйлдвэрийн ажилтнууд, гэр бүлүүд “Шинэ Өргөн” хороололдоо амьдарч, хүүхдүүд нь зөвхөн тэдэнд зориулан нээсэн Өдөр өнжүүлэх төвд сурч, хүмүүжиж байгаа юм. Залуу гэр бүл, инженер техникийн ажилтнууд эрүүл агаарт, түгжрэл стрессгүй орон нутагт гэр бүлээрээ ажилтай, орлоготой, үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд санаа зовохгүйгээр амьдарч болдог жишгийг Монцементийнхэн үлгэрлэн харуулж байгаа юм. Мөн ажлын цагийн уян хатан нөхцөл, цахимаар ажиллах зэрэг ажлын байрны давуу талуудыг бий болгож ажилтнуудаа бүх талаар нь дэмжиж байдаг. Хүндээ ээлтэй менежмент нь бизнесүүдийн өсөлт хөгжил, цаашилбал улс орны эдийн засгийн хөгжил, тогтвортой хөгжлийн түлхүүр хүчин зүйл.
Тэр ч утгаараа Хүний нөөцийн цогц платформ болох "Nito" нь ажилтнуудынхаа карьер, эрүүл мэнд, гэр бүл, сэтгэл ханамж, цалин урамшуулал, ажиллах нөхцөл орчин, соёл, ажил амьдралын тэнцвэрт байдалд чиглэсэн ямар үр дүнтэй бодлого санаачлага хэрэгжүүлсэн зэрэг орчин үеийн гол шалгууруудыг үндэслэн шилдэг ажил олгогчдыг тодруулсан гэдгийг шүүгчид нь хэлж байлаа. Ингээд Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч байгууллагаар Монцемент Билдинг Материалс ХХК хоёр дахь удаагаа шалгарч шагналыг тайзнаа Монполимет Группийн Үйл ажиллагааны захирал Б.Дэлгэр, Монцемент Өргөн үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн менежер Б.Болд-Эрдэнэ, Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Хүний нөөцийн менежер О.Цэвээнгэрэл нар гарч гардан авлаа.
Энэ үеэр Монполимет Группийн Үйл ажиллагааны захирал Б.Дэлгэр хэлэхдээ, "Манай байгууллага хоёр дахь удаагаа гэр бүлд ээлтэй шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа. Ажил бол хүний хоёр дахь гэр бүл байдаг. Тийм учраас манай компани ажилчдынхаа ая тухай орчинд ажиллах, амьдрах орчныг цогцоор нь шийдэж өгөхийг анхнаасаа зорьсон. Манай компанийн онцлог бол Улаанбаатар хотоос 550 км зайтай хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас ажиллах хүч, хүний нөөцөө тогтвортой байлгаж, ажлын байраа тогтвортой хадгалахын тулд шинэ сууришлын бүсийг байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажилчиддаа зориулж 200 гаруй айлын орон сууц барьж байгуулаад байна. Мөн үйлдвэрийнхээ хажууд ажилчидынхаа хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх төв ажиллуулж байна. Хамгийн гол онцлог бол ээлжийн системээр ажилладаг гол ялгарал бол тухайн ажилтан ганцаараа үйлдвэрт ажиллахаас илүү гэр бүлийн хүнийг нь боломжит ажлын байранд авч ажиллуулдаг нь бидний бас нэг давуу тал юм. Үүний үр дүнд манай байгууллагын хамт олон ажиллагсад ар гэртээ ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй идэвхитэй, бүтээмжтэй ажиллаж, гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаараа онцлогтой. Түүнчлэн төвлөрөлийг сааруулах бодлого улсын хэмжээнд яригдаж байгаа энэ үед хувийн хэвшил өөрсдийн санаачилгаараа нийслэл Улаанбаатар хотоос 550 км цаана сууришлийн бүс бий болгож байгаагаараа онцлог. Дорноговь аймгийн Өргөн сум 500 орчим оршин суугчтай байсан бол өнөөдөр 3000 орчим оршин суугчтай болтлоо өргөжөөд байна. Түүнчлэн бид эх орондоо үнэ цэнтэй инженер техникийн ажилчдыг бэлтгэж байна. Заавал гадаадын их дээд сургуульд очиж суралцахаас илүү өндөр мэргэшил бүхий гадаадын инженер техникийн экспертүүдийг үйлдвэр дээрээ авч ирж ажиллуулснаараа манай үйлдвэрийн ажилчид олон улсад үнэлэгдэхүйц, хүлээн зөвшөөрөгдсөн, "WHR" системийг ажиллуулах болоод бусад техникүүдийг ажиллуулах мэдлэг, дадлыг олж дараагийн үедээ нутагшуулах ийм боломжуудыг бий болгож байгаа нь хамгийн том давуу тал юм гэдгийг тодотгож байлаа.
Монцемент Өргөн үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн менежер Б.Болд-Эрдэнэ, миний хувьд их сургуулиа төгсөөд өөрийн нарийн мэргэжлээрээ ажиллах, ажил дээрээ сурч, өсч хөгжих нь маш чухал байсан. Ингээд компаниа сонгоод хөдөө ажиллахаар явахад гэр бүлээ хотод үлдээх шаардлага тулгарч байсахн. Гэтэл Монцемент үйлдвэрийн хувьд энэ асууплыг шийдэж гэр бүлээрээ хамтдаа ажиллаж, амьдрах боломжоор хангаж өгсөнд маш их баяртай байдаг. Бид хоёр хамтдаа хөгжиж, хамтдаа ажиллаж, үр хүүхэд маань эрүүл, аюулгүй орчинд сурч боловсорч байгаа нь маш сайхан санагддаг. Хэдийгээр хөдөө ажиллаж амьдарч байгаа ч хот суурин газраас ялаагүй халуун, хүйтэн устай, цэвэр тохилог орон сууцанд амьдарч, чөлөөт цагаараа фитнессээр хичээллэх, спортоор хичээллэх боломжоор хангасан нь ажиллах, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тийм учраас өнөөдөр Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч байгууллагаар хоёр дахь удаагаа шалгарсан явдалд маш их баяртай байна гэв.