“Москвагийн төслүүд”: Х.Баттулга ба Б.Цэгмид

Хуучирсан мэдээ: 2023.05.26-нд нийтлэгдсэн

“Москвагийн төслүүд”: Х.Баттулга ба Б.Цэгмид

“Москвагийн төслүүд”: Х.Баттулга ба Б.Цэгмид

Ийм нэгэн явдал болсон юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах даалгаврыг М.Энхсайханд өгөв. М.Энхсайхан олон улсын нээлттэй тендер зарлаж, стратегийн хөрөнгө оруулагчаар Монголын “Энержи ресурс”,  Хятадын “Шинхуа”,  Японы “Сүмитомо” нарыг тодрууллаа.

Тавантолгой дээр ажиллах хөрөнгө оруулагчид хойд хөршид мэдээж таалагдсангүй, оросуудын үгийг дамжуулсан “Монос”-ын Л.Эрдэнэчимэг “Хөндлөн чиглэлийн төмөр зам байхгүй, зөвхөн урагшаа гарцтай төмөр зам бариулахаар Тавантолгойн сонгон шалгаруулалт хийсэн нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монголд айлчлах үеэр хийгдсэн яриа хэлэлцээрээс эсрэг байдалтай сонгон шалгаруулалт явагдлаа” гэж “бослого” гаргав. Ингээд З.Энхболдын захирамжаар УИХ-ын 40 гишүүний бүрэлдэхүүнтэй Тавантолгойн гэрээний төсөл хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Л.Эрдэнэчимэгийг томилсон байдаг. Удалгүй, Тавантолгойн төслийг гацаасандаа Л.Эрдэнэчимэг баярлаж,  та бидний төлөө авч үлдээснээ З.Энхболд сайрхаж, энэ бүгдийн эцэст нь  “Эрдэнэс Тавантолгой” дээр МАН+Ж-ууд хэрхэн найрласныг илтгэх тоо нь 40 их наядаар тоологдов.

1.

М.Энхсайханы боловсруулж, З.Энхболд, Женко.Баттулга хоёрын гацаасан гэрээний төсөлд стратегийн хөрөнгө оруулагчид нүүрс боловсруулах үйлдвэр болон төмөр зам барих, мөн экспортод гаргах нүүрсний 75 хувийг БНХАУ-ын зах зээлд, 25 хувийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг Зүүн Азийн орнуудад зарах үүрэг  хүлээхээс гадна 30 жилийн дараа Монголд буцааж өгөх, бүтээгдэхүүнээс нь 5-8 хувийн рояльти  авах нөхцлийг тусгасан байв. Шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар. Шууд бусдыг нь тооцоход хэцүү, эдийн засагт орж ирэх ёстой байсан 80 их наяд төгрөг салхинд хийссэнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг бус удаа олон нийтэд хаягласан үгэндээ онцолсон.

Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал олгосон, эдийн засгийн терроризм үйлдсэн гэж прокуророос М.Энхсайханд ял тулгав. Мэдээж шүүхэд ямар л баримт нотолгоо олдох билээ, эрхбиш номыг уншсан юм болохоороо үзэглээгүй гэрээгээр М.Энхсайханыг яллавал Монголын хуулийн салбарт үзэгдээгүй юм болно гэдгийг гадарлахтайгаа биз. Гэвч ордноос өгсөн даалгаврыг зөрчиж болохгүй тул  лифтний шүүгчид түүнд төрийн мөнгөөр хямд машин авсан гэж буруутан 4 жил, 6 сарын ял оноосон юм.. Тэр жишгээр БЗС-г тоносон МАН-ынхан, Хөгжлийн банк, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг хаана төвлөрсөн их мөнгө байна, тэр болгоныг луйвардсан хэрэгт нэр холбогдоод байгаа экс Ерөнхийлөгч Х.Баттулга лавтайяа 10-аас дээш жилийн ял авахаар гэм нүгэл үйлджээ. Гэвч, “үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр” Ардын намынхан нь айдаг ч юм уу, АТГ нь эмээдэг ч юм уу Х.Баттулгын үйлдсэн гэм бурууг нь тогтоож чадах мөрдөгч, прокурор, шүүгч Монголд даанч алга.

Жишээ нь, Женко.Баттулга Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 32.2 тэрбумыг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  23 тэрбумыг аваад идчихсэн. 200 сая ам.долларыг овоолсон шороо болгож,  аж үйлдвэрийн парк барина гээд 14 тэрбумыг “алга” болгосон. Гэх мэтчилэн түүний тоносон, хулгайлсан, дээрэмдсэн хөрөнгөний дэргэд БЗС-гийн хулгай бол “чепуха”.

2.

Анх хувийн хэвшлийнхэн барихаар ТЭЗҮ-г нь боловсруулсан төмөр замын төслийг төр хариуцахаар болж,  2013 онд Чингис бондын мөнгөнөөс 200 сая ам.долларын санхүүжилт авсан байдаг. Төслийг гардан хариуцаж байсан хүн нь Зам тээврийн сайд асан А.Гансүх.

Х.Баттулгын Ерөнхийлөгч байхад ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж асан түүнийг Төрийн ордны гурван давхраас шүүгч, прокуроруудад ял захиалдаг гол нөхөр гэдэг.  А.Гансүхийг төмөр замын хэргээ наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган хавтаст хэргийг нь шүүхэд шилжүүлсэн. Шүүх түүний хэргийг үнээ, гахай алийг нь болгосныг мэдэхгүй, ямар ч байсан хоригдлоо, цагаадлаа гэх мэдээлэл цацагдаагүйг бодоход хэн нэгэн шүүгчийн ширээнд мань эрийн хавтас хэрэг нь цоожтой хэвтэж буй лавтай.

А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам барих Ерөнхий туслан гүйцэтгэгч шалгаруулах тендерийг зарлалгүй, БНСУ-ын “Самсунг С&Т” компанийг шууд сонгосон нь хууль зөрчсөн байдаг. Үүний дараа Монголын хэвлэл мэдээллээр Х.Баттулгын болон түүний хамаарал бүхий хүмүүсийн дансаар төмөр замын мөнгө угаагдсан болзошгүй гэх мэдээлэл цацагдаж, ЦЕГ-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлсэн ч Ерөнхийлөгч болсных нь  дараа энэ хэрэг хаагдаж, "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлийг Монголын шүүхээс 40-хөн сая төгрөгөөр торгосон болоод нутаг буцаалаа.

УИХ-аар Төмөр замын бодлогоо тодорхойлж, Засгийн газар Шинэ төмөр замын төслүүдээ зарласан цагаас Монголын эрх ашгийн эсрэг "Москвагийн төсөл" хэрэгжиж эхэлсэн. Үр дагаварт нь Х.Баттулгын төрийн нууцад авч байгаад барьсан төмөр замууд нь мухар, эдийн засгийн эргэлтэд оруулах ямар ч боломжгүйд хүрсэн юм. Энэ бол жинхэнээсээ бусдад давуу байдал үүсгэсэн, эдийн засгийн террорист гэмт хэрэг мөн үү гэвэл мөн.

3.

Францын ерөнхийлөгч Э.Макрон Монголд айлчлаад буцсаны маргааш төв талбай дээрээс уран эсэргүүцэгчид энэ хаврын ээлжит улстөржилтөө эхлүүлэв.  "Францын Элчин сайдын яамыг Монголын нутаг дэвсгэрээс хөөхдөө ОХУ-аас тусламж гуйна” гэх иргэн Б.Цэгмидийн үг үнэндээ Мовквагийн хүсэл бас төсөл биз.  Монголын эрчим хүчний төслүүдийг нураах сонирхол Москвад үеийн үед байсаар ирсэн, нураасаар ирсэн. Багануур, Тавантолгой, Эг, Эрдэнэбүрэн гээд эрчим хүчний төслүүдийг зогсоох Москвагийн төслүүд амжилттай хэрэгжсэн.

Өмнө нь Х.Баттулгаар дамжуулж, Монголын төмөр замын төслүүдийг нь нураасан. Өдгөө Б.Цэгмидээр эрчим хүчний төслүүдийг унагаах зорилгоо ийнхүү оросууд ил цагаан зарлаж  эхэллээ. Нэг ёсондоо Б.Цэгмид "эзнээ" барьж өгсөн юм биш, эзэд нь өөрөө ил гарч ирэхийг хүссэн хэрэг.
С.Баярын Засгийн газраар Канадын "Хан ресурс"-ийг хөөлгөсөн шигээ Монголоос "Орона"-хөөх хүсэл Москвад бий нь нэн ойлгомжтой. Монгол эрчим хүчний импортлогчоос экспортлогч орон болох нь оросуудад огтоос ашиггүй.  Тэгэхээр Женко.Баттулга, Б.Цэгмид гэх “эх орончид”-оор нь дамжуулан Москва бодлогоо Монголд хэрэгжүүлсээр ирсэн. "Москвагийн төслүүд"-ийн үг, үйлдлийн эсрэг зүгт явах нь үндсэндээ Монголын эрх ашиг болчхоод байна. “Москвагийн төслүүд” гэснээс монголчууд хээрийн боохойтой нийлсэн гэрийн ноход илүү аюултай гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж